Баярсайхан.Ц 2014.08.15

Найрамдал явах зам олны хөлийн газар болно

Найрамдал явах зам олны хөлийн газар болно
“Дэд бүтэц” төслийн хүрээнд Баянголын аманд ус дулаан дамжуулах төв, цахилгааны дэд станцийг барьжээ.

Бидний хэлж заншсан Баянголын ам буюу Найрамдал зуслан явах зам эл хуль байгаа нь зөвхөн одоогийн дүр зураг юм.

Харин Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслийн хүрээнд Баянголын аманд ус дулаан дамжуулах төв, цахилгааны дэд станцийг барьжээ. Ингэснээр шинээр баригдах орон сууцны хорооллуудыг инженерийн шугам сүлжээнд холбогдох үндсийг бүрдүүлж өгч байгаа юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн  72 дугаар тогтоолоор Баянголын аманд 450 га газрын ерөнхий төлөвлөгөө хийгдсэн бөгөөд энэхүү төлөвлөгөөгөөр Баянголын аманд 18435 өрхийн 70055 хүн амьдрахаар тооцсон байна.

Гэрээт ажлыг 2014 оны 9 дүгээр сардаа багтааж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Үүнээс эхний ээлжинд Москва комплексийг барьж 42 га талбайд 2000 айлын орон сууц, 90 га тадбайд 6000 айлын орон сууц, бага орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууц болон ШУТИС кампус цогцолбор барихаар төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар Баянголын орон сууцны хорооллын 10 ш УДДТ-ийн барилга угсралтын ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд тоног төхөөрөмжийн угсралт, дулаалга, цахилгааны ажлууд болон гадна тохижилтын ажлууд хийгдэж бүрэн дууссан. 

Техникийн комисс ажиллахад бэлэн болсон.  Гэрээт ажлыг 2014 оны 9 дүгээр сардаа багтааж Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Цахилгаан хангамжийн ажлууд бүхэн хийгдэж дууссан боловч тэжээлийн эх үүсвэр одоогоор ашиглалтад ороогүй байгаагаас хамааран Улсын комисс ажиллаагүй хүлээгдэж байгаа аж.

Эдгээр ажлын гүйцэтгэгчээр  “Цацрах цог” ХХК, “Монцахэр ХХК, “Баянтогтоц” ХХК, “Да хот” ХХК, “Шугам” ХХК, “Одкон холдинг” ХХК -иудын түншлэл ажиллажээ.  

Баянголын аманд “Дэд бүтэц” төслийн багийхан цахилгаан дулааны ажлыг жил хүрэхгүй хугацаанд хийсэн байна.

Тус төслийн баг бүтээн байгуулалтын ажилд үндэсний компаниудыг татан оролцуулж байгаараа онцлогтой. Харин техник технологийн хувьд герман, турк, солонгос зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа ажээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамрах Баянголын аманд “Дэд бүтэц” төслийн багийхан цахилгаан дулааны ажлыг жил хүрэхгүй хугацаанд хийсэн байна.

Баянголын аманд одоогийн байдлаар Буман-Өлзий орон сууцны хороолол, Гандирс хороолол баригдаж байгаа бөгөөд цаашид орон сууцны томоохон хороолол сүндэрлэх төлөв харагдаж байгаа нь нийслэл хотын төвлөрлийг сааруулахад ихээхэн чухал байр суурь эзлэх нь дамжиггүй.