Төрийн өмчит компаниудын ирээдүй
Төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажилладаг, шахааны бизнес цэцэглэсэн гэх зэргээр олон нийт шүүмжилдэг нь нэг талдаа үнэний ортой нөгөө талдаа төрийн заавал үүрэх ёстой хариуцлага гэж байдаг ажээ.
2014.10.06

Төрийн өмчит компаниудын ирээдүй

Vip76.mn сайтаас “Төр өмчөө хэрхэн удирдах ёстой вэ” сэдвээр эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөгчид, төрийн өмчит компанийн удирдлагуудын дунд онлайн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Шинэ салхи

Хэлэлцүүлэг үндсэн дөрвөн асуудалд анхаарал хандуулсан. Үүнд нэгдүгээрт төр заавал компани байгуулах хэрэгцээ шаардлага хаанаас урган гардаг вэ, төрийн өмчийг хэрхэн зөв удирдах ёстой вэ, дэлхийн нийтийн чиг хандлага, төрийн өмчит байгууллагыг багаар хэрхэн удирдах вэ, сэтгэлгээний онцлог болон төрийн дэмжлэг зэрэг асуудлыг хөндлөө.

Төрийн өмчит компаниудыг алдагдалтай ажилладаг, шахааны бизнес цэцэглэсэн гэх зэргээр олон нийт шүүмжилдэг нь нэг талдаа үнэний ортой нөгөө талдаа төрийн заавал үүрэх ёстой хариуцлага гэж байдаг ажээ.

Тухайлбал төр нийгмийн дэд бүтэц болох эрүүл мэнд, батлан хамгаалах, эрчим хүч, боловсрол, нийгмийн халамжийн салбараа алдагдалтай ажиллаад ч хамаагүй авч явах ёстой. Хэрвээ төр гараа хумхиад бүгдийг хувийн хэвшлээр хийлгэвэл амьжиргааны түвшнээс доогуур, хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, өнчин ядуу гэх эмзэг хэсэг гүн ёроол руу шидэгдэх болно.

Нөгөө талд эрчим хүч, батлан хамгаалах, төмөр зам гэдэг бол улс орны хувьд үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбогддог учир төрийн эзэмшилд байх нь зөв. Үүнийг олон улс орны жишээнээс харж болно. Хэлэлцүүлэгт оролцогчид бүгд төрийн заавал авч явах ёстой салбаруудыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гагцхүү зөв удирдлага, менежментээр хангах ёстой гэдгийг зөвлөж байсан. Улс төрийн томилгоогоор бус мэргэжлийн удирдлагаар хангаж, шинэ салхи оруулж менежментийг сайжруулсанаар хөрөнгө мөнгөний дэмжлэгээс илүүтэй тус болдог гэдгийг зарим ТӨК-ийн жишээ харуулж байгаа юм.

Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас үзэхэд төрийн өмчит компанийн тоо цөөрч байгаад бус харин тэдгээрийн бүтэц өөрчлөгдөж байгаад хамар учир орших болов. Зарим томоохон ТӨК-иуд бараг хувийн корпораци хэлбэртэй болсны учир нь тэдний хувьцааг хөрөнгийн зах дээр арилжиж, ТУЗ, компанийн засаглалыг хэрэгжүүлж, магадгүй хөрөнгө оруулалтын удирдлагыг гуравдагч гадны байгууллагаар гүйцэтгүүлэх болов. Энэ бол шинэ салхи.

Барууны хандлагаар олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болно гэсэн үг. Харин манай улсын ТӨК-иудыг удирдлагаар хангадаг Төрийн өмчийн хорооны зүгээс оруулж байгаа хөрөнгийнхөө тодорхой хэсгийг төсөвт төвлөрүүлж, компаниуд нь эргээд бие дааж, гадна дотны хөрөнгө оруулалтыг өөртөө татдаг, хөрөнгө босгодог, түншлэлийг бий болгох концепцийн үндсэн дээр ажиллах бодлого барьж байгааг хэлсэн юм.

Экспертүүдийн саналыг багцлан хүргэе.
  1. Төрийн өмчит компаниудын төрийн төлөөлөл заавал засгийн газрын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга, яамдын дарга байх албагүй. Учир нь компанийг үр ашигтай авч явах мэдлэг, алсын хараа, чадвартай мэргэжлийн хүн байхад хангалттай.
  2. Ямар ч улс оронд төсвийг дандаа хязгаарладаг учир мөнгө л байвал болно, эсвэл мөнгө дутагдсанаас болж муу ажиллаа гэх нь утгагүй. Хөрөнгө зарахгүйгээр зөв зохион байгуулалт, бэлтгэл, менежмент, ур чадвараа төлөвшүүлвэл хөгжиж болно.
  3. Төр тухайн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулж гэрээнд заагдсан төлөвлөгөө биелээгүй тохиолдолд ажлаас халахад бэлэн байх, хяналтаа зүй ёсоор хэрэгжүүлэх нь чухал.
  4. Төр бүх өмчийн эзэн болох гэж зүтгэлгүй боломжтой бол хувийн хэвшилд өгч, чаддаг хүмүүсээр нь удирдуулах хэрэгтэй.  Алдагдлаа бууруулахын тулд сайн менежмент хийх ёстой. Хамгийн сайн арга бол өрийн удирдлага.
  5. Компаниудаа хэрхэн өргөжүүлж, ашигтай ажиллуулах вэ, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ, яаж ашгийг өндөр хэмжээнд байлгах вэ гэдгийг судлах хэрэгтэй.
  6. Төрийн өмчит компанийн хувьд техникийн шинэчлэлд хамрагдах шаардлагатай. Бусад хувийн компаниуд сайн чанартай техник оруулаад ирчихсэн байтал ТӨК хоцрогдсон технологиор замаа засч нөхөж байгаа юм.