Ж.Батзандан: Иргэний нийгмийн байгууллагаар хяналтыг тавиулна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
2014.07.03

Ж.Батзандан: Иргэний нийгмийн байгууллагаар хяналтыг тавиулна

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай Хяналтын хуулийн төслийн талаар ярилцав.

-Хяналтын хуулинд та ямар үүрэгтэй оролцсон бэ. Яагаад унасан хуулийн төслийг сэргээх болов?

Харамсалтай нь Засгийн газраас өргөн баригдсан ч хуулийн төсөл УИХ-аас гурван удаа буцаагдсан. Тийм учраас засгийн газрыг дахин хүлээлгүй энэ хуулийн төслийг засч залруулаад гишүүд өргөн барьсан байгаа.

Миний бие хяналтын тухай хуулинд өөрийнхөө хэд хэдэн саналыг тусгасан. Үүний нэг нь төрийн хэд хэдэн хяналтын үүргийг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх тухай заалт.

-Тэгэхээр одоогийн Мэргэжлийн хяналтын чиг үүргээс иргэний нийгэм, төрийн бус байгууллгууд хяналтын үүргийг нь хийнэ гэсэн үг үү. Тухайлбал ямар салбарт вэ?

Монгол улс бол төвлөрсөн хяналтын системтэй явж ирсэн. Тухайлбал барилгын хяналтыг монголын төр дангаараа хариуцах боломжгүй болсон гэдгээ үндсэндээ хүлээн зөвшөөрч байгаа. Социализмын үед улсын хэмжээний зуугаас гурван зуун барилга баригддаг байхад төр хяналтаа тавьж чаддаг байсан.

Гэтэл өнөөдөр иргэн хувь хүнээс эхлээд аж ахуй нэгж бүр аймаг, сум болгонд хот хөдөөгүй өндөр барилга, байшин олноор бариад эхлэхээр улсын хэмжээнд хяналт тавих 200-300 байцаагч ажлаа дийлэхээ больчихож байгаа юм.

 Тэгэхээр хяналтын чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд мэргэжлийн холбоодод шилжүүлэх хэрэгтэй. Үүнээс өөр гарц байхгүй байгаа. Энэ бол концепцийн шинжтэй томоохон өөрчлөлт болох болов уу. Энэ өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгуулж чадсан байгаа. Хэлэлцээрийн шатандаа энэ өөрчлөлтийг хамгаалах дэмжүүлэх чиглэлд ажиллана гэж бодож байгаа.

-Тухайлбал аль салбарыг иргэний нийгмийг хариуцна гэж заасан зүйл  байгаа юу?

Тухайн хяналтыг хэрэгжүүлэх захиргааны дээд шатны байгууллага хяналтын ямар чиг үүргээ мэргэжлийн холбоодод шилжүүлвэл хяналтын чанар чансаа үр дүн, үр өгөөж ямар байх вэ гэдгээс хамаараад шийдэх учиртай.

-Одоо гэхдээ эмийн бодлогоор хяналтыг мэргэжлийн хяналтаар салгахаар байгаа шүү дээ? 

Хуулийн төсөл өргөн барьсан нөхдүүдийн дунд концепцийн зөрүү байсан. Эмийн хяналттай холбоотойгоос үүдсэн. Үүнээс болж нэг удаа унасан. Цаашид ч бас ийм шинжтэй зөрүүнүүдээ арилгаад явах ёстой. Ер нь улсын их хурлаас хууль батлан гарахын тулд УИХ-ын гишүүдийн дийлэнхи олонхи нь нэг концепци дээр тохирч байж хууль батлагдан гарах учиртай.

Олон зөрүүтэй концепцитой хууль дэмжлэг авах бололцоогүй.

Олон зөрүүтэй концепцитой хууль бол дэмжлэг авах бололцоогүй. Үүнийг засгийн газар болон хууль өргөн барьж байгаа нөхдүүд ойлгох байх гэж бодож байна.

Үүнийг сайжруулахын төлөө ажиллана. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотоод хяналтын журам тогтоож ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх, байнгын хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээллийн сан бүрдүүлэхээр зааж өгсөн.

Энэ хуулиар хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр зохицуулсан.

 Хуулийн төслийг боловсруулах хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан. Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй.