Сономпил.М 2014.09.03 | ХМА: Яам

Эрчим хүчний сайд орон нутагт ажиллав

Эрчим хүчний сайд орон нутагт ажиллав
М.Сономпил өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллав

Монгол Улсын Эрчим хүчний сайд М.Сономпил өнгөрсөн амралтын өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллаж салбарынхаа 2014 оны өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Алхагч эксковатор угсарч байна.

Эрчим хүчний сайд томилолтынхоо эхэнд Говьсүмбэр аймаг дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцав.

Төвийн эрчим хүчний томоохон эх үүсвэр болох 4 дүгээр цахилгаан станцыг нүүрсээр хангадаг  Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хамт олон өвлийн бэлтгэл ажлаа эртнээс сайн хангажээ.

Тус уурхай жилдээ 2 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Одоогийн байдлаар 1,1 сая тонн нүүрсний нөөц бүрдүүлээд олборлоход бэлэн болжээ. Тус уурхайнхан өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 18 куб метрийн шанагатай алхагч  эксковаторыг угсарч дуусч байна.

Ингэснээр нүүрс олборлолтын хэмжээ бараг 50 хувь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж  Шивээ-Овоо ТӨХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбаатар хэллээ.

Өвлийн их ачааллын үед 13 МВт эрчим хчү хэрэглэдэг

Дараа нь Эрчим хүчний сайд Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний харьяа Дорноговь аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус салбар нь 2014 оны өвлийн бэлтгэл хангах, их бага ба урсгал засварын ажилд нийтдээ 200 гаруй сая төгрөгийн ажил төлөвлөснөөс 80 гаруй хувийн биелэлттэй байгаа тухайгаа салбарын захирал Ц.Мөнхтогоо хэллээ.

Тус салбарынхан шинээр Сайншанд суманд 10 квт-ын 2 хувиарлах байгууламж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг барьж ашиглалтад оруулсан байна.

Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хувьд 10/6 кв-ын аваарын нөөц 10 трансформатор, 2 км-ын агаарын шугамын эд анги, 1000 метр кабель шугамын нөөцтэйгээр өвлийн бэлтгэлийг хангажээ. Дорноговь аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбар нь өвлийн их ачааллын үед 13 МВт, зуны бага ачааллын үед 8 МВт ачаалал авч сардаа 4-6 сая квт цахилгаан эрчим хүч худалдан авч, 380-450 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа ажээ.

2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахыг хүслээ

Дорноговь аймгийн Сайншанд, Зүүнбаян, Айраг, Их хэт, Өргөн, Замын-Үүд сумдын албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн иргэдэд дулааны болон усан хангамж, ариутгах татуурга, хот тохижилтын үйлчилгээ явуулдаг “Чандмань илч” орон нутгийн өмчит ХХК нь өвлийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн 620 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншандын Дулааны станцын 3 дугаар зууханд их засвар хийж, одоо 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.

Түүнчлэн компанийн өөрийн 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншандын Дулааны станцад  нүүрс шидэгч, утаа сорогч, агаарын хоолой болон бусад тоноглолуудад засвар хийж, 370 метр цэвэр усны болон дулааны шугамыг сольж шинэчилжээ.

Цаашид Сайншанд суманд барилгажилт нэмэгдэж, дулааны ачаалал өсөх хандлагатай байгаа тул эх үүсвэрийн чадлыг нэмэгдүүлж, 1 ба 2 дугаар зуухыг шинэчлэх шаардлагатай байгаа тухайгаа “Чандмань илч” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагва хэллээ.

Эдгээр 2 зуухыг шинэчлэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийг 2015, 2016 оны улсын төсөвт суулгаж өгөх боломжтой гэдгийг Эрчим хүчний сайд М.Сономпил хэллээ.

 Дулааны станцын барилгын ажил эхэлжээ

Сайншанд, Замын-Үүд сумдад Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Сайншанд сумын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх ажлын гүйцэтгэл 68 хувийн биелэлттэй байгаа ажээ. Энэ ажлыг гэрээнд заасан хугацаандаа буюу дулааны шугамыг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны дотор, цэвэр, бохир усны шугамыг  2014 оны 10 дугаар сарын 30 –ны дотор тус тус дуусгах юм байна.

Мөн Сайншианд-2 шинэ суурьшлын бүсийг дулаанаар хангах 8.4 МВт-ын Дулааны станцын барилгын ажил эхэлжээ. Зуух, тоног төхөөрөмжийг татаж авчирсан байна.  

Өөрсдөө барилгын ажилд оролцох нь зүйтэй гэв

Дорноговь аймагт Мандах, Хатанбулаг сумууд төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байна.

Иймд эдгээр сумдыг төвийн эрчим хүчний системд холбох ажлыг яаралтай зохион байгуулж өгөөч гэсэн хүсэлтийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг Эрчим хүчний сайдад тавьлаа. Тендер шалгаруурлалт зарлаж, гүйцэтгэгч компани олох гэж цаг алдаж байхын оронд Дорноговь аймаг дахь Цахилгаан түгээх сүлжээ салбарынхан тооцоо судалгаагаа хийгээд өөрсдөө барилгын ажилд оролцох нь зүйтэй гэж Эрчим хүчний сайд зөвлөлөө. Нэгэнт хөрөнгийн асуудал нь шийдэгдсэн ажлыг цаг алдахгүй эхлэх талаар хаана хаанаа санаачлагатай ажиллах нь зүйтэй гэж тэр нэмж хэлэв.

Шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх ажил ид өрнөж байна

Дараа нь Эрчим хүчний сайд Замын-Үүд суманд ажилалаа. Замын-Үүд суманд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх төсөл мөн хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд 90 МВт-ын Дулааны станц баригдаж дуусах гэж байна. Гүйцэтгэгч компанийн хэлж байгаагаар энэ оны 11 дүгээр сард ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Харин дулааны болон цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний ажлууд 70-85 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэхдээ гүйцэтгэлийн ажлын чанар байдалд анхаарах асуудал нэлээд байгаа учраас ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Баярбаатарын зүгээс тодорхой үүрэг даалгавар, зөвлөмжийг өглөө.

Эрчим хүчний сайдын орон нутаг дахь томилолтын хүрээнд Дорноговь аймгийн Өргөн суманд шинээр барьсан цахилгааны дэд станцын барилгыг улсын комисс хүлээн авч, хүчдэлд залгалаа.