2014.08.29

Н.Алгаа: Хайгуулын чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт орно

Сонгон шалгаруулалтаар олгодог байсан зөвшөөрлүүдийг  бууруулаад, түрүүлж өргөдлөө өгсөнд нь зөвшөөрөл олгодог  Олон улсын зарчим руу Ашигт малтмалын хууль чиглэсэн нь Хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл болж байгаа юм. 

Үүнээс гадна манай улсад хүйтний улирал урт үргэлжилдэг учраас хугацааг нь есөн жил байсныг 12 жил болгосон нь Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэнд таатай нөхцөл болсон байна.  

Үүний талаар  Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Хөрөнгө оруулагчид хууль хэрэгжээгүй байгаа болохоор хүлээлтийн байдалтай байна. Хэрэв лиценз олгогдоод эхэлвэл хайгуулын ажилд түлхүү хөрөнгө оруулалт хийгдэх болов уу гэж бодож байна” гэв.

2013 онд 5.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт Уул уурхайн салбарт хийгджээ

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэлтийг 1997-2013 онтой харьцуулахад жил бүр нэмэгдэж байсан дүнтэй байна. Өөрөөр хэлбэл 1997 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 260 тэрбум төгрөг байсан бол 2011 онд 3.6 их наяд, өнгөрсөн он гэхэд 3.5 их наяд төгрөгт хүрсэн байна. 

Харин хөрөнгө оруулалтын хувьд 2009 онд 18.3 тэрбум төгрөг байж, 2010 он гэхэд 2.9 их наяд төгрөгт хүрч, 2011 он 3.7 их наяд хүрсэн бол өнгөрөгч онд 5.7 их наяд төгрөгт хүрч өссөн байна.