Б.Бат-Эрдэнэ: Би их санаан зоргоороо хүн, унтана л гэвэл 24 цагаар ч нойрсч чаддаг
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.07.03

Б.Бат-Эрдэнэ: Би их санаан зоргоороо хүн, унтана л гэвэл 24 цагаар ч нойрсч чаддаг

“Монголын мэдээ” сонин “MGLRADIO.COM”, MGLRADIO FM 102.1 долгионы “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн сонирхолтой ярилцлагуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр уншигчиддаа хүргэж эхлээд байгаа билээ.

Энэ удаад Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Хүн болгонд хэлэх дуртай үг байдаг. Тэгвэл таны хэлэх дуртай үг?

-“Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Сайхан сэтгэлийн үзүүрт сүү”  гэдэг. Эдгээр үгсийг хэлэх дуртай даа.

-Таны сонирхол болон хобби юу вэ?

-Би байгалийн сайханд аялах сонирхолтой. Хобби гэвэл сүүлийн үед биллъярд тоглодог болоод байгаа.  Бас шатар тоглох дуртай.

-Та өөрийнхөө  дуртай болон дургүй хоолыг хэлбэл?

-Дургүй хоол байхгүй.  Дуртай хоол гэвэл гурилтай шөл. 

-Та бүр багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсч мөрөөддөг байсан бэ?

-Манай аав жолооч байсан. Тийм болохоор багаасаа л жолооч болохыг хүсч, мөрөөддөг байлаа. Би таван хүүхэдтэй айлын хамгийн отгон нь. Таван хүүхдийн хамгийн бага хоёр нь хүү юм. Ах маань бүр багаасаа машин барьж, жолоо мушгисан. Би ч гэсэн жолооч болох сонирхолтой байлаа.  Тийм болохоор хоёр хүүдээ мэргэжлээ өвлүүлье гэж аав маань боддог байсан байх. Ер нь л техниктэй их ойр өссөн дөө. 

-Согтууруулах ундааны талаар та юу гэж боддог вэ?

-Архийг хүн төрөлхтөн олон үеийн турш тохируулж хэрэглэсээр ирсэн. Тийм учраас зохистой хэрэглээ талаасаа байх л асуудал. 

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

-Би өөрийгөө их сайхан зантай гэж боддог. 

-Тэгвэл бусад хүмүүс таныг ямар зан чанартай гэж дүгнэдэг вэ?

-Бусад хүмүүс ч  намайг төвшин сайхан зантай хүн гэж ярьж байхыг нэг бус удаа сонсч байсан.

-Таны хамгийн дуртай спорт?

-Би сагсан бөмбөгт их дуртай. Гэр бүлийнхээ хүнтэй хамт сагсан бөмбөг их тоглодог. Түүнээс гадна мэдээж бөхийн спортдоо дуртай.

-Стресс гэдэг хэллэг монгол хэлний үгсийн санд ороод ирлээ. Хуучин нийгэм сайхан байхад ийм үг сонсогддоггүй байсан. Хааяа багш нар стресст орно гэж сонсогддог байлаа. Одоо хүн бүрийн амнаас энэ үг гардаг болж. Хэрвээ та стресст орвол хэрхэн тайлдаг вэ?

-Сайхан хүмүүстэй уулзаад ярилцах. Эсвэл их сайхан хүмүүсийн тухай бодоход стресс тайлагддаг юм.  Сайхан хүмүүс гэдэг тийм их увидастай. Өнөөдөр бие биеэ хайрлах, нэгэндээ итгэх, нөхөрлөх тэр сайхан андын журам цаг үеэ дагаад жаахан алсарч байна уу даа гэж боддог.

-Ямар үед стресстээд байх шиг байна?

-Өнөөгийн нийгмийн амьдралын хэмнэлээс авахуулаад олон зүйл нөлөөлөх юм. Харьцангуй тайван хүн байлаа ч гэсэн стресст орох үе байх л юм.

-Та хэзээ өөртөө хамгийн их таалагддаг вэ?

-Би чинь багш шүү дээ. Тийм болохоор зөвхөн өөрийн үүсгэн байгуулсан сургууль дээрээ лекц уншиж, хичээл заах биш энд тэнд олон залуустай уулздаг. Гадаадад амьдарч байгаа олон залуучууд намайг зориуд уриад, уламжлал, ёс заншил, түүх соёлын талаар лекц уншиж өгөөч гэдэг.  Лекцээ бэлтгэх, бэлтгэхгүй янз бүрийн байдлаар л уншдаг. Түүнийхээ дараа хүнд хэрэгтэй, зөв зүйл ярьсан байна гэж үзвэл сүүлд нь түүгээрээ их бахархдаг. Тэгж л өөртөө хамгийн их таалагддаг.

-Хэрвээ цаг хугацааг буцаадаг машин байсан бол та хэдэн он руу явах вэ?

-Аав, ээжтэйгээ байсан тэр цаг руу очих юмсан гэж юуны түрүүнд бодогдож байна. 

-Таны хувьд сургуульд суралцаж байсан он жил­үүдээс  хамгийн мартаг­даш­гүй, дурсамжтай өдөр нь хэзээ вэ. Тэр өдрийг нэг дурсвал?

-Би цэцэрлэгт явж үзээгүй. Ээж, эмээ гээд хоёр сайхан ижийгийн өвөр дээр өссөн.  Намайг сургуульд орох үед долоон настай хүүдүүдийг бэлтгэл ангид хавар авч байсан юм. Тэгэхэд л бэлтгэл ангид орж, олон үеийн хүүхэдтэй хичээл сурч, шинэ цүнх үүрч явсан үе сэтгэлээс гардаггүй. Үнэр нь хүртэл одоо ч үнэртдэг.

-Хүмүүс өөрийнхөө ирээдүйг зөгнөн харахыг их хүсдэг болж. Ямар нэгэн зөн билэгтэн, бөө дээр очиж асуудаг болчихсон. Хамгийн наад зах нь лам дээр очоод миний ноён нуруу ямар байх вэ гэж асуудаг. Тэгвэл та ямар нэг увидастай болоод, маргаашийг урьдчилан харж чаддаг болчихвол юуг нь түрүүлж харах вэ?

-Монголчууд бол их хүсэл мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй ард түмэн байх гэж би боддог. Монголын сайхан тал нутаг, зэрэглээ гээд тэр бүхэн ирээдүйн тэмүүлэл, хүсэл мөрөөдөл, эрч хүчийг бадрааж, оргилуулж байдаг. Тийм учраас монгол хүн маш их хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй ард түмэн гэж би боддог юм. Би ч гэсэн монгол хүн юм болохоор сайхан зүйлийг харах юмсан гэж бодож байна.

-Та унтахынхаа өмнө юуны тухай бодвол илүү сайхан, тайван амарч чаддаг вэ?

-Зарим хүн телевиз үздэг, зарим нь ном уншвал гэж ярьдаг. Би өдрийнхөө хийсэн ажилтай холбоотой зүйлсээ бодоод амардаг. 

-Та өдрийн хэдэн цагийг хамгийн их хүлээдэг вэ. Зарим нь өглөө болохыг, нөгөө хэсэг нь ажил тарахыг хүлээдэг гэх?

-Бусад шиг өглөө жигтэйхэн эрт босч чадахгүй ч гэсэн нар дөнгөж мандаж байхад босоод, дасгал хийгээд явахад хамгийн сайхан. Манай аав, ээж өглөө цайны галд унтаж болохгүй гээд эрт босгочихдог байсан. Ер нь л цайны галд унтаж болохгүй гэсэн зарчимтай хүмүүжсэн учраас түүнийгээ л дагадаг.  Өглөөдөө ер нь л их сэргэг байдаг шүү дээ.

-Та өөрийгөө толинд хараад юу гэж боддог вэ?

-Хүн ер нь өөрийнхөө нас нэмж байгааг тийм ч их анзаардаггүй юм байна. Өглөө болгон толинд хараад байхаар шүү дээ. Харин хоёр жилийн өмнө авахуулсан зургаа таван жилийн өмнөхтэй харьцуулахаар бас их ялгаа мэдэгддэг юм байна. 

-Таны хамгийн их аз жаргалтай байсан үе?

-Хүний амьдрал гэдэг чинь аз жаргалаар дүүрэн шүү дээ.  Хүний төрлийг олж энэ хорвоод мэндэлнэ гэдэг гайхамшигтай.  Олон сайхан дурсамжтай үе бий л дээ. Аав, ээжтэйгээ байсан хүүхэд ахуй цаг, гэр бүлээрээ сайхан аз жаргалтай байх, сургуульд орох, амжилтад хүрэх, гэр бүлтэй болох, анхныхаа үрийн зулайг үнэрлэх гээд олон сайхан зүйлийг хэлж болно.

-Та нэг сард зөвхөн өөртөө зориулаад хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна?

-Би өөртөө зориулж их бага мөнгө зарцуулах юм байна шүү дээ. Харьцангуй бага. Ордонд байхдаа үдийн хоолондоо 4-5 мянган төгрөг зарцуулж байгаа юм. Монгол хүн  юмыг барж биш мэрж гэдэг шиг хэрэглэдэг ард түмэн. Би тийм хүмүүжлээр хүмүүжсэн учраас насан туршдаа л тийм хэвшилтэй явах юм. Тийм учраас өөртөө зориулаад харьцангуй бага мөнгө хэрэглэх юм даа.

-Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нь эхэлж хардаг вэ?

-Нүд рүү нь их хардаг. Хүнтэй гар барьсан ч нүд рүү нь хардаг. Тантай ярилцаад сууж байхдаа хүртэл нүд рүү чинь харж ярьж байна шүү дээ.

-Хүн бүр л нүд рүү хардаг гэх юм.  Зарим нь нүд рүү нь хараад яах гэж байгаа, ямар зорилготой уулзаж байгааг нь мэддэг гэж байна шүү. Таны хувьд?

-За тэгж мэдэх  нь ч юу юм. Ер нь хүний нүд рүү эгцэлж хараад сайхан мэндлэх, уулзаж ярилцах гэдэг бидний сурсан монгол ухаан, хүмүүжил юм даа.

-Та юугаараа бусад хүмүүсийг өөртөө татдаг гэж боддог вэ?

-Монгол хүн өөрөө бусдыг хайрлаж элгэмсдэг, халуун сэтгэлээр ханддаг онцлогтой.  Би хүнд чин сэтгэлээсээ ханддаг учраас тэр нь бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, өөртөө татдаг болов уу гэж би боддог. Тийм л байх ёстой юм шүү гэдгийг шавь нартаа ч хэлдэг. Хүн өөрөө сэтгэлээ өгч чадах л юм бол хүний чанасан цай ч сайхан амттай болдог.

Ажил төрөл нь сайхан бүтдэг. Сэтгэл гэдэг хамгийн чухал зүйл. Чин сэтгэлээсээ хүнийг хайрлаж, бусадтай харьцах нь хамгийн чухал. Би шавь нартаа “Та нар багш, сурган хүмүүжүүлэгч болно. Шавь нартаа дуу өндөр шаардлага тавьж болно.  Гэхдээ хэзээ ч өмссөн зүүсэн, хэлбэр галбир, гарал үүслээр нь ялгаварлаж, хэл амаар доромжилж болохгүй шүү” гэж хэлдэг.

-Таны бүх зүйл санасанаар бүтсэн үед гэртээ хариад, буйдан дээрээ хэвтээд, хэдэн цаг зурагт үзэж чадах вэ?

-Би их санаан зоргоороо хүн. Унтана л гэвэл 24 цагаар ч унтаж чаддаг.  Залуу, ид барилдаж байхдаа л тийм байсан. Эхнэр гэр орноо цэвэрлээд, тоос сорогч, угаалгын машин ажиллуулаад, хүүхдүүд тог­лоомоо чирээд тоглож байсан ч  тоохгүй унтдаг л байсан. Босч хоолоо идчихээд буцаад л унтаад өгдөг байсан.

Бид тэр жил  Японд сүмогийн ДАШТ-д очсон. Б.Балжинням аварга, Ц.Баярсайхан заан  бид хэд очсон юм. Б.Балжинням бид хоёр  сайн хэвтэнэ. Ц.Баярсайхан болохоор хэвтэж чадахгүй. Бид хоёрыг дагаж жаахан хэвтэж байгаад ухасхийгээд л босоод ирнэ.  “Он жаваа сүүж цоорлоо. Би лав хэвтэж чадахгүй юм байна. Ийм сайхан хөгжилтэй оронд ирчихээд гарч юм үзье л дээ” гэж байгаа юм чинь.

-Авлига, хээл хахууль гэж байна. Таны бодлоор энэ юу вэ?

-Авлига, хээл хахууль гэдэг ойлгомжтой. Өнөөдөр Монголд баян, хоосны ялгаа асар их нэмэгдсэн. Үндэсний баялгийг цөөхөн хэдэн  хүн гартаа төвлөрүүлээд барьж байна. Өдрийнхөө хоол, хоногийнхоо амьдралыг залгуулж байгаа иргэдэд авлига гэдэг ойлголт байхгүй. Энэ бол албан тушаал, эд хөрөнгө, эрх мэдлийг дагаж байдаг зүйл.  Авч байгаа нь ч, өгч байгаа нь ч тэр эрх мэдэлтэй хүмүүс л байгаа.

Тиймээс аль аль нь больчих юм бол авлига, хээл хахууль арилах шалтгаан болно.  Нөгөө талаас, эх нь булингартай бол адаг нь булингартай. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж монголчууд хэлдэг. 

Тиймээс улстөрчид өөрсдөө ёс жудагтай, үлгэр дуурайлалтай байж чадвал өнөөдөр нийгэмд шударга ёс тогтоно. Дээрээс нь авлига, хээл хахууль, хүнд суртал арилах нэг шалтгаан болох юм. Ерөөсөө л төрийн албан хаагчид, эрх мэдэл, эд хөрөнгөнд  ойрхон байгаа хүмүүсийн дунд л энэ асуудал яригдаад байна.

Хамгийн анхны үлгэр дуурайлал эрх мэдэлтэй, цөөхөн хэдэн улстөрчдөөс эхэлсэн. Тэдний үлгэргүй, увайгүй байдлаас эхэлсэн энэ зүйл нийгэмд тархаад байна. Гэхдээ  өнөөдөр төрд шударга ажиллаж байгаа олон мянган албан хаагч байгаа. Өргөсөн тангарагтаа үнэнч, ёс жудагтай, шударга ажиллаж байгаа олон мянган хүмүүсийг хараар будаад байж болохгүй.

Харин хариуцлага алдсан хүмүүстэй хатуу тооцоо хийх хэрэгтэй.  Үүнийг арилгахын тулд ямар нэгэн байдлаар намаар ялгаварлаж хандаж болохгүй. Алагчлалгүй, тэгш шударгаар авлигатай шийдвэртэй тэмцэх хэрэгтэй. Үүнээс салахын төлөө тууштай ажиллах ёстой л гэж боддог. 

-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ?

-Сэтгэл хөдлөл тал дээр харьцангуй төвшин, нэг их хурц илэрхийлэхгүй байх  ёс зүй, уламжлал монгол хүн, монгол бөхөд шингэсэн байдаг.  Үзэгч, сонсогч, уншигчид маань сайн мэдэх байх. Би улсын наадамд олон жил барилдахдаа унаж байсан ч, давж түрүүлж байхдаа ч гэсэн аль алинд нь сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж байгаагүй.  Монгол бөхийн уламжлалаар тэр нь хаалттай байдаг болохоор би энэ ёс жаягт их сайн суралцсан гэж хэлэхэд болно.

-Та хайртай хүндээ байнга хэлж чаддаггүй, тэгсэн хэрнээ хэлчих юмсан гэж бодогддог үг байдаг уу?

-Хүнд хайрлаж явдаг олон хүн байна. Аав, ээж, ачит багш нар маань байна.  Анд нөхөд ч байгаа. Хүний амьдралын замыг ханилж туулж, жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн хань маань хамгийн хайртай хүн минь юм даа.  Энэ хүнгүйгээр би хорвоог туулахад хэцүү л гэж боддог. Хүний хань гэж тийм л байдаг юм байна.

-Хүн болгон залуу насыг дайрч өнгөрдөг. Залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэгвэл та залуу насандаа дурлалдаа шаналаад уйлж байв уу?

-Тийм зүйл байхгүй ээ. 

-Энэ хорвоод бид мөнх биш. Хэзээ нэгэн цагт нөгөө ертөнцөд очино. Нөгөө ертөнц рүү явж байтал бурхан тааралдаад чи насаараа ажил хийлээ, ямар азгүй хүн бэ. Чи насаараа ажил хийлээ ямар азтай хүн гэдэг хоёр үгийн алийг нь танд хэлэх бол?

-Чи зөв сайн амьдралыг туулсан, азтай хүн байна гэж хэлэх байх. Яагаад гэвэл би бурхны сургаалийг дагаж энэ амьдралыг туулж яваа учраас тэгж хэлэх байх гэж бодож байна.

-Таны хамгийн романтик гэж боддог дурлалын түүх. Кинон дээрээс үзсэн, эсвэл номноос уншсанаар ч юм уу?

-Хүний амьдралд олон үйл явдал тохиолддог.  Баярлах, гуних, үхэл хагацал гээд. Тийм учраас миний өдий насанд өөрийнхөө нас намбанд нийцэхээр зүйл ярих ёстой байх. Хаана ч гэсэн ярилцлага өгөхдөө шүү дээ. Настай, намбатай эр, эм хоёр хүнийг яаж дурлаж байсан энэ тэр гээд л яриад, хадуураад явчих юм. Хүмүүс ч гэсэн ярианд нь хөтлөгдөөд л явчихдаг. Ингээд ирэхээр бидний монгол ухаан, уламжлал, өвлөж ирсэн өв соёл алдагдаад байна уу гэж бид боддог.

-Та бага балчир насандаа ямар тоглоомоор тоглодог байсан бэ?

-Би шагайгаар л их тоглодог байсан. Шагай няслана, шүүрнэ, морь уралдуулна. Энэ бол монгол гэрийн хүмүүжил, нандин ухаан юм даа. Багаас нь аливаа зүйлд мэдрэмжтэй, баримжаатай ханддаг болгодог.  Шагай няслахад л хөндөж, зангаж болохгүй гээд л эхэлнэ шүү дээ. Эмээ, ээж, аав маань биднийг бүр багаас л хамт шагай тоглодог байсан. Энэ бол  гэр бүлийн хүмүүжил, үнэт зүйлийг ойлгуулах нэг том ухаан байж дээ.

-Нийгэм харьцангуй нээлттэй болсон.  Тийм учраас далд байсан зүйлүүд ил гарч эхэллээ. Хуучин ижил хүйстэн гэхээр тоотой хэдхэн хүмүүсээрээ л төлөөлүүлж мэддэг байсан.  Одоо бол ил болчихож. Та ижил хүйстэн гэгдэх хүмүүсийг хараад юу гэж боддог вэ?

-Дэлхий нийтэд энэ асуудал байдаг л зүйл. Монголд бол харьцангуй цөөн.  Өнөөдөр нийгмийн айхтар том асуудал болчихоогүй байгаа. Хүний эрхийн талаас нь ойлгож үзэлгүй яах вэ. Гэхдээ Монгол Улсын хувьд  тулгамдахаар хэмжээнд хүрээгүй гэж боддог. 

Өөр талаас нь нийгмийн сөрөг зүйлийг аваад үзвэл бас ондоо. Өнөөдөр олон түмнийг айдаст автуулж байгаа нийгмийн зөрчил, архидалт, мансууруулах бодисын хэрэглээ гээд яриад байвал олон тулгамдсан асуудал байна.

-Айл бүрт зургийн хуучин цомог гэж байдаг. Та хамгийн сүүлд хэзээ гэр бүлийнхээ зургийн цомгийг үзсэн бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд, шаардлага гараад эргүүлж үзлээ. Бидний үед орчин үеийн техник хөгжсөн үеийн хүмүүс шүү дээ. Бүр дээр үед зураг авахуулна, угаалгана гэдэг хүндрэлтэй байсан.  Тэр үеийн буюу хүүхэд насны ганц хоёр л зураг үлдсэн байна.

Харин наадамд барилдаж байх үед бол бөхийн уламжлал гээд даруу байхыг шаарддаг. Зураг авахуулахгүй, өөрийгөө магтаж, дөвийлгөхөөс  зайлсхийхийг сургамжилдаг. Тийм болохоор улсын цол  авсанаас эхлээд олон жил наадамд түрүүлж байхдаа зураг авахуулдаггүй байсан. Наадмын талбайд  зурагчин аппаратаа бариад ирэх юм бол засуулынхаа араар ордог, эсвэл буруу хараад зогсчихдог байсан.  Тийм болохоор залуу цагийн зураг их цөөхөн байдаг юм.

-Хүн болгон хүүхэд байхдаа өөрийн гэсэн баатартай, түүнээсээ үлгэр дуурайлал авдаг байсан. Тэгвэл таны баатар хэн байсан бэ?

-Намайг бага байхад одоогийнх шиг мэдээлэл, технологи хөгжсөн байсангүй.  Гэхдээ буурай ээж маань олон сайхан үлгэр ярьдаг байсан. Туульс хайлдаг олон сайхан буурлууд   байсан. Тиймдээ ч тэр үлгэрийн баатрууд шиг болохыг мөрөөддөг байсан даа. 

-Гэр бүлээс гадуурх харьцаа гэж байна. Таны бодлоор ийм харьцаа байх ёстой юу, ёсгүй юу?

-Хүмүүсийн амьдралын харилцаа. Хүний амьдрал гэдэг янз бүр байдаг  учраас хэцүү юм даа.  Бидний амьдралын хувьд би эхнэртэйгээ нэг удаа ам мурийж, муухай харж үзээгүй.  Ингэж л амьдралыг туулж байгаа хүн. Мөн охидууд маань байна. Гурван охиноо хайрлаж, энхрийлж өнөөдрийг хүрсэн.

Миний сайн гэхээсээ илүү ханийн маань сайных юм байна даа гэж боддог. Ер нь монгол үндэстэн хүчирхэг байсны гол үндэс бол монгол эр хүн нь өөрөө агуу байж.

Амьдралын бүх ачааг нуруун дээрээ үүрч чадах сэтгэлийн, биеийн тэнхээтэй байж гэж боддог. Тэр тэнхээ жаахан сулрахаар хамгийн түрүүнд тулгарсан бэрхшээлд сөхөрдөг. Үүнтэй холбоотойгоор амьдралд янз бүрийн зүйл гарч ирж байна уу даа л гэж боддог.

-Таны хамгийн үзэх дуртай телевизийн нэвтрүүлэг?

-Телевизээр гарч байгаа үндэсний нэвтрүүлгүүдээ үздэг. Мөн олон улсын “National Geographic” гэх мэт нэвтрүүлгүүдийг бас үзэх юм даа.

Хэрвээ таныг нэг өдөр эмэгтэй бол гэвэл та юу хийж үзэхийг хүсч байна?

-Огт тэгж бодож үзээгүй юм байна.

-Таны багийн хоч хэн бэ?

-Намайг Эрдэнэ л гэдэг байсан. Бат-Эрдэнэ гэдэг нэрний сүүлийн нэрээр нь дууддаг байж байгаад 8, 9 дүгээр ангид ороход эхнийхээр нь нэрлэдэг болсон. Цаг үеэ дагаад тэр үү Батка гэж нэрлэдэг байлаа. Цэрэгт ирэхэд Томоо гэж нэрлэдэг байсан.  Тухайн үед цэрэгт очсон хүүхдүүдээс арай том биетэй нь байсан юм байлгүй. Томоо л гэдэг байсан даа.

-Эрэгтэй хүний  эмэгтэйчүүдээс давуу байх тал нь юу юм бол?

-Би түрүүнд хэлсэн, эр хүн хүчирхэг байж гэмээнэ өрх гэрээ авч явна. Эмэгтэй хүнийг, үр хүүхдүүдээ  хайрлана. Би өөрийнхөө шавь нарт “Эмэгтэй хүн, ээж гэдэг жаргах л тавиланд төрсөн улс. Бид жаргаах л ёстой” гэж хэлдэг. Амьдралдаа би ийм л зарчим баримталж ирсэн, ингэж л бодож явдаг. 

Эр хүн өөрөө зовлонг үүрч байх ёстой гэж боддог. Ямар нэгэн хүндрэлтэй юм гарахад би эхнэртээ, үр хүүхэддээ хэлдэггүй. Тэднийхээ санааг зовоохгүй гэж боддог.

Эрэгтэй хүн гэдэг үүр хариуцлага үүрэх тал дээр эмэгтэйчүүдээс давуу байх ёстой. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ эхчүүд, эхнэрүүд, охидууддаа бүх хүнд ачааг үүрүүлчихээд зогсч байна. Агуу хүчирхэг үндэстэн байсан тэр уламжлалынхаа эсрэг болчихоод байгаа юм.

-Таны хамгийн унших дуртай ном?

-Бидний хүүхэд нас номтой нөхөрлөж өнгөрсөн. Байгаа бүх номоо дамжуулж уншдаг байлаа.  Одоо бол түүхийн, уламжлалын номууд миний ширээн дээр байдаг юм.

-Таны хамгийн очих дуртай газар?

-Төрсөн нутаг, Монголынхоо хөдөө байгальд очихыг хүсдэг. Гэр бүлээрээ зуны гурван сар хөдөө ахуй байгальдаа очиж амардаг.

-Амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?

-Амьдралд тийм үе их байдаг. Монгол хүн өөрөө их ичимхий болохоор тэр юм уу. Эргээд бодохоор шал дэмий зүйлд ичиж байж гэж санагдах ч үе бий. Жишээлбэл, олон улсын тэмцээнд очоод өмсч байгаа хувцаснаасаа ч юм уу, бусад улс орнуудын төвшний хэрэглэлгүй байгаадаа ичих үе байсан. Одоо бодож байхад ямар ч хэрэггүй зүйлээс ичиж байж дээ гэж боддог.

-Та болзсон газраа цагтаа ирээгүй найзыгаа хэр удаан хүлээж чадах вэ?

-Хүлээнэ шүү дээ. Өнөөдөр монголчуудыг цаг барьдаггүй, худлаа ярьдаг, хулгай хийдэг гэдэг ойлголтыг түгээгээд байна. Монголчууд бүгдээрээ энэ ухуулгад автчихсан.  Нээрээ ч бид чинь хэзээнээсээ ийм олиггүй байсан юм болов уу гэж боддог болчихож.

Гэтэл түүхэн сурвалжаа үзэх юм бол арай өөр. Хэлсэн бол түүндээ хүрдэг, болзсон бол цагтаа ирдэг, хэн нэгэнтэй найзалсан бол нөхөрлөлдөө үнэнч байдаг. Магадгүй монгол хүн шиг нөхөрлөлдөө үнэнч  үндэстэн байдаг юм уу, үгүй юм уу. Бороотой ч болзоондоо, хуртай ч хугацаандаа гэдэг биз дээ. 

-Нэг ч хүн байхгүй их том цэнгэлдэх хүрээлэнгийн голд ганцаараа зогсоод юу гэж хашгирах бол?

-Монгол хүн чин сэтгэлээсээ, их гүнээс гаргадаг хашгираан бол уухай шүү дээ. Магадгүй уухайлж мэдэх юм даа.

-Та амласандаа хүрдэг үү?

-Би амласандаа хүрдэг. Амлаагүй ч гэсэн дуулсанаа хийчих гэж боддог, түүндээ их шаналдаг зантай. Тэр бол монгол зан юм уу даа.