2014.09.12

Д.Баттулга: Дахин төлөвлөсөн байршилд дэд бүтцийн асуудал чухал

Гэр хорооллыг дахин төлөвлөх 21-н байршлыг тогтоосон. Эдгээр байршилд нийт 69 мянган хүн ам амьдардаг байна. Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар үе шатандаа үргэлжилж байгаатай хотын удирдлагууд танилцлаа.

Дахин төлөвлөлтөнд оролцож байгаа компаниуд иргэдтэй сайн тохиролцож бүтээн байгуулалтаа хугацаандаа хийж байна гэж Нийслэлийн удирдлагууд дүгнэлээ.

2013 онд НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу 1320 га талбай бүхий 21-н байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, нийтийн болон амины орон сууцны хороолол барихаар болсон.

Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийт хорь гаруй газар дахин төлөвлөж бүтээн байгуулалт хийж байгаа. Түүнчлэн зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эхлүүлсэн компани бол 30-аад байна. Гүйцэтгэгч компаниудын хувьд хамгийн том ажил дэд бүтцийн асуудлыг шийдэх байсан. Түүнийгээ сайн ч шийдсэн байна” гэж хэллээ.

Төсөл хэрэгжүүлэгч компаниуд эхний ээлжинд 3200 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байна.