Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У тэргүүтэй хүмүүс оролцлоо.
2014.10.01

Олон улсын ахмадын өдөр өнөөдөр тохиож байна

1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг 10 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 24 жил болж байгаа.

Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын өдрийг “Хэнийг ч бүү орхигдуул, Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан.

Манай улс энэхүү уриан дор нэгдэн Олон улсын ахмадын өдрийг ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, Геронтологийн төвийн дарга Р.Оюунханд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхбаатар, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон ахмад настны төлөөлөл оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Олон улсын ахмадын өдрийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрээр ” Эрхэм хүндэт ахмад настан, азай буурлууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд та нартаа олон улсын ахмадын баярын мэндийг хүргэе, Монгол улсын төрөөс хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэхээр олон ажил хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүнд “Монгол улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байна. ”Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгосон.

Энэ жил Олон улсын ахмадын өдрийг “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” хөтөлбөрийг дэмжихэд бүх нийтийн оролцоог дээшлүүлэх, нийгмийн олон талт үйл ажиллагаанд байгаа сайн туршлагуудыг хүн амд сурталчилж түгээх, настнуудыг нийгэм дэх дарамт биш нөөц бололцоо шүү гэдэг агуулгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Өнөөдөр энэхүү танхимд улсын хэмжээнд хэрэгжиж буй шилдэг туршлагаа танилцуулж байгаа албан байгууллага, хувь хүмүүст та бүхний ажил үйлс тань дэлгэрч байхыг хүсэн ерөөе. Мөн энэхүү туршлагатай танилцахаар ирсэн та бүхэнд эрүүл энх байж, бие даасан байдлаа хадгалж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, залуу хойч үедээ үлгэр дууриалалтай, бахархалтайгаар амьдарч, урт удаан наслахыг ерөөе” гэлээ.

Энэ жил ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын ажлын хүрээнд эрүүл мэнд болон амьдралын чадварыг сайжруулах, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, иргэдэд хэрхэн эрүүл насжих талаар сургалт сурталчилгаа явуулахын зэрэгцээ ирээдүйд настан болох залуу үеэ эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг чухалчилж буйгаа албаны хүмүүс хэллээ.

Манай улсад өндөр настны тоо жил ирэх тусам өсч, дундаж наслалт нэмэгдэж байгаа. Иймээс эрүүл мэндийн салбарынхан өндөр настан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх ажлыг улам эрчимжүүлэн ажиллаж байна.