2014.07.22

Дулааны шугам сүлжээн дээр буусан 8000 айлыг албадан нүүлгэнэ

Улаанбаатар хотод 8000 айл дулааны шугам сүлжээн дээр буун амьдарч байна.

Эдгээр айлууд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа учраас албадан нүүлгэх талаар нийслэлийн удирдлагууд ярьж байна. Тиймээс  дулааны шугам сүлжээн дээр амьдарч байгаа айл өрхүүдэд шаардах бичиг хүргүүлэхээр болсон байна.

Улаанбаатар хотод дулааны шугам сүлжээн дээр хашаа хатган амьдардаг 8000 айл байдаг гэсэн судалгаа бий.

Эдгээр айлыг яаравчлан нүүлгэхгүй бол чанаргүй, хэзээ мөдхөн дэлбэрэх нь дөхсөн дулааны шугам задарвал дээр нь амьдарч байгаа эдгээр айлууд халуун ууранд түлэгдэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирох аюулд байна. Жилийн жилд дулааны шугам дээр буусан айлуудыг нүүлгэх шаардах бичиг хүргүүлдэг ч эдгээр айлууд өдийг хүртэл нүүгээгүй тул албадан нүүлгэхээс өөр аргагүй гэж байна.

Нөгөө талаар дулааны шугам сүлжээ дээр ирж буусан айлуудыг тухайн үед нь буулгахгүй байх арга хэмжээг дүүрэг хороод нь авах ёстой ч ажлаа хийдэггүй албан тушаалтнуудаас болж хаа хаанаа хүндрэл учруулаад байгаа юм.

Нэгэнт дассан газраа олон жил амьдарсан айлууд нүүхгүй гэдэг байр суурьтай байгаа бол нийслэлийн зүгээс хэдэн тэрбум төгрөг зарцуулж, албадан нүүлгэх тухай ярьж байгаа юм.

Дулааны шугам сүлжээн дээр зөвшөөрөлгүй буусан 8000 айлуудаас болж нийслэлийн хуучирч муудсан шугамуудыг засварлаж чадахгүйд хүрсэн байна. Үүнээс болж өвлийн улиралд шугам сүлжээнүүд ачааллаа дийлэхгүйд хүргэх шалтгаан болдог байна.