Монгол Оросын Хууль зүйн сайдууд Хамтын ажиллагааны хэлэлцээрээ шинэчлэн батлав
Монгол Оросын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, А.В.Коновалов нар
2014.09.05

Монгол Оросын Хууль зүйн сайдууд Хамтын ажиллагааны хэлэлцээрээ шинэчлэн батлав

Монгол Улсын Хууль зүйн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хооронд найрсаг, нөхөрсөг түүхэн харилцаатай билээ.

Анх 2000 оны 10 дугаар сард Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам /хуучин нэр/ Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах хөтөлбөрүүдийг байгуулж яам болон тэдгээрийн харьяа байгууллагуудын төлөөлөгчдийн харилцан айлчлал, хамтарсан арга хэмжээг жил болгон зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэл болон Оросын Холбооны Улсын хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Хууль зүй яам, Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байна.

Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжих, чингэхдээ туршлага, мэдээлэл солилцохоос гадна, хууль зүйн яамны харьяа байгууллагын боловсон хүчинг бэлтгэх, дахин сургах, мэргэшил дээшлүүлэх боломж нэмэгдэж байгаагаар ач холбогдолтой юм.  

Энэхүү хэлэлцээрт Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэр  монголын талаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, оросын талаас Оросын Холбооны Улсын Хууль зүйн сайд А.В.Коновалов нар гарын үсэг зурав.

Мөн түүнчлэн Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Оросын Холбооны Улсын Хууль зүйн сайд А.В.Коновалов нар тус айлчлалын хүрээнд уулзаж хоёр улсын хууль зүйн яамд хоорондын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.