Улаан.Ч 2014.09.22 | Сонин: Өглөөний сонин

Ч.Улаан: Хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорьж байна

Ч.Улаан: Хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорьж байна
Сангийн сайд Ч.Улаан

Сангийн сайд Ч.Улаантай хөрөнгийн зах зээлийн асуудлаар ярилцлаа.

-Та өнгөрсөн долоо хо­ногт Лондон хотноо ажил­­­­лаад ирлээ. Явсан аж­лын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлбэл?

Монголын Хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоо­рон­­дын стратегийн хам­тын ажиллагааг да­хин гур­ван жилээр сун­гах гэ­рээнд гарын үсэг зурж батал­­гаажууллаа.

Өм­­нө эх­­лүүлээд дуусгаж ча­­даа­­гүй ажлаа гүйцээн хийх хөрөнгийн зах зээ­лийн хөгжлийг түр­гэтгэх зорил­готой юм. Лондон дах хөрөнгө оруу­лагч, со­нир­хогч нар­тай уулзаж га­даа­дын шууд хөрөнгө оруу­лалтыг нэмэгдүүлэх Зас­гийн газ­рын байр суурь, бодлого, үйл ажиллагааг таниулах, эдийн засаг сан­хүүгийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох ажлыг бас хийж гүйцэтгэлээ. 

-2011 оны Лондонтой байгуулсан гэрээг Мон­голын талд ашиггүй гэрээ байсан. Ажилладаггүй программ хангамжийг өндөр үнээр шахсан гэх зэ­рэг сөрөг мэдээлэл гарсан шүү дээ. Тэгэхээр энэ удаа бас ямар гэрээ зур­чихав гэж хүмүүс со­нирхож байгаа байх? 

Үнэндээ өмнөх гэрээ­ний хэрэгжилтийг зохион бай­гуулж чадаагүйгээс хамт­­ран ажиллах түн­шийн­­хээ нэр хүндэд сэв суул­гасан харамсалтай явдал болжээ. Үүнийг нуу­гаад яах вэ, хүлээн зөв­шөөрөх нь зөв. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр зөвхөн бид­нээс, өөрсдөөс маань шалт­гаалсан нь то­дорхой байна.

Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны шинэч­лэлтийг хэрэгжүүлж ча­да­агүй, хэрэгжүүлэх арга эвээ ч олоогүй явж иржээ. Хөрөнгийн зах зээлд орол­цогч байгууллагууд бо­лох Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ-ийн /Үнэт Цаас­ны Төлбөр Тооцоо, Төв­лөрсөн Хадгаламжийн Төв/ брокер, дилерийн ком­па­ниудаас эхлээд Арилжаа эрхлэгчдийн холбоод хүр­тэл хоорондоо үл ойлголц­соноос болжээ.

Санхүүгийн зохицуулах хороо, Тө­рийн өмчийн хорооноос тавьж байсан шаардлага, хү­чин чар­майлт үр дүнд хүр­сэнгүй.

Хөрөнгийн бирж болон ҮЦТТТХТөвийн үйл ажил­лагааг оновчтой уял­дуул­сан зохистой бүтцийг олж, өөрчлөн зохион бай­гуулах шаардлагатай болсон бай­лаа. Засгийн газар анхаар­­лаа хандуулахаас өөр арга­­гүй нөхцөл байдал үүс­­сэн.

Санхүүгийн Зохи­цуу­лах Хороо ч мөн Арил­жаа эрхлэгчдийн хол­бооны зохицуулалтын асууд­лыг ну­хацтай авч үзэх шаард­лагатай болсон.

Хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийн үндэс суурь болсон цэвэр сан­хүү­гийн мэргэжлийн бай­гууллага юм.
-Үе үеийн Засгийн газ­рын мөрийн хөтөлбөрт Хө­рөнгийн биржийг, хөрөн­гийн зах зээлийг хөгжүүлнэ гэсэн зорилтууд байсан. Гэтэл та хөгжил хангалтгүй байна гэж байна. Шалтгаан юу байв?

Хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийн үндэс суурь болсон цэвэр сан­хүү­гийн мэргэжлийн бай­гууллага юм. Тэнд ажил­­лах боловсон хүчинд мэр­гэж­лийн өндөр шалгуур тавигддаг.

Өнгөрсөн хуга­цаанд тус бай­гууллагын удирдлагад мэр­гэжлийн бус, ажлын турш­­лага бага­тай хүмүүсийг намын харьяал­­лаар томилж бай­сан. Хөрөнгийн биржид хувь­цаа, бонд гэхээсээ төмс лууван зардаг байсан үе бий.

Хөрөнгийн зах зээлийн хөгж­лийг саатуулсныхаа го­рыг одоо амсаж байна гэж хэл­бэл хэтрүүлсэн болохгүй. Хөрөнгийн бирж маань үнд­сэндээ дампуурчихсан байлаа.

Сүүлийн гурван жилд алдагдалтай ажиллаж нэг төгрөгийн орлого олохын тулд 1.08-1.36 төгрөгийн зар­дал гаргажээ. Монгол Улсын Үндэсний Аудитын газар Монголын хөрөнгийн биржийн санхүүгийн тай­ланд жил дараалан хязгаар­лалттай санал дүгнэлт өг­сөн байна.

Хөрөнгийн бирж удирдлага, зохион байгуу­лалтын хувьд төлөвшөөгүй, санхүүгийн сахилга гэж байхгүй, үйл ажиллагаа нь эдийн засгийн хувьд үр дүнгүй, гэрээ хэлцэл, то­хи­­ролцоо хэрэгжүүлэх чад­вар­гүй байгууллага бол­чихсон.

Шинэчлэлийн Зас­­­гийн газар Хөрөнгийн биржийг болон хөрөнгийн зах зээлийг жам ёсны нь да­гуу хөгжүүлж, эдийн зас­гийн хөгжлийн чухал меха­низм болохыг зорьж байна. 

Ерөнхий сайдын мэдэгдэлд Хөрөнгийн биржийн ойрын ирээдүйн хөгжлийн асууд­лыг хөндөж тавьсныг санаж байгаа байх. Дорвитой өөрч­­лөлт шинэчлэлийг хийж хөрөнгө оруулагчдын со­нир­­­холыг нэмэгдүүлэх, х­ө­рөнгийн зах зээлийг бүр­дүү­­лэгч байгууллагуудыг инс­­титуцын хувьд нь бэх­жүү­лэх зорилгоор Мон­голын Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төв­лөрсөн хад­галамжийн тө­вийн хувьцаа эзэмшигчээр Сан­гийн яамыг томилоод байна.

Сангийн яамнаас хө­рөнгийн болон үнэт цаасны зах зээлийг нэгдсэн бодлого, уялдаа зохицуулалттай хөг­жүүлэх, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хэ­рэгжилтийг хангах шат да­раа­тай арга хэмжээ авч эхлээд байна. 

-Бодит үр дүн хэзээнээс мэдрэгдэж эхлэх бол?

Ажлын эхлэл зөв бай­гааг харуулсан нааштай өөрчлөлт мэд­рэгдэж байна. Сангийн Яам Монголын Хөрөнгийн биржийн хувь­цаа эзэмшигчээр томи­лог­дож шинэ Төлөөлөн удир­дах зөвлөл, гүйцэтгэх удирд­лагыг сонгон ажил­луулс­наас хойших хугацаанд Мон­­голын Хөрөнгийн зах зээ­лийн үнэлгээ 250 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Нийт арилжаан дахь гадаадын хөрөнгө оруулагчдын эз­лэх хувийн жин дөнгөж зургаан хувьтай тэнцэж бай­сан бол одоо 20 хувь хүрт­­лээ өссөн үзүүлэлт гар­чээ. Энэ бүхэн нь бидний эхлүүлсэн шинэчлэлийг зах зээл нааштайгаар хүлээн авч байгаа гэсэн дохио юм. 

Гадныхан сонирхож эхэлж байна. Энэ их чухал. Цааш­даа хөрөнгийн зах зээл улам эрчимтэй хөгжих бо­ломжийг бүрдүүлж тө­рийн зүгээс бодлогоор, боди­той­гоор дэмжин ажиллах нь чухал.

-Та биржийн удирдлагын асуудлыг хөндөж ярилаа. Төрийн өмчийн хорооноос зарлаад байсан сонгон шал­­га­руулалтаас гадуур Сан­гийн яам хүн томилсон шүү дээ. Тэгэхээр өмнөх л улс­төрийн томилгоо хэвээр яваад байгаа юм биш үү?

Шинэчлэл бол сэтгэл гарган хамтарч хийх ажил шүү дээ. Монголын Хө­рөн­гийн биржийн хувь­цаа эзэмшигчийг Засгийн газ­рын шийдвэрээр өөр­чилж Сангийн Яаманд энэ үүргийг хариуцуулсан. Энэ шийдвэрийг манай яам үр дүнтэй ажил болгох үүрэг­тэй.

Цаг хугацаа бага, танилцах, суралцах сонголт байхгүй, шууд л ажилдаа орох шаардлагатай болсон. 

Цаг хугацаа бага, та­нилцах, суралцах сонголт байхгүй, шууд л ажилдаа орох шаардлагатай болсон. Биржийн үйл ажиллагаа д­о­голдож, эрсдэлийн өндөр түвшинд хүрсэн байсныг олон нийт мэдээгүй байх л даа. Үнэндээ Хөрөнгийн бирж маань цалингаа ч тавьж чадахгүй, дахиад 1-2 сарын хугацаа алдвал дам­пуурлаа зарлах байдалд хү­рэх байсан.

Сангийн Яам мэргэжлийн өндөр чад­вар­­тай, туршлагатай, ха­риуц­лага дааж чадахуйц та­нигд­сан хүнийг то­милж үүсээд байсан нөхцөл байд­лыг богино хугацаанд хя­налтдаа авахыг л зорьсон. Өмнөх сонгон шалга­руу­лалтад орсон хүмүүсийн мате­риалыг авч судлаад шаард­лага хангавал то­милно гэсэн байр суурьтай байлаа.

Гэтэл сонгон шалга­руулалтаар өндөр оноо авсан гэгдэж байсан хүмүүст Санхүү­гийн зохицуулах хо­роо, Авилгатай тэмцэх газ­раас эерэг биш үнэлгээ өгсөн. Эдгээр байгууллагууд хуу­лиар үнэлэлт, дүгнэлт өгч зөв­шилцөх бүрэн эрхтэй бөгөөд би ч тэдгээрийн дүг­нэлтийг хүлээн зөв­шөө­рөх нь зүйтэй гэсэн итгэл үнэм­шилтэй болсон.

Тиймээс л Сангийн Яам үүсээд байсан нөхцөл байдалтай уялдуулан цаг алдалгүй томилгоог шуур­­­­хай хийсэн. Энэ то­мил­гоо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчид ол­гогд­­сон бүрэн эрхийн хү­рээнд шийдэгдсэн бөгөөд мэр­гэж­лийн туршлагатай хү­нийг томилох бидний шаард­лагыг ч хангаж бай­гаа юм. 

-Д.Ангар гэж залуу Мон­голын Хөрөнгийн биржийн удирдлагаар томилогдсон?

Тиймээ, бид яаман дээрээ нухацтай ярилцаж нөөц болов­сон хүчин дотроосоо сонгож Д.Ангарыг томилсон юм. Америк, Англид энэ чиглэлийн боловсрол, мэргэ­жил эзэмшиж Сангийн яаманд идэвх зүтгэлтэй ажил­лаж танигдсан залуу.

Монгол Улсад Төрийн сан­гийн нэгдсэн дансны тог­толцоог бий болгох, Зас­гийн газрын санхүүгийн удирд­лагын мэдээллийн системийг нэвтрүүлэх ажилд оролцон мэргэшсэн. Сангийн яамны өрийн удирдлагын хэлтсийг удирдан ажиллаж туршлага хуримтлуулсан. Үндсэндээ яамнаас бодлогоор сонгож бэлт­­гэгдсэн хүн л дээ.

Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-нд дипломат албанд томилогдон ажиллаж бай­гаад ирсэн нь Лондонгийн Хөрөнгийн биржтэй хамтран хэрэгжүүлэх төслийг ам­жилттай хэрэгжүүлэхэд тус болно гэж үзсэн юм. Томилолт авсан боловсон хүчиндээ зарчим, ажил хэрэгч өндөр шаардлага тавьдаг ёс зүй, журамтай.

Мон­голын хөрөнгийн биржийн шинэ дарга Д.Ангарт ч мөн адил ийм өндөр шаардлага тавигдаж байгаа. Сангийн яам дэм­жиж, хянаж захирч ажил­лах болно.
Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрнэ

-Лондонгийн Хөрөнгийн бирж­тэй шинэ гэрээ зурлаа. Төсвөөс ямар нэмэлт зардал гарах вэ. Бо­дит үр дүн га­рахгүй байвал мөн л төсөвт дарамт болох байх даа? 
Ирэх гурван жилд хоёр бирж маань стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалахаар болсон.

Өмнөх гэрээгээ хэрэг­жүүлж үр дүнг нь хүртэж чадаагүй байснаас дахиад л нэмэлт зардал гарах нь гэж болгоомжилж байгааг ойлгож байна. Бид бол шинэ боломж гэж үзэж байгаа.

Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэрээг 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр Лондон хотноо гарын үсэг зурлаа. Ирэх гурван жилд хоёр бирж маань стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалахаар болсон. Өмнөх гэрээгээр хүлээсэн үүргээ нэлээд хөн­гөлсөн, төсвөөс ямар ч нэ­мэлт зардал гарахгүйгээр гэрээ болсон. 

Тухайлбал, программ хангамжийн үйл­­чил­гээ нь жилийн 700 мян­ган ам.доллар байсныг шинэ гэрээгээр 70 мянга бол­гож 90 хувийн хөнгөлөлт ав­лаа. Төсөл хэрэгжих нийт ху­га­цаанд зөвхөн үүнээс 2.0 сая ам.долларын хэм­нэлт гарна.

Хамгийн гол нь Лондонгийн хөрөнгийн бирж­­тэй хамтран Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх, үүн­­тэй холбоотой дэд бүт­цийг бай­гуулах, олон улсын хөрөнгө оруу­лагчдад сур­талчлах зэрэг асууд­луудыг шинэ гэрээнд тус­галаа.

Олон улсын “FTSE Mongolia” индексийг гар­гахад хоёр тал хамтарч ажил­лахаар болсон. Энэ­хүү ажлыг амжилттай зохион бай­гуулснаар Мон­голын хө­рөнгийн зах зээ­лийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрч байх болно. Энэ нь хөрөнгө оруу­лагчдаас Мон­голд итгэх ит­гэлийг бэх­жүүлнэ гэж итгэж байна.

-Сүүлийн үед Монголын Хөрөнгийн биржээс гадна бусад шинэ биржүүдийг бай­­гуулах асуудлууд яригд­даг боллоо. Энэ талаарх Сангийн яамны байр суурь юу вэ?

Энэ асуудлыг нухац­тайгаар авч үзэх шаард­лагатай. Бирж гэдэг маань худалдагч болон худалдан авагч талыг холбон өгч буй зах зээлийн механизм, хуулийн хү­рээнд нарийн зохицуулалтын дор явагддаг үйл ажиллагаа. Бусад өндөр хөгжилтэй улсуудын хувьд олон тусдаа биржтэй байх явдал байдаг.

Харин үүнийг Монгол Улсын хувьд хэрхэн зохион байгуулах нь өөр асуудал. Шууд хуул­барлах боломжгүй. Эдийн засгийн суурь бүтэц, зах зээлд оролцогчдын цар хүрээ, болон энэ салбарын хөгж­лийн үе шаттай нягт уялдуулах учиртай. 

Өнөө­гийн нөхцөлд манай улсын хувьд олон тусдаа биржтэй байх нь зардал ихтэй, үр ашиг багатай байхаас гадна хөрөнгө оруулагчдын хувьд ч хүндрэлтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэх юм. Энэ нь цаашлаад нийт зах зээ­лийнхээ хөгжлийг хойш нь татна.

Ер нь ч тийм олон тус­даа бирж оршин тогтнох эдийн засгийн нөхцөл одоо­гоор бүрдээгүй байна. Тий­­­мээс цаашдаа Мон­голын Хөрөнгийн биржийн группыг бай­гуулах нь зүй­тэй гэж үзэж байгаа. Энэ чиг­лэлээр ажиллана. 

-Та хөрөнгийн зах зээ­лийн хөгж­лийг тө­рийн зү­­гээс бод­ло­гоор бодитой­гоор дэмжиж бай­гаа тухай ярилаа. Тодорхой бол­сон ар­га хэмжээнээс дурьдвал?

Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиг­­лэлээр нэлээд хэдэн аж­лыг эхлүүлээд байна. Зас­гийн газрын үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арил­жаал­­даг болно. Ингэснээр их наядаар үнэлэгдэх шинэ бүтээгдэхүүн Монголын хө­рөнгийн зах зээлд нийлүү­лэгдэж брокер дилерийн ком­­паниудын арилжаа, үүнээс олох шимтгэлийн ор­лого ч нэмэгдэнэ.

Бид Зас­гийн газрын үнэт цаасны арил­жаанд гадаадын болон дотоодын банк бус хөрөнгө оруулагчдын оролцоог нэ­мэг­дүүлэх зорилт тавьж бай­на. Засгийн газрын үнэт цаасыг Монголын Хөрөн­гийн биржээр дамжуулан ари­л­жаалснаар бусад аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээл дээрээ бонд гарга­хад зохистой жишиг тог­тоож өгнө. Бэлтгэл ажил ерөн­хий­дөө дуусч байна. 

Хамгийн сүүлд буюу энэ сарын 9-нд Лондон хотноо Блүмбергийн Анхдагч зах зээлийн арилжааны плат­­формыг ашиглах та­лаар тус компанитай харил­цан ойлголцолд хүрсэн та­лаарх Санамж бичгийг бай­гууллаа. Энэхүү системийг Их Британи, Бельги, Фин­ланд, Ирланд, Өмнөд Аф­рик зэрэг олон улс Засгийн газрын үнэт цаасны анх­дагч арилжаандаа ашиг­лаж байна.

Блүмбергийн плат­формыг Монгол Улс ашиг­ласнаар гадаад, дотоо­дын хөрөнгө оруулагч­дын итгэлцэл нэмэгдэж, арил­жааны ил тод байдал, ха­риуц­­лага, тай­лаг­нал­тад то­моо­хон өөрчлөлт шинэч­лэлт хийгдэх юм. 
Ашигт малтмалын хуульд тусгагдсан хөрөнгийн зах зээлтэй холбоотой заал­­туудыг Монголын Хө­рөн­­гийн биржээр дам­жуу­­лан хэрэгжүүлнэ.

Стра­­­­тегийн ач холбогдол бү­­хий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөө­рөл эзэмшиж бай­гаа хуу­лийн этгээдийн хувь­цааны 10-аас доошгүй ху­вийг Мон­голын Хөрөнгийн биржээр арилждаг болно. Уул уурхайн салбарт үйл ажил­­лагаа явуулж буй Мон­голын томоохон ком­­па­­ниудын хувьцаа Мон­голын Хөрөнгийн биржээр арил­жаалагдана.

Хөрөнгийн зах зээлтэй холбоо­той татварын зохи­цуулалтыг цогцоор нь сайж­­­­руулах замаар биз­нес, хө­рөнгө оруулалтын таа­тай орчин бүрдүүлнэ. Хө­рөнгө оруулагчдаас манай хөрөнгийн биржийн зах зээл рүү нэвтрэхэд хүндрэл уч­руулж буй асуудлыг Зас­гийн газар, УИХ-д та­нил­цуулж холбогдох шийд­вэрүүдийг гар­гуулна.

Дэл­­­хийн санхүүгийн томоо­хон төв болсон Лондонгийн хө­рөнгийн биржтэй стра­тегийн түншлэлийг хөг­жүүлс­нээр дэл­хийн санхүү­гийн зах зээл дээрх чөлөөтэй хөрөнгийн урсгалыг Мон­гол руугаа чиглүүлэх, хө­рөнгө оруулалтын хямд, үр ашигтай эх үүсвэрийг та­тах боломж нэмэгдэнэ гэж найдаж байна.

Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд зэрэг олон шинэ төрлийн бүтээг­дэхүү­­нийг санаачлан нэвт­рүүлж Монголын Хөрөнгийн биржээр арилжаалдаг болно.