Д.Ганбат: Хилийн боомтын тухай хууль цагаа олж батлагджээ
2014.09.19

Д.Ганбат: Хилийн боомтын тухай хууль цагаа олж батлагджээ

Хууль зүйн байнгын хорооныхон хил хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.

 Хууль зүйн салбарын шнэчлэлийн хүрээнд хил хамгаалах байгууллагын бүтэц зохион байгуулалт оновчтой болж техник хэрэгсэл сайжирч дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг тус байгууллагынхан хэлж байсан юм.

Монгол улсын дархан хилийг манаж буй төвөөс алслагдсан анги нэгтгэлийнхэн мэдээллээ өөр хоорондоо интернетээр дамжуулдаг болсон нь томоохон бодитой өөрчлөлт болжээ. Үүнээс гадна хилийн анги отрядууд онлайн сүлжээгээр холбогдож цахим хурал хийдэг болсон байна. Ингэснээр хилийн нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг тэр дор нь гаргах мөн цахим сургалтыг зохион байгуулдаг боломжтой болсон байна.

Сүүлийн жилүүдэд иргэдийн хилээр зорчих явдал ихэсч байгаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: “Хоёр том их гүрэнтэйгээ харилцахын тулд хилийн олон үйлчилгээ хэрэгтэй байдаг. Сүүлийн жилүүдэд иргэдийн хилээр зорчих явдал ихэсч байгаа. ОХУ-тай визгүй болсон нь хилийн боомтын тухай хууль цагаа олж батлагдсаныг харуулж байна” гэлээ.

Хил хамгаалах байгууллага жилийн 12 сая төгрөгийн төлбөртэйгөөр “google” компаниас хилийн байдлыг сансараас 3d-р харж хяналт тавих системийг авч ашиглаж байгаа юм.  Мөн хилчдийг хилийн тухай мэдээллээ газарзүйн байдлаас үл хамааран мэдээлэх боломжтой төхөөрөмжөөр хангасан байна.

Ийм төхөөрөмж хил хамгаалах байгууллагын хэмжээнд 400 ширхэг байгаа юм. Мөн үүнээс гадна Замын-Үүдийн боомт орчим байрлуулсан дулаан мэдэрдэг хяналтын камерын тусламжтайгаар БНХАУ-ын хил зөрчигч дөрвөн иргэнийг 15 минутын дотор илрүүлэн саатуулжээ. Дээрх шинэчлэлүүд нь хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж байгааг албаныхан онцолж байлаа.