2014.06.30

Наадмаар тав хоног амрахыг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох долоодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг.

Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг асуудлыг чуулганы үдээс хойших хуралдаанаар хэлэлцэх юм.