Ингэний сүүг хэрхэн боловсруулж, ашиглах талаар ярилцлаа
Манай Ассоциаци байгуулагдсан 5 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд бид өрхийн аж ахуйг дэмжих, нутаг нутгийн шилдэг хүнсний сор бүтээгдэхүүн бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.
2014.09.15

Ингэний сүүг хэрхэн боловсруулж, ашиглах талаар ярилцлаа

Монголын Хүнс, ХАА-н Үндэсний Ассоциацийн салбар Баянхонгор аймгийн Баянлиг сумын салбар зөвлөлийн тэргүүн, тэмээчин Г.Цогнамжил гуайн санаачилгаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбар, тэмээчдийн оролцоо” сэдэвт ингэний сүү үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэг өнгөрсөн сард болжээ. Тус хэлэлцүүлгийн талаар Монголын Хүнс, ХАА-н Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Р.Мөнхбаттай ярилцлаа.   

-Баянхонгор аймагт өрхийн аж ахуй хэрхэн хөгжиж байна вэ. Түүнчлэн ингэний сүү үйлдвэрлэгчдийн хувьд байдал хэр байна?

Манай Ассоциаци байгуулагдсан 5 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд бид өрхийн аж ахуйг дэмжих, нутаг нутгийн шилдэг хүнсний сор бүтээгдэхүүн бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.

Манай салбар нийслэл, 20 шахам аймаг болон сумдад байгуулагдан амжилттай ажиллаж байгаагийн нэг нь тэмээнийхээ тоогоор улсдаа хоёрдугаарт ордог Баянхонгор аймгийн Баянлиг сум юм. Тус сумын малчин Г.Цогнамжил гуайн санаачлан идэвхтэйгээр ассоциацийнхаа салбарыг байгуулсан.

Монголд улсад байгаа ингэний 80 хувийг саалинд хамруулж чадвал 70 сая литр болох тооцоо байдаг

Энд удаагийн Баянлиг суманд ингэний сүүг хэрхэн боловсруулж зах зээлд гаргах, хэрэглэгчдэд хүргэх талаар болж буй хэлэлцүүлэг нь чухал ач холбогдолтой юм. Ингэний сүүний илчлэг чанар нь 108,8 калори байхад үнээний сүүнийх 62 калори байх жишээтэй. Ингэний сүүг монгол эмчилгээнд хаван хөөх, сүрьеэ, зэрэг өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.

Ингэний сүү хэрэглэдэг хүмүүс хорт хавдраар өвчилдөггүй гэсэн судалгаа бий. Арабын орнуудын тэмээчин бедуинууд бараг өвчилдөггүй нь тогтоогдсон байдаг. Одоо Астрахань мужид ингэний сүүгээр “шубат” нэртэй ундааг гаргаж эмчилгээнд хэрэглээд байна. Залуужуулдаг, сүрьеэ эмчилдэг, вирусын халдварт хүнд өвчнөөс урьдчилан сэргийлдэг гээд олон талын үр дүнтэй гэнэ.

Казахстанд 200 гаруй мянган тэмээтэй Таушык аж ахуй сүүг хуванцар саванд савлаж үйлдвэрийн аргаар боловсруулан, долоо хоногт 1,5 тонн, жилд 100 тонныг зах зээлд гаргаж байна. "Түүнчлэн ингэний болон гүүний хуурай сүүг хэрэглэж байна. Эрүүл мэнд, гоо сайхных нь талаас үзүүлдэг гайхалтай сайн нөлөөг нь үнэлж Франц болон Египетэд ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг ихээр сонирхож хэрэглэх болжээ.

Ийм учраас бидэнд сүүг үйлдвэрлэлийн аргаар савлаж боловсруулах, хуурай сүү хэлбэрээр ашиглаж чадах юм бол Монголд улсад байгаа ингэний 80 хувийг саалинд хамруулж чадвал 70 сая литр болох тооцоо байдаг. Мөн түүнчлэн бөөрний сувилал байгуулж ингэний сүүг эмчилгээнд хэрэглэж байгаа туршлага манай оронд бий.

-Ингэний сүүг хэрхэн бренд болгох вэ?

Сүүг бренд болгоход эрүүл ахуйн стандарт маш чухал. Энэ бүх асуудлыг хэрхэн сумын хэмжээнд шийдвэрлэх талаар болж байгаа энэхүү зөвлөгөөнд олон тэмээчид, гавьяат малчин Г.Тойвгоо мөн гавьяат, мянгат малчин Ц.Шинэн нарын үе уламжлан тэмээ маллаж байгаа туршлагатай хүмүүс оролцож байна.

Аймаг орон нутгийн зүгээс энэхүү хэлэлцүүлэгт өндөр ач холбогдол өгч Аймгийн засаг даргын Тамгын газрын дарга О.Тойвгоо болон Аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Ассоциацийн салбар зөвлөлийн төлөөлөгчид, Баянлиг сумын Засаг дарга С.Амарсанаа нар оролцлоо. Мөн “Шинэ хот айл” төслийг сумандаа санаачлан хэрэгжүүлж байгаа Р.Адъяа гуайн туршлагыг нэвтрүүлэх бүрэн боломжтой санагдлаа.

Арабын эрдэмтэн судлаачид тэмээний дархлааны систем төгс төгөлдөр учир нянгийн халдвар авдаггүйг тогтоосон байдаг. Тэмээний антителийг хүний биеийн эсэд оруулбал вирус өвчлөлийг ялж чадна гэдэг эрдэмтдийн таамаглал ч байдаг юм билээ. Хувилай хааны үед монголчууд сүүг холын аянд авч явахдаа ширмэн тогоон дээр улайсгаж хатаан хуурай сүү хийдэг байсан уламжлалтайг түүхэн ном судруудаас үзэж болно.

Мөн түүнчлэн Дундговийн Өлзийт сумын Дарцагт бүлэг шар сүүгээ чацарганаар баяжуулаад  эмчилгээнд хэрэглэж эхлээд  байна. Энэ шар сүүний ундаа нь цөс, ходоод, гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн болжээ.

-Ер нь цаашид монголд үйлдвэрлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний чанараа хэрхэн сайжруулах вэ?

Манай хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь импортоор авдаг чанартай чанаргүй, хяналт шалгалт муутай, хадгалалт тээвэрлэлтийн горим журам нь алдагдсан бүтээгдэхүүн зонхилж байдаг гэхэд хилсдэхгүй байх. Үүнтэй уялдаад манай улсын хүн амын өвчлөлтийн 70 гаруй хувь нь хүнсний бүтээгдэхүүний чанараас шалтгаалж байна гэсэн статистик мэдээ байдаг.

Гэтэл манай оронд хэдэн зуу мянган жилээр амьдрал дээр шалгагдан хэрэглэгдэж ирсэн экологийн цэвэр ариун хүнсний бүтээгдэхүүн мах, сүү, түүний дотор ингэний сүү айраг, ундаа. ааруул зэрэг жинхэнэ бренд бүтээгдэхүүнүүд маш олон байдаг.

 Ярилцсанд баярлалаа.