С.Ганбаатар: Монгол Улсыг ард иргэд биш, эрх мэдэлтэй цөөнхийн эрх ашиг хөтөлж, захирч байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.09.26

С.Ганбаатар: Монгол Улсыг ард иргэд биш, эрх мэдэлтэй цөөнхийн эрх ашиг хөтөлж, захирч байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авсан юм. 

-Та сүүлийн үед неолиберализмын талаар их ярих боллоо. Саяхан гаргасан номондоо ч энэ талаар нэлээд дэлгэрэнгүй дурьдсан байсан. Сайд нарыг “давхар дээл”-ээ тайлахыг уриалах болсон чинь үүнтэй холбоотой юу. Ямар учир энэхүү асуудлыг хөндөх болов?

-Монголчууд юу хүсч буйгаа мэдэхээ больсныг далимдуулаад эрх баригчид өөрсдийн дураар тоглолт хийж байгааг сүүлийн үеийн судалгаа батлах боллоо. Үүнээс болж ядуурлын төвшин хүлээн зөвшөөрөхийн аргагүйд хүрлээ.Тэгш бус байдал улам ихэслээ.

Ард түмэн манай орны уул уурхайн баялгаас гадаадын корпораци, тэдгээрийн хувьцаа эзэмшигчид их үр ашиг хүртэж байгааг харж, ойлгож байгаа юу ч хийж чадахгүй байна. Ард түмэн гэлтгүй улстөрчид ч юу ч хийж чадахгүй байна.

Монгол Улсыг ард иргэд, улс орны эрх ашиг гэхээс илүүтэй эрх мэдэлтэй цөөнхийн эрх ашиг хөтөлж, захирч байна. Үүнийг ойлгуулахын тулд “Монголоо ямар улс болгох, хэрхэн түүнд хүрэх вэ” гэдэг номоо бичсэн.

-“Монголчууд фермд хашуулсан гахай, тахиа шиг амьдарч байна” гэж та нэг ярилцлагадаа дурьдсан байсан.  Ямар учраас тэр вэ?

-Өнөөдөр эрх баригчид гадны гар, хөл болсноос болоод төрийн аппарат, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд л тэдний хүссэнээр хөдөлж, ард түмний тархийг угааж байгаа. Би УИХ-ын гишүүний хувьд зөвхөн эрх мэдэлтэй цөөн хэдэн хүний биш нийт монголчууд, улс орны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаагаа илүү гүнзгий, дэлгэрэнгүй байдлаар нотолж харахыг зорьсон юм.

Нөгөөтэйгүүр бидний өөрсдийн сайн дураар эсвэл бусдын албадлага дор сонгосон улс төр, эдийн засгийн загвар ажиллахгүй, болохгүй байна гэдэг нь дэлхий дахин дахь энгийн иргэдийн өнцгөөс, байгаль орчны талаас харахад улам бүр батлагдаж байна.

Өнөөдөр оршин байгаа энэхүү улс төр, эдийн засгийн неолиберализм гэж нэрлэж байгаа загвар нь хүн төрөлхтний зовлон ядуурал, гачигдал, байгаль орчны сүйрлийн гол шалтгаан болсоор ирлээ. Хүн төрөлхтний түүхэнд бид анх удаа төрөл зүйл бүрэн устах, өөрөө өөрсдийгөө үгүй хийх аюултай тулгарч байна гэвэл хэтрүүлэг болохгүй болов уу.

-Энэ бүх асуудал Монголд нүүрлэчихээд байгаа гэсэн үг үү?

-Энэ бүх асуудалд олны анхаарлыг хандуулж, неолиберализм нь даван гарахын аргагүй, зайлсхийж боломжгүй байгалийн хууль, байгалийн дэг журам биш юм. Бид энэ бүх асуудлаас хамтдаа гарч чадна. Неолиберализмаас өөр олон үр өгөөжтэй бодит хувилбарууд байдаг.

Хэрэв чи нэгэнт бүх асуудлыг олж харсан бол эргээд тэднийг хараагүй юм шиг байж чадахүй”

Жишээ нь Арундати Рой “Хэрэв чи нэгэнт бүх асуудлыг олж харсан бол эргээд тэднийг хараагүй юм шиг байж чадахүй” гэсэн байдаг. Нэгэнт асуудлыг харчихаад тэр талаар юу ч дуугарахгүй, чимээгүй байх нь улс төрийн үйлдэл болж хувирдаг.

Ялангуяа парламентад үүний хажуугаар зүгээр өнгөрөх хамааралгүй хүн нэг ч байх ёсгүй. Монголд үүсэн нөхцөл байдлыг өөрчлөх боломж бидэнд байна. Энэ боломжийг оройтохоос өмнө ашиглах ёстой. Бусад улс оронтой харьцуулахад бид илүү шударга, илүү сайн сайхан Монголыг бүтээх, үүнд шаардалгатай өөрчлөлтийг хийх, шинээр эхлэх ховорхон боломжтой улс гэж би боддог.