Бат-Эрдэнэ.Б 2014.07.01 | Сайт: News.mn

Ашигт малтмалын хуульд саналаа өгөхгүй байхыг уриалав

Ашигт малтмалын хуульд саналаа өгөхгүй байхыг уриалав
Гишүүн Б.Бат-Эрдэнэ

Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж байгаа энэ үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцохоос татгалзахыг гишүүн Б.Бат-Эрдэнэ уриаллаа.

Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу санал хураалтад оролцохгүй байхыг УИХ-ын дарга ч чуулганы хуралдааны үеэр гишүүдэд сануулах ёстой гэж тэрээр үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь хайгуулын тусгай зөвшөөрлийг нээх, стратегийн ач холбогдолтой ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах, "Урт нэртэй" хуулийг хүчингүй болгох зорилго агуулсан гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдэгдлээ.

Үүгээр зогсохгүй энэхүү хуулийн төсөл эрх баригч намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаас зөрсөн, УИХ-ын тогтоолоор батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс ухарсан байна гэж дүгнэжээ. Тиймээс эрх баригчид хаврын чуулган өндөрлөх эгзэгтэй мөчид, баяр наадмын өмнө, олон нийтийн анхаарал өөр зүгт хандсан үед энэ хуулийг хүч түрэн батлуулахаар зүтгэж байна гэв.

Энэ хуулийн төслөөр санал дүгнэлт боловсруулах УИХ-аас байгуулсан ажлын хэсгээс МАН-ын бүлгийн Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Дэмбэрэл, бие даагч Х.Болорчулуун, “Шударга ёс” эвслийн Г.Уянга нарын гишүүдийг хассан аж. Учир нь эдгээр гишүүн ажлын хэсгийн хуралдаан дээр санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм байна.

Энэ хувьцааг ашигт малтмал дээр хэрэглэж байсан түүх дэлхийд байхгүй.

Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл нарын саналаар нэлээд ноцтой заалтууд тусгаад байгаа гэнэ. Тухайлбал,  "...Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ордын эдийн засгийн үр өгөөж болон ашгийн төвшинг харгалзан 34 хүртэл хувиар тогтоох эсвэл алтан хувьцаа эзэмшиж болно" гэсэн заалт юм байна. Мөн "...нөхөн олговроо төлөөгүй бол ашигт малтмал ашиглаж болно" гэсэн заалтыг нэмж оруулж иржээ. Б.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг тайлбарлахдаа "Стратегийн ордууд дахь төрийн оролцоог 50-иас дээш хувьд хүргэх нь байтугай бүр 34 хувь ч үгүй болгож, алтан хувьцаа гэдгээр орлуулах санаархал агуулсан" гэв.

 Алтан хувьцаа гэж төр зайлшгүй явуулах зарим үйлчилгээнд хэрэглэдэг, ногдол ашиг авдаггүй, тухайн компанийн үнэ тариф тогтоох, өөрчлөн байгуулагдах шийдвэрт хориг тавих хүчин чадал бүхий хувьцааг хэлдэг аж.

Энэ хувьцааг ашигт малтмал дээр хэрэглэж байсан түүх дэлхийд байхгүй.

Анх Англид архины үйлдвэрүүдэд хэрэглэж байж. Төрийн үйлчилгээнд хэрэглэдэг зүйлийг ингэж ашигт малтмалын салбарт оруулж ирэх нь буруу. Энэ нь төр болон ард түмэнд ямар ч ашиггүй. Тухайн ашигт малтмалыг ашиглаж байгаа гадныхан болон компанид ашиг тустай ийм хувьцааг шинээр туршилт маягаар оруулж ирсэн.

Нөхөн олговроо төлөөгүй бол ашигт малтмалыг үргэлжлүүлэн ашиглана гэж хуульчлах нь тухайн компанид нөхөн олговроо төлөхгүй байх сонирхлыг бий болгоно. Тиймээс энэ заалтуудыг хэрхэвч дэмжиж болохгүй гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдэгдлээ.

Тэрээр "Энэ бол эрх баригчдын башир арга. Энэ салбараас хол хөндий эмэгтэй гишүүдээр ийм санал гаргуулсан. Үнэн хэрэгтээ эрх баригчдын өөрсдийнх нь далд санаа цаана нь нуугдаж байна" гэлээ.

Уул уурхайн олборлолт эмх замбараагүй явагдсанаас болж Монгол орны эмзэг байгаль орчин бүхэлдээ өөрчлөгдөж, өвөлдөө зудтай, зундаа гантай, хавар намар нь түймэртэй он жилүүдийг өнгөрүүлж байсан.

Харин "урт нэртэй" хууль гарсны үр дүнд хур бороо элбэгшиж, байгаль орчин, мал аж ахуй, хүн зоны амьдралд эерэг үр дүн авчирсан. Эрх баригчид эх орныхоо баялаг, газар шороотой холбоотой амин чухал хуулиа хаврын чуулган завсарлахаас өмнө хүч түрж батлахаар улайрч байна. Бид хүч мөхөсдөж байна. Ийм булхайтай УИХ тарах хэрэгтэй гэж үзэж байна. Дахин ард түмнээсээ санал авч байгуулагдах цаг болжээ" гэж Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ.