Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дорнод аймагт ажиллаж байна
2014.09.15

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дорнод аймагт ажиллаж байна

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дорнод аймагт ажиллах үеэр Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн 90 жил, Барилгын МСҮТ-ийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.

Улсдаа ууганд тооцогдох эдгээр сургуулиуд мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хийсэн бүтээсэн үйлсээрээ бахархан, амжилт бүтээлээ энэ өдрүүдэд дүгнэж байна.

 Ойн арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Болорчулуун болон албаны хүмүүс оролцож байна. Баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөрийн сайд онцлохдоо “Сүүлийн жилүүдэд манай улсад Мэргэжилтэй ажилтны хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж, ард иргэд МСҮТ-ийг ихээр зорьж, богино хугацаанд мэргэжилтэй ажилтан болохыг эрмэлзэх болжээ.

Энэ нь Мэргэжлийн боловсролын салбарт хүчин зүтгэж явсан, өдгөө сэтгэл зүрхээ зориулан байгаа та бүхний нөр их хөдөлмөр, олон жилийн ажлын хөлс хүч юм шүү.

Үе үеийн ахмад багш, төгсөгчдийн Мэргэжлийн боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, ажлын амжилт үүнд ихээр нөлөөлж байгаа. Та бүхний бүтээсэн энэ бахархам түүхийг бид цааш үргэлжлүүлж, улам улам амжилттай ажиллах болно” гэлээ.

Тус сургуулиудын ойн баярт ахмад багш нар, үе үеийн төгсөгчид олноор хүрэлцэн ирж, сургуулийнхаа ойн баярт мялаалга өргөн, амьдралын их сургуульд хөтөлсөн төрөлх сургуулидаа дахин цугларсандаа баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Дорнод аймагт 1963 онд “Сургууль комбинат” нэртэйгээр байгуулагдаж, 1964 онд СНЗ-ын 265 дугаар тогтоолоор Барилгын техник мэргэжлийн сургууль болж өргөжин, 1991 МСҮТ болон хүрээгээ тэлсэн Барилгын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь өнөөдөр 30 багш, 26 ажилтан, албан хаагч, 450 суралцагчидтайгаар барилга, авто замын 10 мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургууль 1964 оноос эхлэн 25 мэргэжлээр нийтдээ 8331 мэргэжилтэй ажилтан бэлтгэн төгсгөсөн аж. Мөн Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 309 иргэнд мэргэжил олгож, байнгын ажлын байраар хангажээ. Тус төв нь 2008 оноос барилга угсралтын ажлыг бие даан гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд 7 обьект барьж, 327,5 сая төгрөгийн ажил хийж, оюутан сурагчдынхаа орлогыг нэмэгдүүлсэн аж.

Харин 2014 онд зохион байгуулагдсан Монгол ур чадвар улсын уралдаанд өрөг угсрагчийн төрөлд тус сургуулийн мастер багш Ч.Баатарын шавь нар нэгдүгээр байр эзэлж, 2015 онд Бразил улсад зохион байгуулагдах дэлхийн ур чаварын олимпод оролцох эрх авсан гээд энэ сургуулийн үзүүлсэн амжилтыг тоолоод баршгүй юм.

Улсдаа ууган сургуулиудын нэгд тооцогдох Дорнод аймаг дахь Политехник коллеж өнөөдөр 90 жилийн ойтойгоо тохиож байна.

Тус сургууль нь 1924 онд УБ хотод Мал эмнэлгийн сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал, 1958 оноос Дорнод аймагт шилжин “ХАА-н техникум” нэрээр, 1991 оноос Шаталсан сургалттай техник технологийн сургууль нэрээр үйл ажиллагаа явуулж иржээ. Харин 2012 оноос сургалт, эрдэм шинжилгээний цар хүрээгээ өргөтгөж Дорнод Политехник коллеж нэртэй болсон байна.

Дорнодын Политехникийн коллежийн 38 багш, 12 мянган мэргэжилтэн бэлтгэсэн туршлагадаа тулгуурлан 20 орчим сургалтын ном, хөтөлбөр, гарын авлагыг эх хэлээрээ гаргаж, хийсэн ажил, хэлэх үгтэй хамт олон юм.

Ийнхүү Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэргэжлийн боловсролын салбарын түүхэнд тодоор тэмдэглэгдэх түүхт сургуулидын ой энэ өдрүүдэд оролцож, үе үеийн багш, төгсөгчид хүндэтгэл  үзүүллээ. Тэрээр өнөөдөр Дорнод аймаг дахь Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан зээл, тусламжид хамрагдсан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидийн үйл ажиллагаатай танилцах юм.