Х.Гиймаа: Дотоодын бүтээгдэхүүнээ татварын зөв бодлогоор дэмжих хэрэгтэй
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа
2014.08.15

Х.Гиймаа: Дотоодын бүтээгдэхүүнээ татварын зөв бодлогоор дэмжих хэрэгтэй

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаатай хүнсний үйлдвэрлэлийн ирээдүйн боломжийн талаар ярилцлаа.

-Хүнсний салбарын хувьд импортыг орлож байгаа өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн хичнээн хувийг эзэлж байна вэ?

Хүнсний салбар гэхээс илүү хүнсний бүтээгдэхүүний нэр төрлөөр нь авч үзвэл зохилтой. Мэдээж мах махан бүтээгдэхүүнээ 100 хувь хангаж байна. Сүү сүүн бүтээгдэхүүнээ нэг үеэ бодоход хангаж эхэлж байгаа ч нөөц хомсдол байсаар байгаа.  Бяслаг, өтгөрүүлсэн сүү, нөөш бүтээгдэхүүн молоког импортоор авдаг.

Яг дотоодын хүнсний үйлдвэрүүд ариутгасан сүү, шинэхэн тараг зэргийг дотоодынхоо хэрэгцээг хангахуйц үйлдвэрлэж чадаж байгаа. Дээрээс нь ургамлын тос байна. Урьд нь бол ургамлын тосоо зуун хувь гаднаас авдаг байсан. Хоёр жилийн өмнөөс дарханд алтан тос гээд ургалмын тосны үйлдвэр байгуулагдсан. Энэ тосыг манай хэрэглэгчид мэдэж байгаа байх.

Тоо баримтыг нь харахаар монгол улсын хэрэгцээний гучин хувийг хангаж чадаж байна шүү. Энэ бол том амжилт.

-Энэ мэтчилэнгээр дотооддоо бүх хүнсээ үйлдвэрлэдэг болохын тулд юу хийх хэргэтэй вэ?

Үүнийг өшөө цааш нь зуун хувь хангадаг байхад чиглэх ёстой. Мэдээж тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа хэрэгтэй. Хамгийн наад зах нь гэхэд үйлдвэрийг өртөтгөх, өргөжүүлэх, рапсынхаа тосыг цэвэршүүлэх, шүүх технологийг нь сайжруулахад  тодорхой хэмжээний зээл  мөнгөн зүйлээр туслах ёстой.

Дараагийн зүйл нь ургамлын тосны гол түүхий эд болох рапсын тариалалтыг зохицуулах хэрэгтэй. Одоо бол монголд тарьж ургуулсан рапсыг шууд түүхийгээр нь БНХАУ-д үнэтэй экспортлоод дотоодын үйлдвэрт өгөхгүй байгаа.

Энэ чиглэлийн бизнесийнхэн мөнгөний ахиуг харах нь аргагүй. Гэхдээ дотоод зах зээлээ хамгаалахын тулд экспортын татварын хэмжээг харж үзмээр санагддаг.

-Үйлдвэрлэгчид үүнийг хүсэх нь аргагүй. Манайх ихэнх бүтээгдэхүүн, бараагаа импортоор авдаг учраас дотоод зах зээлээ хамгаалах бодлого барихад хэцүү биш үү?

Герман, Солонгос гээд олон улс орноос төрөл бүрийн тос орж ирдэг. Тэгэхээр үүний хэмжээг нь багасгах бодлого явуулах хэрэгтэй.

Түүнээс гадна, нэг талаар дотоодын зах зээлээ хамгаалах зүйл дээр ургамлын тос хэрэглэдэг төрийн байгууллагууд, үйлчилгээний цэцэрлэг, батлан хамгаалах, нийтээр  хэрэглэдэг газруудад дотоодынхоо үйлдвэрээс авдаг байх бодлого явуулмаар байгаа юм. Ингэвэл ургамлын тосны үйлдвэрийн хэмжээ нэмэгдэх боломжтой.

-Яг өнөөдөр ямар нэгэн дэмжлэг байхгүй гэж үү?

Ямар ч дэмжлэг байхгүй.

-Дотоодын бүтээгдэхүүний импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц байж чадаж байна уу?

Тосны үйлдвэр бол шинэхэн.  Рапсыг бас сүүлийн хэдэн жил тарьж эхэлж байна. Юм юм нь шинэ учраас аль аль талдаа бодох асуудал бий. Мэдээж ганц үйлдвэрийг дэмжих хэрэгтэй гэж байгаа юм биш. Зүүнхараад бас энэ чиглэлийн үйлдвэр байгуулагдаж байна. Тэд хоорондоо бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлаараа өрсөлдөж үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах учиртай.

-Монголын хүнсчдийн холбооны зүгээс хүнсний салбарт нэн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл гарч ирлээ гэхэд ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Холбоо бол төрийн бус байгууллага. Бид тэдний өмнө ямар асуудал тулгамдаад байна тэрийг нь төр засагт хүргэх гүүр нь болоод тавьж өгдөг.

Ургамлын тосны чиглэлээр сүүлийн хоёр гурван сар маш эрчимтэй ажиллаж байгаа. Тэдний санаачилгыг аль болохоор Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүэд багтаах тал дээр дэмжиж байна. Мөн салбарын яамдад мэдээллийг нь өгдөг. Нэгээр хэлбэл холбогдох төрийн байгууллагуудад дамжуулж ойлгуулах талаар анхаардаг. Энэ бол маш том дэмжлэг.

Гэхдээ манай засгийн газрын барьж буй бодлого, хөтөлбөрүүд нь их ерөнхий тойм байдалтай байдаг. Нэг талаар бодлого байгаа ч юм шиг, байхгүй  ч юм шиг. Их ерөнхий. Ерөнхий зүйлээс олигтой ажил гарахгүй.

Салбарыг хөгжүүлэх бодлого нь судлагаа шинжилгээ, эрэлт хэрэгцээнд тулгуурласан бодитой байх хэрэгтэй. Түүхий эд нөөцөнд нь тулгуурласан, тодорхой судлагаа, баримт, шинжлэх үндэслэлтэйгээр юмийг хийх ёстой. Тоймлоод л байвал тоймлоод л дүгнээд байна.

Яамны зүгээс компаниуд болон үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний тоог хэлж, тайлан тавиад заримдаа өөрсдөө хийсэн мэт аашилдаг нь онцгүй.

Түүний оронд салбарын өрсөлдөх чадварыг нэмээд, чанарыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлж байх хэрэгтэй. Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээрээ анализ хийгээд, импортоо бууруулаад, татварын зөв бодлогоо барих хэрэгтэй