Н.Алгаа:Энэ жилийн "Дисковер Монголиа"-д нэг ч шинэ хөрөнгө оруулагч ирэхгүй
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.08.06

Н.Алгаа:Энэ жилийн "Дисковер Монголиа"-д нэг ч шинэ хөрөнгө оруулагч ирэхгүй

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын жил бүр уулздаг гол арга хэмжээ бол “Дисковер Монголиа”. Энэ жил гадны хөрөнгө оруулагчид бараг бүртгүүлэхгүй байна гэж сонслоо. Хэр ортой мэдээлэл вэ?

-Ортой мэдээлэл байна. “Дисковер Монголиа”-г 2003 онд анх удаа зохион байгуулахад 250 хүн оролцож байсан юм. Монголыг гадаадад сурталчилъя, гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэсэн зорилгоор эхлүүлж байсан чуулган.

Зохион байгуулах болсон өөр нэг шалтгаан нь 1997 оны Ашигт малтмалын хуулиас үүдэлтэй. Хууль үйлчилснээс хойш лиценз авсан өчнөөн монгол хүн байсан. Лицензтэй ч мөнгөгүй болохоор хөдөлж чадахгүй байсан үе. Тэдэнтэй хөрөнгө оруулагчдыг уулзуулах хэрэгцээ байсан.

Зохион байгуулах болсон шалтгаан гэвэл товчхондоо ийм. 2003 оноос хойш чуулганд оролцогчдын тоо эрс өссөн.

600, 800, давхардсан тоогоор бүр 1000 оролцогч ирсэн жил ч бий. Өнгөрсөн жил тааруу болсон. 400 орчим оролцогчтой байсан.

Энэ жил бүр ч муудах янзтай байна. 200 гаруй л хүн ирэх таамаг байна. Анх эхэлсэн жилээсээ, Монголыг хэн ч мэддэггүй байсан 2003 оны “Дисковер Монголиа”-гаас ч бага хүн ирнэ гээд бодохоор хөрөнгө оруулагчдын итгэл ямар түвшинд байгаа нь харагдах байх.

-Хөрөнгө оруулагчдын чуулганы энэ жилийн уриа нь гарсан уу?

-Welcome bаск буюу эргэж ирээрэй гэсэн уриатайгаар зохион байгуулах гэж байна.

-Жил жилийн “Дисковер Монголиа”-гийн үеэр шинэ хөрөнгө оруулагчид нэлээд ирсэн харагддаг. Энэ жил шинэ хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож ирэх болов уу?

-Харамсалтай нь ирэхгүй болж таарч байна. Уг нь жил бүр дөрвөөс таван бүлэг хүмүүс ирдэг байсан юм. Энэ жил Хойд Америкаас л групп ирж магадгүй.Тэндхийн бизнесийн зөвлөлтэй нь энэ чигээр яриа хөөрөө өрнүүлж байна.

-Чуулганд оролцогчид бүртгүүлээд эхэлчихсэн үү?

-Бүртгэл бол эхэлсэн. Яг өнөөдрийн хувьд бүртгүүлсэн, үзэсгэлэнгийн самбар авсан, ивээн тэтгэх саналаа хэлсэн байдлаас харахад оролцогч тун бага байна.

“Дисковер Монголиа”-гийн хувьд арванхоёр дахь жилдээ болж байгаа, хөрөнгө оруулагчдын цуглаж хуралддаг том арга хэмжээ. Монголын хувьд хамгийн анхны төлбөртэй, бизнес рүү чиглэсэн чуулган. Ийм чухал арга хэмжээний оролцогч эрс буурч байгаа нь хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулсны тод илрэл.

Дисковер Монголиа”-г жилийн жилд өчнөөн компаниуд ивээн тэтгэдэг. Энэ жил ивээн тэтгэх сонирхол хэр байна?

-Ивээн тэтгэгчийн хувьд хүндхэн байгаа. Хэдий тийм ч “Дисковер” болдгоороо болно. Оролцогч цөөхөн, хөрөнгө оруулагчдын эргэлзээ хэвээр ийм үед ивээн тэтгэж мөнгө гаргах шаардлага байна уу гэсэн тээнэгэлзсэн байдалтай байна.

Өмнө чинь ханган нийлүүлэлтийн бизнесийнхэн ивээн тэтгэе гээд дугаарладаг байлаа. Үзэсгэлэнгийн зай талбай нь бага учраас самбарууд нь гэхэд онгоцны хүлээлгийн жагсаалт шиг юм байсан. Гэтэл одоо өөр болжээ.

Гэхдээ олон улсын хэмжээнд мэдээ мэдээлэл цацагдах нь тодорхой. Тэр мэдээллүүд итгэл төрүүлэхээр байвал эерэг үр дүн гарах байх. Засгаас ач холбогдол өгч, бид алдаагаа засч чадна, засаад эхэлсэн гэдэг мэссэж өгөх нь энэ арга хэмжээний зорилго болоод байна.

-Өмнө нь хөрөнгө оруулагчдын чуулгыг ивээн тэтгэдэг байсан компаниудаас “Энэ жил мөнгө өгч чадахгүй нь ээ” гэсэн газар байна уу?

-“Оюу толгой” гэхэд л ерөнхий спонсороор олон жил ажилласан. Мандаж байгаа наран доорх тэмээний дүртэй лого жил бүр л ивээн тэтгэгчдийн дунд байсан бол энэ жил спонсорлож чадахгүй гэсэн хариу өгсөн. “Дисковер Монголиа” зохион байгуулагдсан арав гаруй жилийн хугацаанд ердөө хоёрхон удаа оролцоогүй өнжсөний нэг нь энэ жил болж байна.

-Оюу толгой өмнө нь хэдэн онд спонсорлохоос татгалзаж байсан юм бэ?

-Гэрээний асуудал нь шийдэгдэхгүй байсан 2009онд өнжсөн. Энэ жил өнжиж байгаа нь цаанаа мөн л шалтгаантай. Гэрээний асуудал нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Есдүгээр сар хүртэл асуудал нь шийдэгдэхгүй юм шиг байна.

Ийм нөхцөлд чуулганд оролцоод муу юм ярих хэцүү, сайхан юм хэлэхэд ч бэрх болчихож байгаа юм. Хэрэв асуудал нь шийдэгдээд явсан бол мэдээж эерэг юм ярина. “Рио”-г дэлхийд Монголын эсрэг сурталчилгаа хийж байна, том компани гэдгээрээ дээрэнгүй хандаж байна гэж манайхан ярьдаг.

Харамсалтай нь өөрсдөө хөрөнгө оруулагчийг тийм байдал руу оруулаад байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Гэрээ хийчихээд өөрчилнө гээд дайрчихдаг, УИХ-ын хориод гишүүн нь бүлэг болж гэрээг өөрчилнө гэх яриаг эхлүүлсэн, Оюу толгойн гэрээг өөрчлүүлнэ гэж байгаад парламентад сонгогдсон гишүүн нэгээр тогтохгүй. Ийм улстай хамтран ажиллах хөрөнгө оруулагчдад төвөгтэй гэдэг нь ойлгомжтой.

-“Оюу толгой” ивээн тэтгэхгүй нь тодорхой болчихож. Өөр ямар компаниуд ивээн тэтгэхээс татгалзаад байна вэ. Нэг үе “Дисковер”-ийн ивээн тэтгэгч гэсэн нэрийн доор дэлхийд акул гэгддэг компаниудын лого эгнэдэг байсан...?

-“Эрдэнэ Монгол”, “Кинкора”, “Тэх ресурс” гээд хэд хэдэн компани ивээн тэтгэж чадахгүй гэсэн хариу өгөөд байна. Том компаниудын хувьд эхнээсээ манай улсаас гараад явчихлаа л даа. “Вале”, “ВНР” байхгүй.

“Англо Американ” гээд дэлхийд эхний тавд жагсдаг компани орж ирсэн ч тусгай зөвшөөрөлгүй, офиссын ганцхан өрөөтэй гайхчихсан сууж байна.

Бодлогын өөрчлөлтийг харзнаж лиценз хүлээгээд байж байна. “Пийбоди” гэхэд л Таван толгойд оролцох гэж долоон жил хүлээсэн. Мөн л нэг контороос өөр юмгүй. Ийм нөхцөлд байгаа учраас мэдээж ивээн тэтгэхгүй гэсэн хариу өгсөн.

Бизнес явуулна гэж оффис нээчихээд зургаа, долоон жил хүлээж байгаа компаниуд “Ямар ч ажил явуулаагүй учраас юугаараа ивээн тэтгэх вэ" гэх нь тодорхой. Пийбоди гэхэд л “Энэтхэгийн Засгийн газар манайхыг урьж байна. Ийм байхад бид энд зүгээр сууж байж ивээн тэтгэх хэрэг байна уу” гэж асууж байна.

-Ивээн тэтгэгчид цөөн болохоор чуулга уулзалт зохион байгуулахад хүндрэлтэй л юм байна?

-Энэ жил “Дисковер”-ийг Уул уурхайн яамтай хамтарч зохион байгуулах талаар гэрээ байгуулсан. Цөөхөн оролцогчтой байх нь анхнаасаа тодорхой байсан учраас салбарынхаа яамнаас албан ёсны дэмжигч байгууллагаар хамтарч оролцооч гэж хүссэн юм.

-Тэгвэл Засгийн газраас нэлээд ач холбогдол өгч оролцох нь ээ?

-Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлье гэсэн амлалт өгсөн. Яам бодлогын хувьд хийсэн өөрчлөлтүүдээ танилцуулна. Бусад хуралдаанд төрийн захиргааны холбогдох хүмүүс нь оролцоно.

-Хөрөнгө оруулагчид чуулганд оролцох хүсэлтээ өөрсдөө тавьдаг уу?

-Өмнө нь бид чуулганы зар сурталчилгаагаа вэб хуудас, элчин сайдын яамд, спонсоруудаараа дамжуулдаг байсан. Монголыг сонирх.ож байгаа хөрөнгө оруулагчдаар гэх мэтээр чуулга уулзалтын зар хөрөнгө оруулагчдад хүрчихдэг байсан юм.

Одоо ч гэсэн есдүгээр сарын 4, 5-нд “Дисковер Монголиа" болно гэсэн зар хөрөнгө оруулагчдад хүрчихсэн. Хамгийн гол нь сонирхох хүн алга.

-Засгаас хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан ч хөрөнгө оруулагчдын эргэлзээ тайлагдаагүй хэвээрээ л байгаа юм байна.

-Лав л ойрын хоёр гурван жилдээ итгэл нь сэргэхгүй байх шүү. Хөрөнгө оруулалттай холбоотой өчнөөн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна л даа. Оюу толгой төсөл хэрэгжээд явж байгаа ч асуудал, маргаан нь цэгцрээгүй.

Өчнөөн хүмүүсийн хөрөнгийг үнэ цэнэгүй болгосон 106 лицензийн асуудал бий. Лиценз олголтыг зогсоогоод гурван жил хагас болсон, урт нэртэй хууль хэрэгжихгүй дөрвөн жил хагас өнгөрсөн гээд тоочвол олон зүйл бий. Алдаагаа засч эхэлсэн ч үр дүн нь гарах болоогүй байна л даа. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт орж шинээр лиценз олгохоор болсон ч журам нь гараагүй учраас энэ ондоо эхлэх эсэхийг мэдэхгүй. Засаг чадлаараа зүтгэж байгаа ч иймэрхүү асуудлууд байна.

-Хөрөнгө оруулагчидтай ойр харилцдаг хүний тань хувьд асуух нэг асуулт байна. Тэд бидний талаар ер нь ямархуу бодолтой байгаа бол?

-Австралийн хөрөнгө оруулагчдын хувьд танайд итгэхэд хэцүү гэж шууд хэлж байна. Монголд ажиллаж байгаа шар царай, цагаан толгойтой хүмүүсийн дийлэнх нь австраличууд. Америк, Канадын иргэд тун цөөхөн.

Австраличуудын талаар ярихаар хүссэн хүсээгүй Оюу толгойтой холбогдчихож байгаа юм. “Рио тинто” Австралид нүүрс, зэсийн олон уурхайтай. Монголд ажиллуулах гэж байгаа далд уурхай ч тэнд бий. Энэ утгаараа Оюутолгой төсөлтэй холбоотой далд уурхайн нэвтрэлт, байгаль орчин, консалтинг зэрэгт Австралийн хөрөнгө оруулагчид нэлээд найдлага тавьж байсан.

Төмөр зам дээр ч ялгаагүй. Монголын Засгийн газар “Эм Си Эс”-д төмөр зам барих эрхийг нь лицензээр олгосноо буцаагаад хүчингүй болгосон шүү дээ. Тоглоом хийж байгаа шиг л юм болсон. Төмөр замд хамтарч ажиллая гэж бодож байсан австраличууд тэр үеэс “Монгол нэг л бишээ” гээд бодчихсон.

Одоо тэр эргэлзээ нь улам баталгаажчихлаа. Австраличууд ганц манайд биш дэлхийн олон оронд йөлөөтэй. Бизнесийн зөвлөгөө өгдөг, том бизнесийг дагаж хөгждөгөөрөө туршлагатай улс. Манайд гэхэд л Австралийн олон стандарт орж ирж байгаа.

Сүүлийн үед австраличууд бараг хэлэлцсэн юм шиг л нэг зүйл ярьж байна. Элчин сайд нь хүртэл ярилцлага өгөхдөө “Монголтой харилцахад хэцүү байна.

Рио тинто шиг том компанид ингэж хандаж байгаа хүмүүс бусдад нь яаж хандах нь тодорхой” гэсэн агуулгатай зүйл ярьсан байна лээ. Хэтрүүлж хэлэхэд хар данс гэж байдаг бол австраличууд биднийг тэр дансандаа оруулчихаж.

Канадын компаниудч эргэлзэж байгаагаа нуухгүй байна. АМГ-ын даргаар ажиллаж байсан Батхуягийн хэргээс болж хураагдчихаад байгаа 106 лицензийн хохирогчдын нэгд нь Канадын компани орчихсон байх жишээний.

Хичнээн албан тушаалтны хэрэг гэсэн өөр шалтгаанаар лицензийг нь хураасан ч хүний хөрөнгөд халдана гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд том асуудал.

-Оюу толгой дээр гэхэд л сүүлд өрнөсөн татвартай холбоотой асуудал хөрөнгө оруулагчдад Монголын талаар дахиад л сөрөг ойлголт төрүүлчих шиг болсон?

-Санал нэг байна. Оюу толгойн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Засгийн газар, Рио хоёр санал зөрөлдөөнтэй байсан ч асуудлаа арай гэж цэгцлээд дуусч байсан үед ийм зүйл гараад ирсэн нь тоогүй хэрэг.

Үндэстэн дамнасан корпорацийн хувьд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг. Түүнийг нь олон улсад нэр хүндтэй аудитын компани нягтлаад “Олон'улсын стандартад нййцсэн бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байна” гээд дүгнэчихсэн.

Гэтэл манай татварын тогтолцоо үүнтэй нийцэхгүй байх нь бий. Ойлгомжгүй юм ч өчнөөн. Тэдний ойлгодоггүй дүрэм журам Монголд олон бий. Иймэрхүү хандлагын, бүртгэлийн асуудлаар ойлгомжгүй юм гараад тэр нь маргааны сэдэв болчихож байна.

Тэрнээс биш татвар нуух, зайлсхийхдээ биш байх л даа. Татварын байцаагч компанийн төвшний эхний шатны уулзалтаар мэдэгдэл өгч акг тавина гэдэг бол өндөр стандарт барьдаг гадныханд том асуудал. Татвараас зугтаасан гэсэнтэй ялгаагүй сонсогдоно.

Манайхны хувьд ийм зүйлдээ бүр дасчихсан. Хоёр баланстай явдаг, хахууль өгч л байдаг, салж л байдаг. Иймэрхүү сэтгэлгээний хандлагын зөрүү хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлээд байна.

-“Дисковер Монголиа”- гаас өмнө хөрөнгө оруулагчдад аятайхан сэтгэгдэл төрүүлэхээр шийдвэр засгаас гарах шинж байна уу?

-Есдүгээр сард хөрөнгө оруулалттай холбоотой олон асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гарлаа.

Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орлоо. Гэхдээ шийдэгдээгүй асуудал ч байна. Засгийн газраас хөрөнгө оруулалтыг нэмэх оролдлого хийгээд төсөл оруулахаар УИХ дээр хойшлогдоод байгаа тал бий. Жишээ нь урт нэртэй хууль байна.

106 лицензийн асуудлаар Засгийн газар тогтоол гаргасан ч эргэлзээтэй зүйл бас бий. Журмыг нь уншихаар хуучин тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд давуу тал харагдахгүй байна. Мөнгөтэй, тавьж буй шалгуурт нь тэнцэхээр гуравдагч хүн авчихаж болохоор юм анзаарагдах жишээний.

Засгаас санаачилсан ажил УИХ-ын түвшинд очингуут жижиг улстөр орж нэг мөр цэгцтэй шийдэгдэхгүй байх шиг. Иймэрхүү, биднийг муухай харагдуулахаар зүйлс байна.

-Чуулга уулзалт өмнөх жилүүдийнх шигээ салбар хуралдаануудаар өрнөх үү?

-Тэгнэ. Хуралдаан панельний хэлэлцүүлэг маягаар өрнөнө. Уул уурхайн орон нутгийн оролцоог хуралдааны нэг сэдвээр сонгосон. Голлох аймгуудад урилга явууллаа. Алтны салбарынхан тусдаа хуралдаан хийх гэж байгаад эргэлзээд зогсчихлоо.

Газрын ховор элементээр тусад нь салбар хуралдаан хийе гэсэн санаа байна. Шинээр амжилттай явж байгаа төслүүдийн танилцуулгыг хийх маягаар өрнүүлж болох юм. Нүүрсний өрсөлдөх чадварыг хөндөх бодол бий. Хоёр өдрийн турш ингэж сэдэвчилсэн найман хуралдаан өрнөдөг.

Тэр жишгээ дагах санаа байгаа ч яг эцэслээд баталсан юм алга. Илтгэгчид нь ярих юм олдохгүй, байхгүй гэвэл хоёр өдрөө болиод нэг өдөр хагасын хуралдаан ч болж магадгүй.

-Өмнөх жилүүдэд гадаадаас дэлхийн хэмжээнд судалгаа явуулдаг хүмүүсийг урьж илтгэл тавиулдаг байсан. Энэ жил тийм төлөвлөгөө байгаа юу?

-Гадаадад амьдардаг монгол хүмүүс илтгэл тавья гэж хүсэлт гаргаж байна. Гадны хөрөнгө оруулалтын чигээр судалгаа хийдэг байгууллагууд ч хүсэлтээ тавьсан тал бий.

Гадаадаас, тодруулж хэлбэл Лондонгоос ганц нэг хүн ирэх байх. Өмнө нь цаг сайхан байхад дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг байгууллагаас хүн урьж зардлыг нь даагаад ирүүлдэг байсан. Одоо тийм арга байхгүй болчихоод байна л даа.

-Уул уурхайн салбарын хувьд хайгуулын компаниуд таг зогссон. Сэргэх шинж байна уу, яг одоо хайгуул хийж байгаа том төсөл бий юу?

-Зовлон бэрхшээлийг туулж цуцалтгүй ажиллаж жаахан мөнгө босгоод хайгуул хийж байгаа гуравхан төсөл байна. “Кинкора”-гийн Хүрэл үнэгт, “Эрдэнэ Монгол”-ын Алтан нар,”3анаду”-гийн Хармагтай. Энэ гурав дээр жаахан мөнгө босгосон учраас хайгуул нь тасраагүй явж байна. Бусад нь таг зогссон хэвээр байгаа.

Нүүрсний төсөл гэхэд л “Хүннү” алга. “Терра энержи" баихгүй. “Өмнийн говь” алдагдалтай ажиллаж байгаад одоо хувьцаа нь худалдагдаж байна. Хөшөөт стратегийн ангиллаас болж хоёр жил зогссон учраас байдал нь хүндхэн хэвээрээ. Нэг зүйлийг онцлоход Монголд нүүрс сонирхоно гээд явж байгаа хөрөнгө оруулагч алга. Зэс, алт л сонирхож байна.