С.Эрдэнэ: Хэдэн залуучуудаа бор зүрхээр нь байлдуулаад хол явахгүй, мэргэжлийн төвшинд хүргэх ёстой
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ
2014.10.02

С.Эрдэнэ: Хэдэн залуучуудаа бор зүрхээр нь байлдуулаад хол явахгүй, мэргэжлийн төвшинд хүргэх ёстой

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа. Бидний яриа сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны хийж байгаа ажлын талаар өрнөсөн юм

-Та чинь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаад хэчнээн жил болчихов оо?

Одоо гурав дахь жилдээ ажиллаж байна.  Хуучин Монголын сагсан бөмбөгийн холбоо гэж ганцхан байгууллага байсан. Харин Үндэсний сагсан бөмбөгийн холбоог шинээр байгуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Анх байгуулагдсан цагаас нь эхлээд л Ерөнхийлөгчөөр нь ажиллаад явж байна даа. 

-Танд холбооны ерөнхийлөгч болооч ээ гэсэн хүсэлт тавьсан уу?

Тийм, надад хүсэлт тавьсан юм. Нөгөөтэйгүүр, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо одоогийн сагсан бөмбөгийн холбоотой нэлээд зөрчилтэй байсан. Сагсан бөмбөгийн холбоо  үйл ажиллагаа явуулдаггүй, санал санаачилга гаргахаар дэмждэггүй, тийм л байлаа. 

Тэгээд яах вэ, Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлчихье, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэсэн бодол, зорилго надад байсан. Түүнийхээ дагуу л явсан даа. Манай аав энэ спортод бүх амьдралаа зориулсан хүн. Сагсан бөмбөгийн спортоор намайг хүмүүжүүлж хүн болгосон доо. Тийм учраас би энэ спортод өртэй л гэж боддог юм. 

-Та залуудаа сайн тоглодог байсан биз?

Тоглолгүй яах вэ. Ер нь сагс тоглож өсөөгүй хүүхэд, залуус гэж байхгүй байх. Өндөр, нам, өргөн, нарийн, хөгшин, залуугүй бүгд л тоглодог байлаа шүү дээ. Би чинь тухайн үедээ сургуулийнхаа болоод хөдөлмөрийн шигшээд орж тоглодог байсан. Гэхдээ яг зорилго болгож хичээллээгүй.  

-Үндэсний сагсан бөмбөг­ийн холбоо байгуулагдсанаас хойш дотоодын лигийн тэмцээн тогтмол зохион байгууллагддаг боллоо. Гаднаас легионер тамирчид ирж байна. Сагсан бөмбөг жилээс жилд хөгжиж эхэллээ шүү дээ?

Дотоодод сагсан бөмбөг хөгжих ямар ч боломжгүй болчихсон. Үндсэндээ сагсан бөмбөгийн спортын хөгжил, хурд их саарчихсан. Тодорхой хэсэг хүн Сагсан бөмбөгийн холбоог өмчлөөд авчихсан. Тэнд тэмцээн уралдаанаас олж байгаа орлого,  эсвэл тэмцээнд оролцох нэрийн дор аж ахуйн нэгж, байгууллагаас авсан хандив дээр ажилладаг, “идэж, уудаг” хэсэг бүлэг хүмүүс бий болчихсон. Энэ спорт цаашид хөгжих ирээдүй нь тун бүрхэг болсон, тийм л байдалтай байсан.

Монголын сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлчихье, өөрийн гэсэн хувь нэмрээ оруулъя гэсэн бодол, зорилго надад байсан. 

Тэгээд бид сагсан бөмбөгийн спортыг яаж хөгжүүлдэг юм. Бусад орнуудын туршлага ямар байдаг юм гээд нэлээд судалсан. Тэгээд шинэ уур амьсгал, агаар оруулж байж энэ спорт хөгжих юм. Сагсан бөмбөгийн спортод тэсрэлт хийж байж нийгмийн, ялангуяа хүүхэд, залуусын анхаарлыг татах юм байна. 

Мөн тодорхой хөрөнгө оруулагчдын хүрээг бий болгож байж энэ спорт санхүүжиж, хөгжих юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсан жилээ бид Үндэсний Супер лигийг зохион байгуулах бэлтгэл ажил руу орсон. Маш богино хугацаанд нэлээд ачаалалтай ажилласан. 

Манай Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зарим хүмүүс Америк руу явсан. Европ, Азийн зарим орнуудаар ч явж ажилласан.  Үүний үр дүнд Супер лигийг зохион байгуулахад гадны тамирчид, шүүгчид, мэргэжилтнүүдийн оролцоо туйлын чухал юм байна. Монголын долоон баг хоорондоо тоглоод, нэг нь хожоод, нөгөө хожигдоод байх тийм ч сонирхолтой зүйл биш юм байна. Ингээд байгаад байвал хөгжихгүй. 

Яг л нэг төвшний багт байсан тамирчид хоорондоо өрсөлдөөд байхаар чинь техник, ур чадварын өсөлт гарахгүй шүү дээ.  Тиймээс цоо шинэ, өндөр ур чадвартай тамирчид, шүүгчид, мэргэжилтнүүдийг урьж авчирч, Монголд байхгүй техник чадварыг нутагшуулах нь туйлын чухал гэдгийг харж, ойлгосон. 

Тэгээд л энэ чиглэлд ажилласан. Эхний жилд гадны тамирчин, мэргэжилтэн авчирна гэхээр багууд маань жаахан хүнд хүлээж авсан. Нэгдүгээрт, асар их зардал мөнгө гарна. Легионер тамирчид, гадны шүүгчдийг авчирдаг. Өнөөдүүл нь манайд идээших үү, үгүй юу гээд маш их зовлон байсан. Гэсэн ч бид маш их зориг гаргасан. Эхний жилдээ 14 легионер тамирчныг гаднаас оруулж ирсэн. 14 тамирчин маань маш сайн тоглосон.

Тэдний сэтгэл, зүтгэл нөлөөлж, Супер лиг маш сонирхолтой болсон. Анхны жилдээ л нийгмийг өөртөө татаж чадсан шүү дээ. Гэнэтхэн л хар, шар нөхдүүд ирээд тоглохоор хүмүүст их сонирхолтой байсан байх. Түүнээс гадна гадны тамирчидтай тоглохоор манай тамирчид биеэ бариад, хөшөөд, модон хүүхэлдэй аятай л болсон. 

Өмнө нь гадны тамирчидтай нэг багт орж, эсвэл халз өрсөлдөж үзээгүй, цочроо нь гараагүй байсан. Маш их халгасан, эмээсэн байдалтай л тоглож байлаа. Хоёр сарын дараа байдал арай өөр болсон. Улмаар Супер лигийн улирал дуусах үед цочроо нь гараад, чөлөөтэй тоглож чаддаг болсон. Гадны тамирчдаас маш их зүйлийг сурсан. 

-Гаднаас тамирчид авчирхад багууд өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргана биз дээ?

Багууд гэрээ хийнэ. Гэхдээ тодорхой хүрээнд холбоо ажлаа хийнэ. Багуудаа зуучилж өгнө. Түүний дараа багууд маань гадны тамирчдаас сонгоод, гэрээ хийгээд, цалин мөнгө, хоол байраа тохироод л авдаг юм. Өнгөрсөн жил бид 40 гаруй хүнээс сонголт хийж, 21 легионер оруулж ирсэн. 

Долоон багийн 21 тамирчин Супер лигт тоглосон гэсэн үг. Багууд эхлээд ганц, хоёр л легионер тамирчин авч байсан. Тэгвэл өнгөрсөн жил тогтоосон лимитийн дагуу бүгд гурав гурван легионер тамирчин авсан. Зарим баг бүр Супер лигийн тэмцээн дуусах гэж байхад гаднаас тамирчид авчирсан. 

Эмэгтэй шигшээ баг Азийн шилдэг найман багийн нэг болов

Багууд маш шартай, ширүүн өрсөлдсөн. Зарим легионер тамирчин найзыгаа дуудаж авчирч, багтаа авч тоглосон. Тэр хэрээрээ өрсөлдөөн ихтэй болсон. Би энд ганцхан жишээ хэлэхэд, манай тамирчид хэзээ ч тоглолтын дундуур цагираг дээрээс довтлох үзүүлбэр хийдэггүй байсан. 

Яах вэ, бие халаалтын үед л реклам болгож хийдэг байсан болохоос тоглолтын үеэр цагираг дээрээс довтлох болоод бусад өндөр техникийн үзүүлбэрүүдийг ерөөсөө хийдэггүй байлаа. Гэтэл одоо манай дунджаас дээш тамирчид бүгд хийж чаддаг болсон. Хоёрхон жилийн дотор шүү дээ. 

Тамирчид маань нүдэн дээр л асар хурдтай хөгжсөн, чадвар нь дээшилсэн.  Энд ганцхан зүйл орхигдуулаад байсан нь эмэгтэй тамирчид. Яагаад гэвэл нэгдүгээрт,  бидэнд техникийн болоод санхүүгийн боломж байгаагүй. Хоёрдугаарт, хуучин Сагсан бөмбөгийн холбоо ажил хийлгэхгүй байсан. 

Уг нь хамтраад юм уу, эсвэл нэг холбоо болоод л ажиллачих ёстой байхад янз бүрийн байдлаар ажил хойш татаж, бусниулсан, янз бүрийн хов жив гаргасан, тамирчдыг дотор нь талцуулсан ийм л байр сууриар явсан. Би Үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд, тэнд ажиллаж байсан багш, дасгалжуулагч нарт ганцхан зүйл л хэлдэг. 

“Хэнтэй ч битгий муудалц, спорт гэдэг эв нэгдлийн бэлгэ тэмдэг байдаг юм шүү. Хэн нэгнийг муулаад, бусадтай муудалцаад ажил явахгүй” гэж. Өвөг дээдэс ч гэсэн хэлсэн байдаг. Тэмээн жин явдгаараа л явна, жингийн цувааны араас нэг хэсэг ноход хуцаад л үлддэг гэж. Тэр жамаар хийх ажлаа л хийх хэрэгтэй. Хэн юм хийж байна, хэн нь хийхгүй байна гэдгийг цаг хугацаа  харуулна шүү дээ. 

-Тэмцээний шагналын сан маш өндөр болсон байгаа байх шүү?

-Тэмцээн, уралдаан маань өндөр төвшинд гарч ирсэн. Лигийн төвшинд маш өндөр бай шагналтай тэмцээн болсон. Нийт шагналын сан нь 70 сая төгрөг. Дээр нь өдөрт тоглож байгаа багууд маань хожсон ч, хожигдсон ч бай тухайн өдрөө заавал мөнгөн шагнал авдаг. Хагас цалингийн систем рүү шилжүүлж өгсөн. 

Бүх тамирчид багаасаа цалин, урамшуулал авдаг. Нийгмийн асуудлаа шийдүүлдэг гээд олон эерэг дүр зураг харагдаж эхэллээ. Илүү мэргэжлийн тал руу явж байна гэсэн үг. Ер нь бол аль ч багийн спорт материаллаг орчин, санхүү, асар өндөр ур чадвартай мэргэжилтэн, дасгалжуулагч багш нартай орчин бий болж байж хөгжинө. 

Монголын жүдо бөхийн хөгжил ямар байлаа. Өнөөдөр ямар төвшинд хүрэв. Хэдий тамирчид сайн ч гэсэн ахуй нөхцөл, боломжийг нь бүрдүүлээгүй бол тийм амжилт үзүүлж чадах уу, үгүй юу. Ингээд л яривал их зүйл байна. Чөлөөт бөх байна, сүүлийн нэг жилийн дотор дэмжээд, орчныг нь бий болгоод эхлэхээр тамирчдын оролцоо огт өөр болоод эхэлж байгаа биз дээ. Нэг хэсэг манайд хөлбөмбөг хөгжвөл хөгжихөөр орчин нөхцөл бий болсон. 

Гэвч өнөөх л менежмент, ур чадвартай багш дасгалжуулагч, мэргэжлийн орчин байхгүйгээсээ болоод уначихлаа. Ямар нэг зүйл л байхгүй бол тэр спорт явахгүй л байгаа байхүй юу. Хөлбөмбөгийн спорт хөгжих нөхцлийг Ганболд гэж хүн бишгүй л олон жил жил хөөцөлдлөө. Багагүй суурь тавилаа, хөрөнгө оруулалт ч гаднаас оруулж ирсэн. Хөгжвөл хөгжихөөр болсон, хангалттай л хугацаа өнгөрлөө. Гэхдээ яг санасан хэмжээнд хүрэхгүй байна. 

Гэсэн нэг талдаа ахиц гараад л байгаа юм. Ямар нэгэн зүйл дутуу байгаа болохоор төгс амжилт гарч чадахгүй яваад байна. Гар бөмбөг нэг хэсэг ямар сайхан хөгжив. Лигийн тэмцээн тогтмол яваад, баг тамирчид бий болоод, Олон улсын тэмцээнд амжилттай оролцдог болж ирээд л эргээд уначихлаа. Энэ бол материаллаг бааз, дэмждэг санхүүгийн орчин байхгүй болохоор л уначихаад байна шүү дээ. 

-Гаднаас дасгалжуулагч авч ирвэл багийн спортын тамирчдын ур чадвар эрс сайжирч байна. Манай сагсан бөмбөгийн багууд гаднаас дасгалжуулагч авах тал дээр ямар ажил хийж байна?

Одоохондоо мэргэжлийн төвшний дасгалжуулагч авчир­аад, тогтмол ажиллуулсан зүйл алга байна. Гэхдээ легионер тамирчид дотор тоглохоосоо гадна дасгалжуулагч хийгээд, тамирчдад ур чадвар, техник заагаад, багийн менежмент зохион байгуулалтыг хийгээд явж байгаа хүмүүс байна. Тухай тухайн багтаа шүү дээ. 

Өнгөрсөн жил NBA-д драфтаар нэрээ дэвшүүлж байсан дөрвөн тамирчин ирсэн. Энэ жил бол бүр нэлээд хэд байгаа. 

Тэр бол маш их нөлөө үзүүлж байна. Зарим тамирчдад ганцаарчлан техник, ур чадварыг зааж, сургаж байгаа легионерууд байна шүү дээ.  Бид энэ жил Нью-Йорк хотын “Баркли” төвд  сонгон шалгаруулалт зарласан. “Баркли”  гэдэг бол 18900 хүний суудалтай, Нью-Йоркт хоёр гуравхан байдаг сагсан бөмбөгийн том ордон шүү дээ.  

Энэ ордонд бид есдүгээр сарын 28-нд Монголын супер лигт тоглох сонирхолтой, хүсэлтээ илэрхийлсэн тамирчдыг сонгон шалгарууллаа. Нийтдээ 140 легионер тамирчин сонгон шалгаруулалтад оролцсон. Түүнээс 40 орчим тамирчныг шалгаруулахаар тооцож байгаа. Манай Үндэсний сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид очиж, сонгон шалгаруулалтаа хийж байгаа. 

-NBA-д драфтаар нэрээ дэвшүүлж байсан тамирчид байгаа гэсэн үү?

Байгаа. Өнгөрсөн жил NBA-д драфтаар нэрээ дэвшүүлж байсан дөрвөн тамирчин ирсэн. Энэ жил бол бүр нэлээд хэд байгаа. Тамирчдын чансаа нэмэгдэх тусам үнэлгээ дагаад өсдөг. Манай лигийн багуудын эздийн мөнгө санхүүгийн чадвар ямар байгаа билээ, түүнийг бас бодох ёстой. Аль болох л боломжийн төвшинд шийдэх гээд ажиллаж байна. 

Энэ бол түүхэнд үлдэхээр том ажил болж байгаа юм. АНУ-ын Нью-Йорк хотын тэр том сагсан бөмбөгийн ордонд Монголын Супер лигийн тэмцээнд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт болж байна гэдэг бол манайд сагсан бөмбөг ямар төвшинд хүрч байгааг харуулсан үзүүлэлт юм. Нөгөө талаар, легионер тамирчид тийм олноороо хаа холын Монголд ирж тоглохоор бүртгүүлж байна гэдэг бол үнэхээр сонирхолтой байгаа биз дээ. Америк өөрөө сагсан бөмбөгийн эх орон. 

Нутагт нь спортын янз бүрийн боломж зөндөө л байгаа. Гэтэл Монголд тоглохоор бүртгүүлээд байж байна. Түрүүчийн хоёр жилийн Супер лигийн тэмцээний бичлэг, сурталчилгаа, манайд тоглосон легионер тоглогчийн сэтгэгдэл гээд маш олон зүйл тэдэнд нөлөөлдөг юм байна. Түүний үр дүн гарч байна гэж ойлгож байгаа. 

-Манай шигшээ багийн дасгалжуулагчийн ур чадвар ямар хэмжээнд байна вэ. Сонирхогчийн зүгээс харахад, Азийн наадамд багаа дасгалжуулж, хэлж зааварлаж байгаа нь боломжийн санагдсан?

О.Баярцогт дасгалжуулагч­ийн хувьд тийм сайн биш. Тамирчны хувьд мундаг тамирчин. Ур чадвар өндөртэй тоглогч байсан. Сая Азийн наадамд очиж тоглолт үзсэн, сүүлд Солонгостой тоглоход нь харж байлаа. Дасгалжуулагчийн мэдрэмж маш дутуу харагдаж байна билээ. 

Өрсөлдөгч тал илт санаачилга аваад, олон оноогоор тасраад эхэлж байхад мэдрэмжтэй дасгалжуулагч бол шууд завсарлага авах ёстой. Тэгээд өрсөлдөгчийн  давуу тал  үүсчихээд байгаа тоглолт, техникийг тасалж, тоглолтыг шинээр эхлүүлдэг байхгүй юу. Энэ мэт дасгалжуулагчийн ур чадварын янз бүрийн зүйл бий л дээ. Тэр бүхэн жаахан дутаж байна билээ.

-Сая Азийн наадамд оролцохын өмнө Сагсан бөмбөгийн холбоодын хооронд бага зэрэг асуудал гарсан юм билээ. Яг юу болоод өнгөрөв?

Манайх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш олон ажлыг амжуулах гэж үзсэн. Жил бүр бид хүүхэд залуучуудыг тэмцээн уралдаанд оруулж байна. Хоёр жилийн өмнө 50 гаруй хүүхэд, залуусыг Америкийн өсвөр насны тэмцээнд оролцуулсан. Мөн энэ жил 73 хүүхэд явууллаа. Энд тэнд болж байгаа Олон улсын тэмцээнүүдэд оролцуулж байна. Сая Инчонд болж байгаа Азийн наадамд нэлээд маргаантай явсан. 

Тив, дэлхийн тэмцээнд оролцох эрхийг Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй гэдгээрээ Сагсан бөмбөгийн холбоо эзэмшдэг. Гэтэл Сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагааг шүүхээс зогсоочихсон. Хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр зогсоочихсон. Гэтэл Олимпийн хороо шүүхийн шийдвэрийг зөрчөөд Сагсан бөмбөгийн холбоонд мандат олгоод явуулчихсан байгаа юм. 

Олимпийн хороо ямар зальтай шийдвэр гаргасан бэ гэхээр, Сагсан бөмбөгийн холбооноос таван хүн, Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос таван хүн явуулъя гэж тохирсон. Гэтэл үндсэн мандатыг нь Сагсан бөмбөгийн холбоонд өгөөд, манайд туслах мандат олгочихсон. Тэнд очоод баг тамирчдын дасгалжуулалт гээд аливаа зүйлд оролцох гэхээр Сагсан бөмбөгийн холбоо монопольдоод болдоггүй. 

Тоглолтын үед тамирчдын ойр орчимд очуулдаггүй, тэмцээний үеэр заавар зөвлөгөө өгөх гэхээр оролцуулдаггүй. Үндсэндээ гадуурхсан маягтай харьцаж байсан. Иймэрхүү асуудал гарсан. Бид тэнд нэр хүнд олох гэж очоогүй.  Азийн наадамд оролцож байгаа тамирчдын амжилт ялалтыг өөр дээрээ наах гэсэн зүйл байхгүй. Үндсэн оролцоо байх ёстой байсан. Түүнийгээ хийх гэж л очсон. 

Харамсалтай нь Олимпийн хороо ийм үйлдэл хийсэн нь туйлын харамсалтай зүйл болсон. Сагсан бөмбөгийн холбоо хүний бэлтгэсэн, мориор бол бусдын уясан хүлгээр л уралдаж байгаа юм шүү дээ. Үүнийг ард түмэн харж л байгаа байх.   Одоо ч гэсэн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо Супер лигийн тэмцээнээ зохион байгуулах гээд, алс холын Америкт очиж легионер тамирчдаа сонгон шалгаруулаад байж байна.  Гэтэл Сагсан бөмбөгийн холбооныхон тэнд тэмцээнд оролцсон, сайн зохион байгуулсан нэр зүүгээд л байж байна.  

-Тийм зүйл болсон юм бий?

Хэдий ийм зүйл болсон ч баг тамирчид маань сайн оролцлоо. Миний хувьд бол ямар нэг холбооны тэргүүн болоод, ашиг хонжоо хараад байгаа зүйл байхгүй. Би үүнийг дахиад хэлье. Надад ганцхан зорилго бий. Би аавынхаа амьдралаа зориулсан спортыг ямар төвшинд хүрч болох юм, тэр төвшинд хүртэл нь ажиллана. Тэгэхэд миний зүгээс ямар хувь нэмэр байна, түүнийгээ оруулна гэсэн бодолтой л ажиллаж байна. 

Аавынхаа хүсч, зорьж байсан үйл хэргийг тодорхой төвшинд хүргэчих юмсан гэж бодож, аавдаа буян хийж байгаа л хэрэг. Нөгөө талаасаа Монголд багийн спортын үнэлэмж гэж байхгүй байсан. Тэгвэл үнэлэмж бий болгоё. Монголчууд яахаараа багийн спортод амжилт гаргаж болдоггүй юм. Монгол хүнд чадахгүй гэж байх ёсгүй. Бүхий  л зүйлийг монголчууд чадна гэдгийг харуулах зорилготой энэ ажилд ханцуй шамлаж орсон. 

-Манай сагсан бөмбөгийн тамирчдын ур чадвар нэмэгдэж байна. Йордан зэрэг ур чадвар өндөртэй багийг буулгаж авсан. Гэтэл шөвгийн наймд орж ирээд, Хятад, Иран зэрэг багт олон онооны зөрүүгээр хожигдсон. Арай л дутуу харагдаж байна билээ.  Яавал бид тэдний хэмжээнд хүрэх вэ?

Мэргэжлийн төвшинд энэ спортыг хөгжүүлэх ёстой. Хүүхэд, залуусыг бэлтгэхдээ багаас нь авч, орчинд нь сургаж, бэлтгэмээр байна. Сая бол сэтгэл зүйн бэлтгэл дутуу нь харагдаж байсан. Хүчний бэлтгэл дутуу байгаа харагдсан. Сэтгэл байгаад тоглоод байгаа мөртлөө үнэхээр  хүч дутаж байна. 

Ираны тамирчдын бие бялдрын хөгжил, нурууны өндрийг хар. Шал өөр. Манай тамирчид бөмбөг булаалцалдахаар Ираны тамирчин яах ч үгүй. Харин манай тамирчид л үсрээд явчихна. Хүчний дасгалаас авахуулаад маш олон зүйл дутаж байна. Гэхдээ манай тамирчид илүү дайчин, хожъё гэсэн эрмэлзэлтэй, амжилт гаргах гэсэн чин хүсэл байсан учраас сайн тоглосон. Гэвч юманд хэмжээ гэж байна. 

Хэчнээн хүсэл, эрмэлзэл байгаад хэмжээ гэж байгаа. Бид үүнийг харж байгаа бол цаашид илүү өндөр, нарийн, мэргэжлийн төвшинд тамирчдаа бэлтгэх ёстой.  Хэдэн залуучуудаа бор зүрхээр нь байлдуулаад хол явахгүй. Легионер тамирчид орж ирсэнээр Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд өөрчлөлт орсон уу гэвэл орсон. Гэвч илүү өндөр төвшинд хүрэхийн тулд сонирхогчдын спортоос мэргэжлийн болгож хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Түүнээс сонирхогчдын төвшинд  байгаад байвал ямар ч спорт хол явахгүй. Жүдо бол сонирхогчдын төрлөөс анх удаа мэргэжлийн спортын төвшинд хүрч байна шүү дээ.  

-Спортод элэгтэй, сэтгэл зүрхээ зориулсан хүн холбоог нь удирдахаар арай илүү хөгжөөд, дэвжээд байна уу даа. Жүдогийн холбоо ямар байлаа. Одоо ямар болж, бөхчүүдийн ур чадвар өсөв. Чөлөөт уналтад орчихсон байхад Д.Дагвадорж аварга холбоог тэргүүлээд яаж өөрчлөгдөв. Гэх мэтээр олон жишээ байна шүү дээ?

Өөрийг чинь сайн бөх байлаа гэж бодъё. Тэгвэл чамд ирж байгаа, зориулагдсан мөнгө санхүү, боломж гээд бүх зүйлийг замаас нь хугаслалгүй, хагаслалгүй зориулж чадвал амжилтад хүрнэ. Хэн ч байсан. Гэтэл ихэнх спортын төрлүүд дээр харамсмаар нэг байдаг нь юу гэхээр, хандив мөнгө цугладаг. 

Талыг нь зуучилж өгсөн нөхөр цохчихдог. Дахиад талыг нь дасгалжуулагч, багш нар, өөр юу байдаг юм хэсэг нөхөд авчихдаг. Тамирчинд очих ёстой мөнгө төгрөг замдаа ямар нэг байдлаар хасагдсаар байгаад хамгийн сүүлд нь дусал л очдог. Тэгэхээр тэр тамирчинд ямар хэмжээний дэмжлэг очиж байгаа нь ойлгомжтой биз дээ. Хоёрдугаарт, ямар ч ахуйн орчин байхгүй. Өнөөдөр бэлтгэл хийх гэхээр заал олдохгүй байна. 

Янз бүрийн Олон улсын тэмцээн уралдаан, тив, дэлхийн аварга, Олимпийн надамд оролцох гэж байгаа тамирчид маань бэлтгэл хийх гэж бөөн юм болж байна шүү дээ. Энд тэндэхийн дунд сургуулийн заал гуйгаад л цагаа алдаж байна. Эсвэл аль нэг амралтын газар очоод л бэлтгэл хийнэ. Хандив нэртэй боловч гуйлгаар л очиж бэлтгэл хийдэг. Дээрээс нь манай ямар ч спорт мэргэлжийн төвшинд хүрч хөгжөөгүй байна. 

Аль ч спортод явж байгаа тамирчныг хараад би сэтгэл эмзэглэж, зүрх шархалж байдаг. Яагаад гэвэл, тэр хүмүүс өөрийнхөө үндсэн ажлаа хийж байгаа. Ажил хийж, цалин авахгүй бол амьдрахгүй шүү дээ. Ажлынхаа чөлөөт цагаар спортод өөрийнхөө хүч, оюуныг дайчилж, хичээж байна. Өнөөдөр Азийн наадмын сагсан бөмбөгийг хар л даа. Тэр Хятад, Иран, Казахстан, Солонгосын баг тамирчдын хийдэг ажил нь л сагс тоглох. 

Сагс тоглож, амжилт гаргаснаараа цалин авч байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл манай тамирчид болохоор оюутан, ажилтан байх жишээтэй. Үндсэн ажил нь өөр. Сагсан бөмбөг нь болохоор хоёр дахь ажил, чөлөөт цагаараа, өөрөө дуртай байгаа учраас хичээллэж, амжилтад хүрсэн залуус шүү дээ. Хэрвээ тэд сагсан бөмбөгөөр хичээллээд, тэр нь амьдралынх нь зорилго байсан бол илүү том амжилтууд гаргана даа.  

 Гол дэмжиж байгаа хоёр гурван компани байна. Тэгээд л Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өөрийн зохион байгуулалт байгаа.

Тэгээд бодохоор, аливаа зүйлийн боломж, нөхцөл гэдэг ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Аливаа нэг амжилтыг өмчлөх амархан. Харин тэр амжилтад хүрэх замыг засах, бүх нөхцлийг бүрдүүлэх, бартаа саадыг давж туулах гэдэг амархан биш.  Би өнөөдрийг хүртэл нэг талдаа эмгэнэлтэй ч юм шиг, нөгөө талдаа сургамжтай ч юм шиг дүр зургуудыг харж л байна. Хүн болгон л цээжээ дэлдээд, атаман болох гээд л. 

Би Солонгосоос ирээд хэд хонож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр би Солонгост байсан. Гэхдээ ил гараагүй. Уг нь ням гарагт тамирчидтайгаа уулзаад, хоол идээд сууя гэсэн боловч чадаагүй. Яагаад гэвэл тэнд янз бүрийн санаа бодолтой олон хүн оччихсон байсан. Тийм болохоор зүгээр л ажиглагчийн байр сууринд сууж тоглолтоо үзчихээд л ирсэн дээ.  

-Спортын ордон гэснээс сагсан бөмбөгийн ордон ашиглалтад орох дөхөж байгаа юу?

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хоёр жилийн өмнөөс л сагсан бөмбөгийн спортын ордон барих ажлыг эхлүүлсэн. Ийм л орчин бий болгохгүй бол сагсан бөмбөгийн спорт хөгжихгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Олон улсын спортын анагаах ухааны хүрээлэнгээс хүмүүс ирээд, манай Соёл,  спорт,  аялал жуулчлалын яамтай хамтраад, спортын бэлтгэлийн төвүүдийн байршлыг тогтоосон. 

Улсын хэмжээнд 10 гаруй байршил тогтоосон санагдаж байна. Засгийн газрын хуралдаанаар оруулж, тэр байршлуудыг батлуулсан. Тэр дотроо Улаанбаатар хотод Хандгайт, Багахангай хоёрт спортын бэлтгэлийн төв барихаар байршил нь батлагдсан. Ямар өндөр, агаар, орчинд бэлтгэл хийвэл илүү амжилтад хүрэх вэ. Хаана бэлтгэлийн төв байгуулбал газар зүйн хувьд хамгийн боломжтой байна вэ гэдгийг тогтоосон байхгүй юу. 

Тэр дотор Хандгайт, Багахангай хоёр багтсан.  Манай ахмад үе маань их нарийн ухаантай хүмүүс байж. Үе үеийн тамирчид Хандгайтад дандаа бэлтгэлд гардаг. Тэнд бэлтгэл хийвэл илүү эрч хүч, энерги  авах юм байна гэдгийг мэддэг байсан байна шүү дээ. Хэзээ хойно үүнийг Анагаах ухааны онолын төвшинд тогтоож байна шүү дээ.   Тэгээд л бид Хандгайтад спортын бэлтгэлийн заалтай, 80 ортой тамирчны зочид буудал бүхий спортын цогцолбор байгуулах ажлыг эхэлсэн.  Энэ сард тамирчдын зочид буудал болоод А буюу бага заалаа ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Он дотроо багтаад Б буюу том заалаа ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Жижиг заал нь 300 хүний суудалтай. Том нь 2000 орчим хүний суудалтай заал байх юм. 

-Хөрөнгө оруулалтаа яаж шийдсэн бэ. Улсаас мөнгө төгрөг өгсөн үү?

Янз бүрийн л эх үүсвэр байгаа. Зээлийн эх үүсвэр байна. Тодорхой компаниудын хандив оролцооноос л босч байна даа. Улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй. Гол дэмжиж байгаа хоёр гурван компани байна. Тэгээд л Үндэсний сагсан бөмбөгийн холбооны өөрийн зохион байгуулалт байгаа. Ингээд л ажиллаж байна даа.