Х.Баттулга Баянхонгор нутгийн сумдад өнгөрсөн долоо хоногт /наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд/ ажиллав
2014.08.21

Хонгорынхон хоршоололд нэгдэхээр чармайж байна

Наадмын дараа намар гэдэг дээ. Хааяахан нэг сэвэлзэх салхи эрхгүй намар болсныг мэдрүүлэх ч монгол цаг тооллоор бол зуны адаг цагаагчин хонин сар болж байна.

Ийнхүү нарлаг өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн сонгогдсон тойрог болох Баянхонгор нутгийн сумдад өнгөрсөн долоо хоногт /наймдугаар сарын 13-18-ны өдрүүдэд/ ажилласан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөөс дагалдан явсан юм.

Энэ жил бороо хур элбэг орсон тул Хонгор нутаг сайхан зуншиж буйг нутгийн иргэд, ярьцгаана.

УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймгийн зургаан суманд очиж, сумын аж байдалтай танилцан, нутгийн удирдлага, иргэдтэй цаг хугацаанд баригдалгүй аажуу тайван уулзан, санал, сэтгэгдлийг нь сонсч, 20 мянган сарлагын баярт оролцсон юм.

Нарлаг, налгар сайхан өдрүүдэд таарсан тойргийн ажил, томилолтоор бид наймдугаар сарын 13 -ны өдөр хотоос гарч, орой нь аймгийн төв дээр ирсэн байлаа. Бид эндээ буудаллаж, маргааш нь Галуут сум руу явах төлөвлөгөөтэй байв.

Баянхонгор хотыг хэсэг зуур ажиглахад боломжийн хэмжээнд хөгжсөн гэж дүгнэмээр. Аливаа аймгийн төв, сумыг зорьж явахад алсаас тухайн хот, сумын хөгжил, зохион байгуулалт нь нүднээ илт байдаг.

Баянхонгор аймгийн хүн амын 70 хувь нь аймгийн төвдөө төвлөрсөн гэдэг ч төв рүүгээ тэмүүлсэн иргэдийн эмх замбараагүй бөөгнөрөлд автаагүй, их цэгцтэй. Аймгийн төвийн барилгуудыг аажмаар шинэчилсээр өдий зэрэгтээ хүрсэн бөгөөд зам, гэрэлтүүлэг нь илт сайжирчээ.

Баянхонгор аймгийн хүн амын 70 хувь нь аймгийн төвдөө төвлөрсөн гэдэг ч төв рүүгээ тэмүүлсэн иргэдийн эмх замбараагүй бөөгнөрөлд автаагүй, их цэгцтэй

Баянхонгор хотын төв хэсэгт нийт 17 камер байсан бол 40 болон нэмэгдэж, замын хурд сааруулагч, дохио, тэмдэглэгээг ч нэмсэн байна. Эдгээр нь төвлөрсөн хот, суурин газрын энгийн нэг байх ёстой асуудал авч, аймгийн төвүүдэд аажмаар хийх л ёстой шинэчлэл. Тиймдээ ч аймгийн төв, сумын бүтээн байгуулалт, засварын ажлыг жижиг гэлтгүй анзаарч явсан юм.

Тойргийн ажлаар нийт зургаан сумаар орсон тул сум бүр сонин хачинтай. Тойрогтоо ажиллаж буй гишүүнд нутгийн удирдлагууд олон хүсэлт, санал гаргаж, тусламж хүсч байлаа. Тиймээс энэ удаад Галуут суманд болсон хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөнийг онцолъё.

"Хоршоологчдыг дэмжих хууль эрх зүйн орчин шаардлагатай"

Баянхонгор аймаг Монголын байгалийн дөрвөн бүсийг хамран оршдог цорын ганц аймаг. Улсдаа газар нутгийн хэмжээгээр дөрөвдүгээрт, хүн амын тоогоор аравдугаарт, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 12 дугаарт бичигддэг ажээ. Аймгийн ажилгүйчүүдийн түвшин улсын дунджаас бага гэх зэргээр улсын хөгжилд уг аймаг чухал оролцоотойд тооцогдох нь бий. Хонгор нутгийг зорьсон чухал асуудлын нэг нь хоршоологчдын дуу хоолойг сонсох байлаа.

Тус аймгийн Галуут суманд наймдугаар сарын 15-нд "Төр-Хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь" сэдэвт Хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвөлгөөн болж, сумдаас төлөөлөл ирж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Жаргалсайхан болон албаныхан мэдээлэл хийн малчид, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

Нэгдэлч хөдөлгөөнөөс үүсэлтэй хоршоолол бүх цаг үеийн туршид, эдийн засгийн ямар ч нөхцөл байдлын үед хэрэгтэйг хөдөө аж ахуйн улсын зөвөлгөөнөөр онцолж байлаа. 1990 онд нийгэм өөрчлөгдөж, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр ихэнх хоршоолол задран бутарсан гэдэг.

Том үйлдвэрүүд хаалгаа барихад хүрч байсан тэр үед хоршоолол задрах энүүхэнд биз ээ. Түүнээс хойшхи он жилүүдэд нэгдэлч хөдөлгөөнөөс эхтэй хоршооллууд цөөн, цөөнөөр эргэн нэгдэж, одоо бол ач тустайд нийтээрээ санал нэгдэх болжээ.

Тиймдээ ч хоршоологчдын дуу хоолойг тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд "чих тавин" сонсч, ярилцсан юм.

Зөвөлгөөний үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан "Улс орны эдийн засаг хүндрэхэд авардаг гарц нь хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хоршоололд нэгдэх явдал байдаг. Бидний хувьд цагаан идээний зах зээл аймагтаа багадаж байна. Тиймээс зөвхөн аймгаараа хязгаарлагдахгүй, хоршоололд нэгдэж, өөр аймагт борлуулалт хийх хэрэгтэй болсон" гэж онцолсон.

Тиймээс зөвхөн аймгаараа хязгаарлагдахгүй, хоршоололд нэгдэж, өөр аймагт борлуулалт хийх хэрэгтэй болсон

УИХ-ын гишүүн Х.Баттулга "Монголчууд жилдээ 10 сая ширхэг арьс, шир боловсруулсаныхаа 80 хувийг түүхийгээр гадагш нь гаргаж байна. Үүний оронд дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээсэн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хоршоологчид хэрэгтэй. Бид одоо байгаа нөөц боломжоо харахад "Шинэ сум"-ын бүтээн байгуулалтаар суманд хэрэгтэй обьектуудыг шинээр барьж байгаа. Энэ хүрээнд сумын хуучин захиргааны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байранд хоршоологчид маань орж, ажиллах боломж бүрдэж байна" гэж хэлсэн юм.Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Мал аж ахуй хүнд цаг үед дэмжлэггүй байсаар ирсэн. Одоо бол нийгэм, эдийн засаг өөрчлөгдөж, мал аж ахуйд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо. Хоршооны тухай хууль анх 1997 онд батлагдсан. Одоо бодлогын хувьд өөрчлөх цаг нь ирсэн. Жишээ нь, банкнаас зөвхөн компаниуд л зээл авдаг байх ёсгүй шүү дээ. Хоршоологчид банкнаас хэрхэн зээл авах талаар бодлогын зохицуулалт хиймээр байна" гэв.

Улсын хэмжээнд одоогоор 3000 орчим хоршоолол байдаг гэсэн тооцоо байдгаас 600 нь Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоонд нэгдсэн байна. Үүнээс дийлэнх нь мал аж ахуйнх ажээ. Хоршоололд уриалах учир нь малчин бүр тогтмол орлоготой болж, нийгмийн даатгал төлөх, үл хөдлөх хөрөнгөтэй болох, цаашлаад үндэсний саятан, тэрбумтнуудтай болох "зам засагдах" юм байна. Хамгийн гол нь малчид малаа үндсэн хөрөнгө биш, эргэлтийн хөрөнгө гэдэг ойлголтоор хандаж, хоршооллоороо хамтдаа бэлтгэсэн түүхий эдээ хөдөө аж ахуйн биржид тушаан, орлогоо тогтворжуулах хэрэгтэй болжээ.

Эндээс дүгнэхэд Баянхонгор аймаг, сумдын бүтээн байгуулалт аажмаар өрнөж, хамтаараа зүтгэж, түүхий эд, бүтээгдэхүүнийхээ зах зээлийг нарийн судалж, аймгаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл нь илүүтэй нэмэгдсэнийг онцлох нь зүйтэй.

Хонгор нутгийн сумдаар явсан тэмдэглэлийг үргэлжлүүлэн хүргэх болно.