“Гамшгийн аюулыг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар бага хурал”-д оролцож байна
2014.06.27

“Гамшгийн аюулыг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар бага хурал”-д оролцож байна

2015-2025 онд “Хёогогийн үйл ажиллагааны хүрээ” дэлхийн хөтөлбөрийг эцэслэн боловсруулах зорилгоор Тайландын Вант улсын Бангкок хотноо 2014 оны 06 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Гамшгийн аюулыг бууруулах Азийн сайд нарын 6 дугаар бага хурал”-д Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж оролцож байна.

Тус бага хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах онц бүрэн эрхт төлөөлөгч, хатагтай Маргаретта Уолстром, БНХАУ-ын Иргэний хэргийн сайд, ноён Ли Шүэ Жу, Бүгд Найрамдах Киргиз улсын Онцгой байдлын сайд нарын Азийн 20 гаруй улсын 3000 орчим зочид, төлөөлөгч, мөн цахимаар 12000 орчим хүн холбогдон оролцож байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж хурлын индэрээс “Монгол Улсын Засгийн газраас Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг үндэсний Гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид тогтвортой хөгжлийг хангах зорилтын хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж, холбогдох төрийн байгууллагуудын гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа дахин нотлон илэрхийлж байна” хэмээн онцлон хэлсэн юм.