Ц.Баярсайхан: Аудитын газар дүгнэлтээ тодорхой гаргаагүйгээс болж буруу ойлголт төрүүлж байна
2014.06.27

Ц.Баярсайхан: Аудитын газар дүгнэлтээ тодорхой гаргаагүйгээс болж буруу ойлголт төрүүлж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2014.06.27/ хуралданаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

2013 оны төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан санал хэлсэн. Тэрбээр, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар аудит хийж, дүгнэлт гаргахдаа зарим зүйлийг ялгаж салгаж, тодорхой гаргамаар байна гээд ажлын шаардлагаар яам, агентлагийн мэргэжилтнүүд гадаад явсан зардал ганцхан сайдын гадаад явсан зардал юм шиг харагдан олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна хэмээсэн.

Тэрбээр өнгөрсөн жил ганц удаа гадаад томилолтоор явсан гэж тодотгож байлаа.

Түүнчлэн өнгөрсөн жил Улаанбаатар хотын газрын харилцаа, Өмчийн газар хоёрыг нэгтгэн Өмчийн газарт ажиллаж байсан 56 хүнийг нийлсэн байгууллага уруу шилжүүлснийг төрийн албан хаагчийн тоо 56-аар нэмэгдсэн мэтээр ташаа мэдээлэл гараад байгаа нь зүйд нийцэхгүй байгааг онцолсон юм.

Гишүүд ийнхүү хэлэлцээд 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах нь зүйтэй хэмээн үзэж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо