Жинхэнэ удирдагч хүн бусдад итгэж, зоригжуулж, тэдэнтэй хамтарч ажилладаг
Удирдлагын академийн менежментийн тэнхим эрхлэгч, Удирдахын ухааны доктор, профессор Д.Ганбаатар
2014.07.07

Жинхэнэ удирдагч хүн бусдад итгэж, зоригжуулж, тэдэнтэй хамтарч ажилладаг

Удирдлагын академийн менежментийн тэнхим эрхлэгч, Удирдахын ухааны доктор, профессор Д.Ганбаатартай төрийн өмчит компаниудын менежментийн чадавхи болон хэрхэн сайжруулах ёстой талаар ярилцлаа.

Тэрээр Төрийн байгууллагуудын менежментүүдийн чадамж судалгааны багийг ахалж байсан юм.

-Та өмнө нь төрийн байгууллагын менежментийн судалгаан дээр ажилласан. Судалгааны үр дүнгээс харахад төрийн байгууллагын менежментийг хэр байна гэж дүгнэдэг вэ?

Сонирхолтой дүн гарсан. Дээрх судалгааг Малайз, Энэтхэг улсуудад туршигдаж хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын менежментийн индекс гэсэн аргачлалаар өөрийн орны нөхцөлд тохируулж боловсруулан судалсан байгаа.

Нийт 10 бүлэг үзүүлэлтийн 100 шалгуур үзүүлэлтээр үзэхэд хувийн байгууллагын менежмент төрийнхөөс даруй 10 функтээр илүү гарсан. Энэ бол маш том ялгаа.

-Юугаараа ялгаатай гэсэн үг вэ. Та дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

Чадварлаг удирдах ажилтан байдаггүй. Төрд улс төрийн өнцгөөр харсан, мэдлэг чадваргүй хүмүүсийг томилсон байдал ажиглагдаж байгаа юм. Үүний уршиг дагавар их. Улс төржсөн байдал 22 жил туршигдаад амжилт олсонгүй.

Энэ туршилтаас монголчууд татгалзмаар байна. Түүний оронд мэргэжлийн удирдлагаар хангаж, мэргэжлийн удирдлага менежмент шаарддаг ажилд мэргэжлийн хүнийг нь томилох ёстой. Бүр энэ чиглэлээр хууль санаачилж батлуулах хэрэгтэй.

-Төрийн байгууллага, төрийн өмчит компанийг хэрхэн зөв удирдах ёстой вэ. Менежментийн талаас та бидэнд мэдээлэл өгнө үү.

Ямар ч байгууллагыг удирдах нь адилхан. Төрийн өмч гэхээр өөр болно гэсэн үг биш. Жишээ нь манай Удирдлагын академи гэхэд 1994 оноос хойш бизнес, нийгмийн салбарын маш олон удирдлагуудыг бэлдэж байгаа ч хувийн хэвшилд ажиллагсад нь амжилттай тогтвортой байхад төрийн удирдах албан тушаалтан, төрийн байгууллагуудад ажиллаж байгаа хүн алга. Бэлтгэгдсэн тэр хүмүүс хаана явна вэ. Одоо төрийн байгууллагад хэн ажиллаад байгаа гэдэг нь сонин.

-Тааруухан менежмент хөрөнгө дутсанаас болдог уу, сэтгэл дутсанаас болж үүсэх үү. Төр тааруухан менежер гэх нэрийг аваад удаж байна л даа?

Хөрөнгө дутсанаас болохгүй. Төр өмчийг үр ашигтай зарцуулах ёстой салбар дээр ажиллаж байгаа хүмүүс яаж захиран зарцуулах, зохион байгуулах нь мэргэжлийн ур чадвартай холбоотой.

Удирдагч гэдэг чинь эмч гэдэгтэй адилхан мэргэжил. Эзэмшиж, сурч, хөгжүүлж явах ёстой мэргэжил. Түүнээс биш нэрийн хуудсан дээрх гүйцэтгэх захирал, сайдын албан тушаал биш.

-Манлайлагч, удирдагч хүн ямар байх ёстой вэ?

Өмнөө зорилго тавиад түүндээ хүрдэг, үүнээс гадна тэр зорилго чиглэлдээ бусдыг уриалан дуудаж, тэднийг удирдаж амжилтанд хүрдэг хүнийг манлайлагч гэнэ.

-Энэ манлайлагч хүмүүст ямар шаардлага тавигддаг вэ?

Би саяхан Америкийн зохиолч Жон Мэнийн “Чингис хааны тухай бичсэн номыг уншлаа. Тэрээр Чингис хааны менежментийг маш нарийн судалсан байна лээ. Түүнээс үзэхэд хамгийн энгийнээр манлайлагч хүн бол бусдад итгэдэг, бусдыг зоригжуулдаг, тэдэнтэй хамтарч ажиллаж чаддаг, эрсдэлд орохоос айлгүй тусалж чаддаг нэгэн юм.

Удирдагч гэхээр захиргааддаг гэж ойлгодог нь өрөөсгөл. Удирдагч хүн ажилтнууддаа итгэж чадахгүй, туслаж чадахгүй бол удирдаж чадахгүй. Менежментийн гайхамшигтай нууц итгэлд л байдаг. Ямар ч улс оронд төсвийг дандаа хязгаарлаж байдаг учир мөнгө л байвал болно, эсвэл мөнгө дутагдсанаас болж муу ажиллаа гэх нь утгагүй. Хөрөнгө зарахгүйгээр зөв зохион байгуулалт, бэлтгэл, менежмент, ур чадвараа төлөвшүүлвэл түүгээрээ хөгжиж болно.

-Одоо төрийн өмчит 22 компанийг хувьчлах шийдвэр гарсан. Зарим талаар төр хувиа эзэмшээд, менежментийг нь хувьчлах талаар яридаг. Талаар бодлоор аль нь зүйтэй вэ?

Англид 1988 онд улсын эмнэлгийг Маргарет Тэтчерийн засгийн үед хувьчилсан. Тус эмнэлгийнхэн зах зээл дээр яаж үлдэх вэ, бид юуг сайн чаддаг вэ гэдгээ бодолцож байгаад зөвхөн зүрхний мэс засал, оношлогоог авч үлдээд бусад үйлчилгээг хийхээ больсон. Гэтэл тэд одоо гурван жилийн мэс заслын оочиртой байх хэмжээнд хүртэл өндөр чадвартай болсон байгаа юм.

Яг үүн шиг манайд нэг, хоёрдугаар клиникийн эмнэлгүүд хамгийн сайн чаддаг бөөр, зүрхний мэс заслаар дагнаж болно. Угаасаа л дотор, уламжлалтыг бусад маш олон эмнэлэг хийж байгаа учраас эмч нараа түлхүү чадваржуулах тал дээр анхаарч болно. Менежментийн хувьчлал хийгээд, зөв удирдлагааар хангавал алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын алдагдал буурна.

-Эмнэлгүүдийг хувийн хэвшилд шилжүүлнэ гэхээр яг яаж шилжүүлэх вэ менежментийг нь хувьчилна гэсэн үг үү?

Менежментийн хувьчлал бол нэг хэлбэр. Тодорхой хугацаа өгөөд тэр хугацаанд төрийн өмчийг бодитой ашиглаад, зарлагаа нөхөөд, тэндээсээ төрийн өмчийг буцааж өгөх хэлбэр. Манай улсын хувьд анх боловсролын салбарт Санхүүгийн техникум гэж байхад хувьчлаад менежментийг амжилттай хийсэн нь боловсролын салбарт загвар туршлага болсон.

СЭЗДС бол дотоодын зах зээл дээр хамгийн өндөр эрэлттэй сургууль. Тэгэхээр менежментийн хувьчлал, удирдлагын баг, бүрэлдэхүүнээ зөв авч явсан учраас үр дүнд хүрч байгаа юм. Баянзүрх дүүргийн эмнэлгийг менежментийн хувьчлалд оруулсан нь СЭЗДС-тай харьцуулбал сайн болж чадаагүй. Шалтгаан нь удирдах бүрэлдэхүүний чадавхиас хамаарсан.  

Оюуны хөрөнгө оруулалтыг хийж, зөв багийг бүрдүүлэхийг хэлдэг.

Хувьчлал гэхээр хөрөнгө оруулалт хийчихээд ашиг олно гээд хараад суухыг хэлэхгүй. Оюуны хөрөнгө оруулалтыг хийж, зөв багийг бүрдүүлэхийг хэлдэг.

Зайлшгүй хувьчлах шаардлагатай компаниудыг хувьчлах гэж байгаа бол удирдлагын багийг хэтэрхий улс төрийн өнцгөөр харж болохгүй, чадах хүмүүст нь хувьчлах ёстой. Тухайлбал Казахстан улс эх нялхасын эмнэлгийн гүйцэтгэх захирлыг нээлттэй өрсөлдөөнөөр зарлаж Английн бизнесменийг сонгосон байдаг.

Тэр хүн эмч биш ч зах зээлийн харилцааны түвшин хүртэл чадварлаг удирдаж чадсан. Мэдээж нарийн мэргэжил, онцгой салбарыг мэргэжлийн багтайгаар удирдах нь тодорхой. Төрийн байгууллага, өмчит компани, хувийн өмчит гэхээр ажиллах зарчмын хувьд 90 хувь нь адилхан. Менежментийн нийтлэг зарчим адил үйлчилнэ.

-Бид хувьчлалыг түүхэндээ их давалгаагаар хийсэн ард түмэн. Оносон зүйл юу байна вэ?

1996 оны үед хувьчлалын том давалгаа явсан. Эргээд үр дүнг нь хараарай. Хувьчилсан байгууллагаас яг хэд нь үлдсэн бэ гэхэд уучлаарай нэг ч байхгүй. Цөөхөн хүмүүс л нийгмийн баялгийг аваад өнгөрсөн. Түүн шиг зүйл давтах вий гэхээс болгоомжлох хэрэгтэй. Эрчим хүчний салбарт менежментээ сайн хийгээд явж байгаа олон газар байна. Дорнод, Дархан, 4-р цахилгаан станц гээд үе үеийн удирдлагуудын хүчээр монголын эрчим хүч гал алдуулахгүй явна.

Төрийн өмчит компаниудыг чадваргүй, алдагдалтай ажилладаг гэхээс өмнө систем дээр нь анализ хийж үзэх ёстой. Олон том шийдэгдээгүй асуудлаас нэгийг нь барьж авч шийдэх нь хэцүү. Ур чадваргүйгээс болсон уу, шахааны бизнес хийчихээд тэрийгээ нөхөх гээд алдагдалд орсон юм уу гэх мэтээр оношилгоо хийх ёстой.

-1960 онд бүх төрийн өмчит компаниа хувьчилсан Франц улс эргээд үндэстэн дамнасан компаниудын давамгайллаас болж өмчөө буцаан эзэмшихэд хүрч байна. Гэтэл манайх эрчим хүч гэх чухал салбараа хувьчлах жагсаалтад оруулсан байгааг юу гэж ойлгох вэ?

Тэдний туулсан замаар явахгүй байх хэрэгтэй. Яаран хувьчилж болохгүй. Улс төрийн сонгууль болохоос өмнөх хоёр жилийн хугацаанд яаран хувьчилж болохгүй. Шинжээчийн зөвлөл, групп томилж асуудлыг судлах шаардлагатай.

Нэгэнт төр өмчтэй бол хариуцлагын асуудал дандаа дагалдаж явах учиртай. Өмч бол хариуцлагын тухай асуудал. Хариуцлагатай байсан цагт төрийн байгууллагуудаар дамжуулж ард түмэнд бүх үр шим, өгөөж очих учиртай.  

 Ярилцсанд баярлалаа.