Д.Галсандорж: Зэсийн үнэ энэ онд 7000 ам.доллараас буухгүй
Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж
2014.07.29

Д.Галсандорж: Зэсийн үнэ энэ онд 7000 ам.доллараас буухгүй

-Зэс, цайрын үнэ нэмэгдэж, төмөр нүүрсний ханш буурчээ.

Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой ярилцлаа.

-Манай улсын гадагшаа экспортолдог ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр ямархуу байна вэ?

-Энэ оны эхний зургаан сарын гаалийн статистик, экспортын бүтээгдэхүүний үнэлгээг өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулаад харахаар үнийн хувьд зэс, цайрын үнэ нэмэгдсэн дүнтэй байгаа.

Зэсийн үнэ 18 хувиар, цайрын үнэ арав гаруй хувиар нэмэгдсэн. Экспортын орлогын 40 хувийг эзэлж байсан нүүрсний үнэ унасан. Төмрийн баяжмал ч ялгаагүй уруудсан.

Жоншны баяжмалын үнэ өнгөрсөн жилийнхээс нэг их уруудаагүй. Хэмжээндээ байна.
-Зэсийн экспортын хэмжээ оссөн нь тодорхой. Зэсээс гадна өссөн бүтээгдэхүүн байна уу?

-Өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад зэсийн баяжмал Оюутолгойтой холбоотойгоор их хэмжээгээр нэмэгдсэн. Алтны үйлдвэрлэл ч нэмэгдсэн.

Экспорт нь харин нэмэгдээгүй. Түүхий нефтийн экспорт их хэмжээгээр нэмэгдсэн дүн гарч байна. Орлого нь ч дажгүй өселттэй. Тоо хэмжээ, орлогоороо нэмэгдсэн хоёр бүтээгдэхүүн гэвэл зэсийн баяжмал, түүхий нефть байна.

-Одоогийн байдлаар хэчнээн тонн зэсийн баяжмал экспортлоод байна вэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сард Оюу толгойн ил уурхай ашиглалтад орсон. Нийтдээ есөн сар ажиллачихаад байна. Ил уурхай, баяжуулах үйлдвэр эхний ээлжийн бүрэн хүчин чадалдаа орсон.

Энэ оны төсөвт 1.2 сая тонн зэсийн баямжмал гаргана гэж тусгасан. Оюу толгойгоос 650 мянга, үлдсэнийг нь Эрдэнэтээс гэж төлөвлөсөн юм.

Энэ оны эхний зургаан сард 583 мянган тонн зэсийн баяжмал экспортолсонбайна. Үүний 250 мянган тонныг нь Эрдэнэт, 330 мянган тонныг нь Оюу толгой гаргасан.

Зэсийн баяжмалын экспортын 60 хувь нь Оюу толгойгоос, 40 хувь нь Эрдэнэтээс бүрдсэн гэсэн үг. Тоо хэмжээний хувьд ийм байна. Борлуулалтын орлогыг нь аваад үзэхээр арай өөр дүр зураг харагдаж байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого зуун хувь Монголд ордог.

Худалдаа хөгжлийн банк, Голомтын дансанд орж ирдэг. Оюу толгойн борлуулалтын орлогыг тооцож үзэхээр 985 сая ам.доллар болж байгаа юм.

Бараг нэг тэрбум шахуу ам.доллар гэсэн үг .Оюу толгойн борлуулалтын орлого Рио тинтогийн баруунд байгаэ банкны дансанд ордог. Монголд өсөн нэмэгдсэн рояалти, импортын татвар, ажилтан албан хаагчдын цалин маягаар борлуулалтшн орлогын хорь, гучин хувь орж ирдэг. Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл нь тийм л дээ.

-Зэсийн үнийг улсын төсөвт 6800 ам.доллар гэж тогтоосон. Үнэ нь өссөн гэхээр төлөвлөснөөсөө илүү мөнгө олчих л юм байна?

-6800 ам.доллар гэдэг бол гайгүй бодитой тоо. Долдугаар сарын 25-нд гэхэд зэсийн үнэ 7100 ам.доллар байна. Зургадугаар сарын дундаж 6900 доллар байсан.

-Зэсийн үнэ буухгүй өсч байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хоёр шалтгаан бий. Томоохон биржүүд тухайлбал Лондонгийн, Шанхайн металлын биржийн агуулахын нөөц багассан. Өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад хоёр дахин багассан.

Ази тивдээ зэсийн бяяжмал нийлүүлэлтээр нэгдүгээрт ордог Индонези зэсийн экспортын шинэ бодлого хэрэгжүүлжэхэлсэн нь үнэ өссөн хоёр дахь шалтгаан болжбайна.

Индонези зэсийн баяжмал, хүдрийг түүхийгээр нь гаргахгүй гэсэн хориг арга хэмжээ авсан. Тийм учраас Хятадын зах зээл дээр зэсийн баяжмалын нийлүүлэлт бага байгаа юм. Ийм хоёр шалтгаанаар зэсийн үнэ тогтвортой байна.

-Тэгэхээр зэсийн үнэ энэ жил лав 7000 ам.доллараас буухгүй нь ээ?

-Тэгэх болов уу гэсэн таамаг бий. Манай холбоо олон улсын зэсийн зах зээлийн судалгааны компаниудтай хамтран ажилладаг. Олон улсын томоохон байгууллагуудын прогнозыг харахад энэ онд 7000 ам.долларын түвшинд байх нь бараг тодорхой болсон.

-Ойрын жилүүдэд зэсийн үнэ энэ өсөлтөө барьж чадах уу?

-2018 он хүртэлх хугацааг аваад үзэхээр цэвэр зэсийн үнэ энэ ондоо 7000, ирэх ондоо 6900, цаашлаад 2017 онд6600 ам.долларын хавьцаа байх болов уу гэсэн таамаг бий. 2018 оноос үнэ дээшлэх прогноз гарсан.

-Гэхдээ цаашлах тусам зэсийн зах зээл дээрх өрсөлдөөн ширүүснэ гэсэн таамгийг шинжээчид хэлдэг?

-Чили, Өмнөд Африк, Австралийн уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Уурхай, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадал нэг их хасагдаагүй. Шинээр зэсийн орд газруудыг ашиглахаар төлөвлөж байгаа тал бий. Жишээ нь Хятад байна. Латин Америкт саяхан өндөр түвшний айлчлал хийлээ.

Тэнд болон Африкийн орнуудад зэсийн томоохон уурхайнуудыг ажиглах, хөрөнгө оруулах, хувьцааг нь эзэмших процессыг маш эрчимтэй явуулж байгаа. Тийм учраас манай зэсийн уурхайн үйлдвэрлэгчид хоёр гурван жилийн дараа гадаад талаасаа их өрсөлдөөнтэй нүүр тулна.

Өнөөдрийн хувьд Оюу толгойн зэсийн баяжмалын дийлэнх нь Өвөр Монголын хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрт очиж байна. Заримтай нь Оюу толгойн уурхай зэсийн баяжмал борлуулах тав, найман жилийн урт хугацааны гэрээ хийчихэж байгаа.

Эрдэнэт үйлдвэр ч гэсэн дөрвөн жилийн гэрээ хийчихэж байна. Яваандаа Цагаан суваргын орд ашиглалтад орно. 240-300 гаруй мянган тонн баяжмал нэмж гарч ирнэ гэсэн үг. Оюу толгой одоогийн 650 мянгаас ч нэмэгдэнэ.

Эрдэнэт үйлдвэр 500 гаруй мянган тонныг гаргана. Нийлүүлж тооцвол Монгол Улс сая гаруй тонн зэсийн баяжмал гаргах юм. Ийм учраас манай зэсийн баяжмал экспортлогчдын Хятадын зах зээл дээрх өрсөлдөөн өнөөдрийнхөөс хурц болно.

Хоорондоо өрсөлдөж эхэлнэ гэсэн үг. Энэ өнцгөөс нь харвал манай улсад зэсийн баяжмалын экспортын нэгдсэн бодлого хэрэгтэй болжтаарна. Гурван өөр үнэ, гурван өөр тээврийн нөхцөл санал болгож болохгүй.

-Цайрын үнэ өссөн гэж ярилаа, тэгэхээр гаргасан хэмжээ нь нэмэгдсэн байх?

-Харамсалтай нь тоо хэмжээ нь багассан. Цайрын баяжмалын хувьд өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар 77 мянган тонныг гаргаж байсан бол энэ жил 45 мянган тонныг л гаргасан байх жишээний. 32 хувиар багассан гэсэн үг.

Үйлдвэрийнх нь мэдээлж байгаагаар худалдан авагчтай хийсэн гэрээнээс гадна баруун аймгуудад гарсан шүлхийн хорио нөлөөлсөн юм билээ.

Тэнд автомашины замгүй учраас цайрын баяжмал зөөхөд байгальд сөрөг нөлөөтэй гэж үздэг талтай. Сайншандын мэргэжлийн хяналт ийм шалтгаанаар хязгаар тавьсан гэх шалтгаан бас бий.

-Нүүрсний үнэ өнгөрсөн жилийн өдийгөөс хичнээн хувиар буусан бэ?

-Нүүрсний экспортын үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 гаруй хувиар буурсан. Нүүрсний экспортлогчидтой ярилцаад үзэхээр нүүрсээ өнгөрсөн жил 72 ам.доллараар зарж байсан бол энэ жил 47 ам.доллараар өгч байгаа юм билээ.

“Энержи ресурс” угаасан нүүрсээ 70 ам. доллараар, Таван толгой түүхий нүүрсээ 37 ам.доллараар өгч байгаа. Үнэ их унаж байна.

-Төсөвт нүүрсээ хэдээр зарна гэж төлөвлөсөн бэ?

-Зуу гаруй ам.доллар гээд тавьчихсан байгаа.

-Төсөвт 31 сая тонн нүүрс гаргана гэж тусгасан. Тоо хэмжээгээрээ ч биелэхгүй гэж нүүрс экспортлогчид ярьж байна. Энэ хэр бодитой яриа вэ?

-Тоо хэмжээгээр биелэх нөхцөл харагдахгүй байна. Өнгөрсөн онд 18 сая тонныг л гаргасан. Хүрсэн түвшин ойлгомжтой байхад 31 сая гэж тавина гэдэг хэт өндөр тоо л доо. Төсөв батлах үед нүүрсний үнэ уруудаж байсан. Зуу гаруй ам.доллар гэж тавьсан нь мөн л өндөр тоо.

-Энэ оны эхний хагас жилийн статистикаар хэчнээн тонн нүүрс гаргаад байна?

-Ес гаруй сая тонныг л гаргасан. Ингээд бодохоорэнэ жил хорин саяас илүү гаргаж чадахгүй байх.

-Үнэ нь унасан, гаргах хэмжээндээ хүрэхгүй гэхээр төсөвт нүүрснээс олно гэж төлөвлөсөн мөнгө хэмжээндээ яагаад ч дөхөж очихгүй нь ээ?

-Тэгж таарч байна. Төмөр замын асуудал гэхэд л эхний шатандаа явж байна шүү дээ.

-Гадаад зах зээл дээр нүүрсний үнэ ямархуу байгаа бол. Австрали гэхэд л хэцүү байдалд орсон дуулдах юм?

-Австрали хэцүү байдалд бий. Австралийн нүүрс гэхэд л Хятадын далайн эрэг, Тянжинь зэрэгт маш ихээр овоорсон байгаа. Хятадын хувьд худалдан авагчийн төлбөр хүндрэлтэй. Өмнөд хөршид маш олон уурхай хаагдсан. Шинээрашиглалтад орсон нь ч бий. Тэд зардлаа багасгаж байна. Тиймээс манай нүүрс экспортлогчид хүндхэн байдалд байгаа гэсэн үг. Энэ салбараа дэмжих цаг ирсэн.

-Төмрийн үнэ ямархуу байгаа вэ?

-Төмрийн үнэ өнгөрсөн онтой харьцуулахад хорин хувиар унасан. Цаашаа нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байна. “Алтайн хүдэр" зэрэг хувийн компаниуд их бага үнээр зарж байгаа. Төрийн өмчит Монросцветмет арай гайгүй.

70 орчим ам.доллараар өгч байна. Өнгөрсөн онд 190 ам.доллараар өгч байсантай харьцуулахад бага тоо л доо. Төмрийн баяжмал 65, 62 хувийн гэсэн хоёр өөр агуулгатай. Доод талын агуулгатай баяжмалын үнэ 40 болчихсон байгаа.

Зарим аж ахуйн нэгж 42 ам.доллараар өгсөн. Нэг хэсэг нь 50, нөгөө зарим нь 70 ам.доллараар өгч байна гэдэг чинь манай эрдсийн арилжаа хэцүүхэн болсон гэсэн үг. Хатуухан хэлэхэд эрдсийн үнэ маань явсаар байгаад махны дотоодын жижиглэнгийн үнэтэй адилхан болох гээд байна даа.

Дахин хэлэхэд уул уурхайгаа дэмжих цаг ирсэн. Ганц манайд ч ийм хүнд байдал үүссэн хэрэг биш. Бусад улсын уурхайнууд ч амь зуусан байдалтай байна.