А.Бакей: Агаарын бохирдлыг бууруулах нь бүх яамны ажил болсон
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.07.21

А.Бакей: Агаарын бохирдлыг бууруулах нь бүх яамны ажил болсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-Өнгөрсөн хаврын чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нийгэмд маргаан, мэтгэлцээн дагуулсан нэлээд олон хуулийн төсөл хэлэлцсэн. Зарим нь ч хэлэлцэгдэж чадалгүй уналаа?

-Манай байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийт 11 удаа хуралдаж, давхардсан тоогоор 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хорооныхон Засгийн газрын тухай төсөл болоод Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл хэлэлцлээ.

Мөн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол хэлний тухай хуулийн төслүүд, Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, 2014 оны намрын ээлжит чуулганаар Хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслүүдийг хэлэлцсэн.

-Хяналтын тухай хуулийн төслийг танай байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Энэ төсөл өмнө нь хоёр ч удаа унасан. Ийм байтал дахин, дахин оруулж ирэх шаардлага байв уу?

-Энэ төслийг нэр бүхий гишүүд дахин оруулж ирсэн. 2003 онд Мэргэжлийн хяналтыг төвлөрсөн тогтолцоонд шилжүүлэхээс өмнө хяналтууд салбар салбартаа хуваарилагдаж байсан.

Үүнээс хойш 10 гаруй жил өнгөрөхөд хяналтын хууль, механизмууд сайн үйлчилсэнгүй.

Өөрөөр хэлбэл 2000 гаруй мэргэжлийн хяналтын ажилтан ажиллаж байгаа бүхэл бүтэн хяналтын байгууллага мөртлөө хэрэгжилтэд тавих хяналт, түүнийг зөрчлийг арилгах асуудал төдийлөн сайнгүй нь тодорхой харагдаж байна. Хэрэв хяналтын механизм нь сайн үйлчилсэн бол хуулийн хэрэгжилт сайн болж, алдаа дутагдал бага байх ёстой.

Хамгийн наад захын жишээ гэхэд энэ онд хэд хэдэн удаа барилгын дээрээс төмөр унаж эрдэнэт хүний амь насыг авсан харамсалтай явдал болсон нь барилгын салбарт хяналт ямар байгааг харуулж байгаа юм. Мөн зам тээврийн осол ихээр гарах боллоо. Энэ гашуун сургамжууд хяналтын хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газраас хяналтын хуулийг шинэчилсэн найруулгыг өргөн бариад хоёр ч удаа бүдэрсэн.

-Гишүүд дэмжихгүй байхад төсөл санаачлагчийн автор өөрчлөгдөж оруулах шалтгаан юу байна вэ?

-Дэмжээгүйдээ асуудал биш. Тухайн үедээ их хурлын чуулганаар хэлэлцэж байсан асуудал нарийн төвөгтэй байсан. Сүүлийн есөн жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөн нас барж, 130 хүн тахир дутуу болсон бол 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байдаг.

Дээр нь сайдыг огцруулах асуудал хэлэлцэж байгаад үдээс хойшхи хуралдаанд ирц бүрдээгүй учир Хяналтын хууль унасан. Гишүүдийн анхаарал суларсан үед байсан учраас унасан. Нэг талаас гишүүдийн байр суурь янз бүр байснаас унасан байх талтай. Уг нь хяналтын байгууллага улс төрөөс хараат байх ёстой.

-Агаарын бохирдлын асуудлыг намар эсвэл өвөл гэнэт эргэн санадаг нь нууц биш. Гэвч танай байнгын хороогоор агаарын бохирдлыг зунжингаа ярихаар болсон гэсэн?

-Агаарын бохирдлыг  бууруулах хуулийн төсөл бий. Бид зуны дэлгэр цаг болохоор агаарын бохирдол гэдгийг ор тас мартчихдаг. Намар, өвөл болохоор л утаанд угаартаад агаарын бохирдлыг гэнэт санагдаг. Тийм учраас агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлын төлөө тэмцэх нийгмийн хамарсан том асуудал юм. Заримдаа гамшгийн хэмжээнд хүрсэн ч гэж дүгнэдэг.

Тийм учраас хуулийн төсөл санаачлагчид агаарын бохирдлын эсрэг тэмцэх нь нэг яамны хийх ажил биш. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хийх ажил биш. Бүх яам Засгийн газрын бүх гишүүн хийх ёстой гэж үзсэн. Тийм учраас яам болгон сайд болгон өөрийн эрхлэх асуудлын хүрээнд агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг шууд зохион байгуулж ажиллахаар хуульчилж өгсөн.

Нэг жишээ хэлэхэд Эрүүл мэндийн яам гэхэд агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд ямар хор хохирол учирч байгааг судлаад эсрэг арга хэмжээг өөрийн чиг үүргээр авч явах ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яам агаарын бохирдлын хор хохирлыг бүх шатны сургуулийн сурагчдад. танин мэдэхүйн мэдээлэл өгөх, боловсрол олгодог байх ёстой. Шинжлэх ухааны яам технологийн талаас агаарын бохирдлыг бууруулахад зохих хэмжээний дэмжлэг үзүүлэх учиртай.