УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.10.01

УИХ-ын гишүүн Г.Батхүү Өвөрхангай аймагт ажиллаа

Өвөрхангай аймгийн Хархорин суманд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байгаа. Энэ бүтээн байгуулалтын ажилтай УИХ-ын  гишүүн Г.Батхүү танилцлаа.

Энэ суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд нилээн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа аж. Тухайлбал Орхон, Соёмбо зэрэг орон сууцны хороолол барихаар төлөвлөжээ.

Үүнээс гадна 2,8 тэрбум төгрөгөөр үерийн далан, 1.4 тэрбумаар шашны сургууль, Азийн хөгжлийн банкны 1.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар цэвэр бохир усны шугам, Германы археологийн хүрээлэнгийн дэмжлэгээр Эрдэнэ Зуугийн хойд талд ил музей байгуулахаар ажиллаж байгаа юм.

Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн 52 сая төгрөгийн санхүүжилтээр Ганган, Орхон, Эрдэнэдалай сумын дунд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх танхим байгуулах ажил хийгджээ.

Түүнчлэн Хархорин сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын дунд 1670 м хатуу хучилттай зам тавихаар зураг төслийн ажлаа боловсруулсан байгаа. Үүнээс энэ онд 500 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж 520 м замыг тавьсан байна. Тус замын нээлтэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү болон сумын удирдлагууд оролцлоо.