Сономпил.М 2014.08.08 | Сонин: Өнөөдөр сонин

М.Сономпил: Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

М.Сономпил: Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна
Эрчим хүчний сайд М.Сономпил

Эрчим хүчмий сайд М.Сономпилээс зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрын хуралдаанд ямар асуудал танилцуулж шийдвэрлүүлсэн бэ?

-Булган аймагт 2010 оноос хойш баригдаж байгаад санхүүжилтгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил нь зогсоод буй дулааны станцын талаар шийдвэр гаргалаа.

Улсын төсөвт гурван тэрбум төгрөг суулгаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

Дулааны станцтай аймаг тус бүрт гурван тэрбум төгрөг төсөвлөдөг. Зарим аймаг энэ мөнгөө хэрэглэлгүй он дамждаг тул Булганы станцын санхүүжилтийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай явж байна. Манай салбарынхан зун дуусангуут өвөлд бэлтгэж эхэлдэг.

Энэ жил ДЦС-З-ын дэргэд 50 мегаваттын өргөтгөл хийсэн. ДЦС-4-т 120 мегаваттын өргөтгөл хийхээр ид ажиллаж байна. Ирэх сарын 1-нээс туршиж эхэлнэ.

Ямар ч гэсэн дулаан, цахилгааны хувьд Улаанбаатар хот болон аймгуудад доголдол гарахгүй гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Учир нь Ховд, Увс, Хөвсгөл аймагт шинээр байгуулагдаж буй дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа ажиллаж эхэлсэн.

Ажиллах хүмүүсээ ч сургаж байгаа. Манай мэргэжлийн хүмүүс тэдгээр аймагт ажиллаж байна. Аравдугаар сарын 1 гэхэд бүгдийг нь ашиглалтад оруулна. Сарын дараа гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьд хүрчихсэн байна.

-Амгалангийн дулааны станцын бүгээн байгуулалтын ажил удааширч байгаа талаар мэдээлэх боллоо. Ойрын үед шийдвэрлэх үү?

-Энэ станцыг арваннэгдүгээр сарны 15 гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц 76 хувьтай буюу хэвийн явагдаж байгааг холбогдох хүмүүс мэдээлсэн. Гэхдээ Амгалан орчимд бохирын байгууламж байхгүйгээс ажил удаашрах хандлагатай байгаа.

Өөрөөр хэлбэл, бохирын 2.5 км шугам тавьж, хотын төвийнхтэй холбох шаардлага тулгарч байгаа юм. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг шийдвэрлэнэ.

-Бохирын шугам тавих асуудал яагаад гэнэт сөхөгдөх болов. Станцын ажил эхэлж байхад шийдэх боломжгүй байсан юм уу?

-2014 оны төсвийн төсөлд бохирын шугам тавих хөрөнгийг тусгасан байсан ч хасагдчихсан юм. Засгийн газар ойрын хугацаанд тодорхой шийдвэр гаргах байх.

-ДЦС-2 энэ жил хэвийн ажиллах уу?

-Уг станцын дэргэд утаагүй түлшний үйлдвэр байгуулахтай холбоотойгоор нэг зуух нь ашиглагдахгүй байсан ч дээрх төсөл бүтэлгүйтсэн тул зуухаа буцааж авахаар болсон. Тиймээс ДЦС-2 бүрэн хүчин чадлаараа ажиллана.