Төрийн түшээд хаагуур явна вэ
2014.07.28

Төрийн түшээд хаагуур явна вэ

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна.

Харин эдгээр өдрүүдэд төрийн түшээд хаагуур хэрхэн наадаж байгаа болон ямар ажил амжуулж байгаа талаар асуухаар утас цохисон юм.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Оюунхорол, Д.Ганбат нар мессеж руоминг үйлчилгээг идэхвижүүлсэн бол Б.Болор гишүүний утас төлбөр төлөөгүйн улмаас орох ярианы эрх нь хаагдсан гэж байлаа. О.Содбилэг гишүүн дуут шуудангаа идэвхижүүлж, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар нарын гишүүд утсаа авсангүй.

Ж.Батсуурь: Есөн сумын аймгийн наадамд оролцлоо

-Би яг одоо Дорноговь аймгийн Эрдэнэ сум байгуулагдсны түүхт 90 жилийн ойн баяр наадамд оролцож байна.

Энэ жил манай аймгийн 11 сум ойтой. Түүнээс есөн сумын ойн баяр наадамд оролцоод сүүлийнхээ суманд ирээд байна. Зарим сумын ой давхцсан учир очиж чадсангүй. Наймдугаар сарын 1-нээс албан ёсоор амралтаа авч байгаа учраас наймдугаар сарын дундуур хот орно.

Д.Ганхуяг: Ээж дээрээ ирээд сайхан байна

-Архангай аймгийн Тариат сумын арван жилийн дунд сургуулийн 90 жилийн ойн баярт оролцоод явж байна. Би энэ сургуулийн төгсөгч. Тэрхийн цагаан нуурын хөвөөнд ээж дээрээ ирээд сайхан байна. Өнөөдөр /өчигдөр/ орой Улаанбаатар хот руу буцна.

Я.Санжмятав: Говийн аймгуудад ажиллаад ирлээ

-Би амраагүй байгаа. Маргааш /өнөөдөр/ Засгийн газрын хуралдаантай тул Ухгаанбаатар хотноо байна. Өнгөрсөн долоо хоногт говийн аймгууд болох Дорноговь, Дундговь, Өмнөговь болон Говьсүмбэр аймагт ажиллаад ирлээ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Ж.Эрдэнэбат: Тойрогтоо ажиллаж байна

-Хаврын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажилладаг. Тэр утгаараа би тойрогтоо ажиллаж байна. Энэ жил Сэлэнгэ аймгийн долоон сум түүхт ойн баяраа хийж байгаа. Түүний нэг болох Мандал сум ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд баяраа хийх юм. Би одоо Мандал суманд байна.