Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргыг улс төрийн орогнол хүслээ гэдэг мэдээлэл тарааж, гутаан доромжиллоо
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.09.24

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргыг улс төрийн орогнол хүслээ гэдэг мэдээлэл тарааж, гутаан доромжиллоо

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас дараахь асуудлуудаар тодруулга авав.

-Танай намаар сүүлийн үед ямар сонинтой байна вэ?

-Зуны хэдэн сар бүсийн зөвлөгөөн хийлээ. Энэ үеэр улс төрийн мэдэгдэл уриалгууд их гарсан. Үүний дагуу намын гүйцэтгэх товчоо хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргаж, Шударга ёс бүлэгт хүргүүлэхээр зэхэж байна.

-Ерөнхий сайд бөөн таамаг дагуулсан мэдэгдэл хийж, танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлаа. Танай нам энэ сэлгээг ямар байдлаар өрнөнө гэж харж байна. Танд бодит мэдээлэл бий юу?

-АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар нэг бус удаа уулзаж, санал солилцсон. Юуны өмнө Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэдгийг бодолцох ёстой.

Ерөнхий сайдын энэ мэдэгдлийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ бид нэг л ойлголттой байна. Сэлгээ хийх асуудал нь Засгийн газрыг анх байгуулахад хийсэн улс төрийн намуудын гэрээнд нөлөөлөхгүй.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг өөрчлөх ёсгүй.  Ерөнхий сайдын зарласнаар Засгийн газарт тодорхой өөрчлөлт орно. Гэхдээ хэвлэл мэдээллээр бичээд байгаа шиг том өөрчлөлт орохгүй болов уу. Есөн яам болгох зэрэг яриа нь улс төрийн сонирхол давамгайлсан хувилбар юм шиг байсан.

-МАХН Ч.Улаан сайдаа О.Чулуунбатаар солино, Н.Удвал сайдын ахалсан яамыг өөр яамтай нэгтгэнэ гэх мэтийн таамаг байна...

-Олон янзын л таамаг явах юм. Тэр болгонд хариу өгөөд байх нь учир дутагдалтай. МАХН Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарынхаа үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх механизмтай.  Яагаад гэвэл УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ хариуцлага, ёс зүйн гэрээ байгуулсан. Үүнийгээ дүгнэнэ.

Гэхдээ одоогоор энэ тухай яригдсан юм алга. Тийм учраас манай нам сайд нараа сэлгэнэ, солино гэдэг асуудал албан ёсоор яригдаагүй. Харин манай нам өнгөрсөн зургадугаар сард удирдах ажилтны зөвлөгөөн хийж, шаардлагатай бол улс төрийн албан тушаалтнуудаа сэлгэнэ гэсэн шийдвэр гаргасан.

-Танай гүйцэтгэх товчоо хэзээ хуралдах юм бэ?

-Өнөөдөр хуралдана.

-Ямар асуудал хэлэлцэх юм бэ?

-Намын зохион байгуулалттай холбоотой зүйлүүдийг хэлэлцэнэ. Зарим нарийн бичгийн даргыг шинээр томилж, сэлгэх тухай ярина.

-Ямар хүмүүс дээр энэ сэлгээ яригдах вэ?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан гавьяат хуульч Ц.Шаравдорж гуайг МАХН- ын нарийн бичгийн даргаар томилж ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ.

-Ц.Шаравдорж гуай хэний оронд нарийн бичгийн дарга болох юм бэ?

-Өнөөдөр хараахан шийдэгдээгүй байна. Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Ямар ч байсан түүнийг нарийн бичгиин даргаар томилох асуудлыг ярина.

-Та саяхан намын даргаа эргээд ирсэн байх. Биеийн байдал нь хэр байна. Сүүлийн үед түүнийг улс төрийн орогнол хүссэн гээд байх юм ?

-Түүнтэй уулзаж ирээд удаагүй байна. Биеийн байдал нь сайжирч байгаа. Эмчилгээний дараа илрэх шинж тэмдгүүдийг эмч нар нь нэлээд анхаараад байгаа шиг байна лээ. Хэвлэлээр бичээд байгаа шиг орогнол хүссэн юм байхгүй.

Удахгүй болох намын хурлуудад Н.Энхбаяр даргыг биечлэн ирж оролцуулах талаас нь бэлтгэл ажлаа төлөвлөж байна

Тэр бол ор үндэсгүй худлаа мэдээлэл. Тийм байгаасай гэж бодож, Монголд буцаж ирэхээс нь болгоомжилж байдаг улс төр, бизнесийнхний сонирхол бий. Тэр зүгээс тарсан мэдээлэл болов уу. Ийм яриа гаргаад байгаа нь түүний нэр хүндийг гутаан доромжилж байна гэсэн үг.

Н.Энхбаяр дарга улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн. Тиймээс түүнийг цагаатгах ёстой. Үүний төлөө МАХН үйл ажиллагаагаа чиглүүлж байхад ийм мэдээлэл гаргаж байна гэдэг нь явуургүй юм.

-Монголд яагаад ирэхгүй байгаа юм бэ?

-Н.Энхбаяр даргын тухайд эмчлүүлэх үйл явц нь хараахан дуусаагүй болохоос хэдийд ч эх орондоо ирэх нөхцөл байдал нь нээлттэй байгаа. Удахгүй болох намын хурлуудад Н.Энхбаяр даргыг биечлэн ирж оролцуулах талаас нь нөхцөл байдлыг харгалзан бэлтгэл ажлаа төлөвлөж байна.

-Ер нь Н.Энхбаяр хэзээ ч  Монголд ирэхгүй гэдэг бодолтой хүмүүс ч байна л  даа?

Н.Энхбаяр дарга эх орондоо ирэхгүй гэдэг байр суурь илэрхийлээгүй шүү дээ. Манай намынхан  түүний биеийн эрүүл  мэнд нь сайжирч, эх орондоо очих нөхцөл бүрдсэн үед ирэх тухай ярьдаг. Гэтэл түүнийг ирүүлэх сонирхолгүй нөхдүүд зориудаар захиалгатай мэдээлэл явуулаад байна.  Хүрээд ирэхээр нь тэр хүмүүс ямар тайлбар хийх юм бол доо.

 
-Танай намын байрны өмчлөлтэй холбоотой асуудал юу болсон бэ?

-Энэ байрыг манай нам түрээсээр эзэмшдэг. Гэтэл өмчлөгчтэй холбоотой иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгож Н.Энхбаяр даргыг хамаатуулсан. Үүнийг шалгадаг газар нь шалгаж байгаа юм билээ.

Удахгүй үнэн учир нь олдох байх. Энэ  бол 1950-иад оны барилга.

Энэ бол 1950-иад оны барилга

Маш олон байгууллага ээлж  дараалан байрлаж, үйл ажиллагаа явуулсан. 2003 онд хувьчлагдсан юм билээ. Түүнээс хойш хэд хэдэн хүний гар дамжиж байгаад  израйлчуудын гарт очсон. Тухайн үедээ нэлээд хямд үнээр авсан юм билээ.

Ингээд “Эскон” гэдэг компанитай  гэрээ байгуулж, манай нам түрээсээр эзэмшдэг л байр. Гэтэл гэнэт ийм асуудал боссон. Энэ бүхний цаана  улс төрийн санаархал байна. Гэхдээ энэ маргаан гэнэт гарч  ирсэн шигээ гэнэт намжчих шиг  боллоо. Хууль хяналтынхан шалгаж байгаа байх.