Бат-Эрдэнэ.Б 2014.07.02

Б.Бат-Эрдэнэ: Төрийн оролцоо 34 хувь ч үгүй болох нь

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийлээ.

Тэрээр эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийн төсөлдөө хайгуулын тусгай зөвшөөрлийг нээх, стратегийн ач холбогдолтой ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг багасгах,

“Урт нэртэй” хуулийг хүчингүй болгох зорилго агуулсан гэж дүгнэж байгаагаа хэлсэн юм.

“Энэхүү хуулийн төсөл эрх баригч намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаас зөрж байна. УИХ-ын тогтоолоор батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөсөө мөн ухарлаа. Тиймээс эрх баригчид энэ булхайгаа хаврын чуулган өндөрлөх, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, баяр наадам дөхсөн зэрэг эгзэгтэй, олон нийтийн анхаарал өөр зүгт хандсан үед хийх гэж зүтгэж байна” гэв.

Мөн хуулийн төсөлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн МАН- ын гишүүд болон бие даагчид, “Шударга ёс” эвслийн гишүүн Г.Уянга нарыг ажлын хэсгээс хассаныг эсэргүүцэж байгаагаа хэллээ.

Ажлын хэсгээс хасагдсан гишүүд “Ордын эдийн засгийн үр өгөөж болон ашгийн төвшинг харгалзан төр 34 хүртэл хувь эзэмших, эсвэл алтан хувьцаа эзэмшиж болно” гэсэн заалт оруулсныг эсэргүүцсэн юм байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг тайлбарлахдаа “Стратегийн ордууд дахь төрийн оролцоог 50-иас дээш хувьд хүргэх нь байтугай бүр 34 хувь ч үгүй болгож, алтан хувьцаа гэдгээр орлуулах санаархал агуулсан” гэв.

Алтан хувьцаа гэдэг нь төр зайлшгүй явуулах зарим үйлчилгээнд хэрэглэдэг, ногдол ашиг авдаггүй хувьцааг хэлдэг ажээ. Энэхүү хувьцааг эзэмшигч нь тухайн компанийн үнэ тариф тогтоох, өөрчлөн байгуулах шийдвэрт хориг тавих эрхтэй байдаг юм байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд “Энэ хувьцааг ашигт малтмал дээр хэрэглэж байсан түүх дэлхийд байхгүй. Анх Англид архины үйлдвэрүүдэд хэрэглэж байсан.

Төрийн үйлчилгээнд хэрэглэдэг зүйлийг ингэж ашигт малтмалын салбарт оруулж ирэх нь буруу. Энэ нь төр болон ард түмэнд ямар ч ашиггүй. Тухайн ашигт малтмалыг ашиглаж байгаа компанид л ашиг тустай хувьцааг туршилт маягаар оруулж ирсэн” гэв.

Эцэст нь, Б.Бат-Эрдэнэ гишүүн ашигт малтмалын компанитай болон хувь эзэмшдэг, лицензтэй гишүүдэд хандан Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байхыг уриалсан юм.