Даваадорж.Г 2014.10.06 | Сайт: Vip76.mn

Европын хөгжингүй орнуудын төрийн өмчийн удирдлага

Европын хөгжингүй орнуудын төрийн өмчийн удирдлага
Европын орнууд уул уурхай, батлан хамгаалах зэрэг стратегийн ач холбогдолтой салбаруудаа төрийн мэдэлд байлгадаг.

Төрийн өмчит компаниудын бие даасан байдлыг хангах гол хэрэгсэл нь тэдний Засгийн газартай байгуулдаг гэрээ юм. Гэрээг шууд хэлэлцээрийн үр дүнд эсвэл шалгаруулалтын журмаар байгуулдаг.

Европын хөгжингүй орнуудад гэрээ байгуулахаас өмнө яамнаас томилогдсон тусгай судалгааны баг тухайн бизнесийн байгууллагыг маш нарийн судалдаг.

Ийм гэрээний практик Европт, ялангуяа Францад сайтар хөгжсөн. Францад гэрээг голдуу таван жилийн хугацаатай байгуулж, тухайн бизнесийн байгууллага чухам юу хийх, хэдий чинээ хөрөнгө зарцуулах, түүнчлэн төрөөс өгсөн үүргийн биелэлтийг хянах аргыг тодорхойлдог.

Гэрээнд голдуу төрийн өмчит бизнесийн байгууллагын ажлын байрны хангалт, төрөөс авах санхүүжилтын механизм зэрэг дунд хугацааны зорилтуудыг тусгадаг.

Ингэснээр төрийн өмчит компани харьцангуй бие даасан байдалтай байж чаддаг. Түүнчлэн жил болгоны төсвийн хувиарлалтаас гардаг гэнэтийн бэрхшээлд өртдөггүй үйл ажиллагаа жигд явагддаг.

2013 оны 11 дүгээр сарын байдлаар Монголд 99 төрийн өмчит ХК, ХХК, үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой компани, хамтарсан үйлдвэр болон бусад газрууд байна.

Гэрээ байгуулах нь төрийн зүгээс үндэсний эдийн засгийн хөгжилтэй уялдуулж төрийн өмчит компани болгоны зорилго, зорилтыг нарийн тодорхойлох боломжийг олгодог. Мөн төрийн байгууллага, төрийн өмчит компаниудын санхүүгийн харилцааг хатуу тогтоосон татварын тарифт үндэслэн тодорхойлдог. Хатуу гэрээтэй учраас эрх баригчид төрийн өмчит компаниудыг хувийн зорилгодоо ашиглах нүх гардаггүй.

Сүүлийн үед төрийн болон хувийн өмч нийлсэн компаниуд олноор байгуулагдах болсон. Холимог өмчит компаниуд голдуу төр хувийн хэвшлээс хувьцаа худалдан авах эсвэл төр зарим хувьцаагаа зарах замаар байгуулагддаг. Ийм практик Итали, Франц, Герман, Австри, Франц, Испанид өргөн тархсан.

Түүнчлэн төрийн өмчийг ашиглах нэг үр дүнтэй хэлбэр бол төрийн өмчийг хувь хүн болон хуулийн этгээдэд түр шилжүүлэн өгөх. Энэ нь дотроо олон чиглэл, хэлбэртэй. Үүний нэг нь төрийн өмчийг хувиараа бизнес эрхлэгчдэд итгэлцлийн (трастын удирдлага) үндсэн дээр шилжүүлэх. Удирдлагын энэхүү хэлбэрийн дагуу төрийн өмчийг өмчлөх эрхийг хөрөнгө удирдагч этгээдэд өгөхгүй. Тусгай гэрээний үндсэн дээр чадвартай хүнд төр өөрийн хөрөнгийн хэсгийг тодорхой хугацаанд шилжүүлж, хөрөнгийг зарцуулагч этгээд зөвхөн төрийн сонирхлын хүрээнд ажиллах болно. Ингэснээр төрийн өмчид байгаа хөрөнгө хий хэвтэлгүй эргэлтэнд орж үр ашгаа өгч эхэлдэг. Төр өөрийн сонирхлын хүрээнд хөрөнгө ашиглах нөхцлийг тодорхойлдог. Тухайлбал боловсон хүчнийг хэвээр хадгалах, орон тоог үл багасгах, үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлох гэх мэт. Энэ практик нь төрийн өмчийг хянах хамгийн шилдэг арга болдог.

Түүнчлэн төрийн өмчийг үр дүнтэй ашиглах өөр нэг арга бол төрийн өмчийг түрээслэх. Түрээсийн гэрээ ёсоор түрээслүүлэгч нь түрээслэгчид өөрийн хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглах юм уу эсвэл эзэмших эрхийг өгдөг.

Гадны туршлагаас харахад голдуу газар болон бусад байгалийн объектууд, үйлдвэр, барилга, байшин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг төрөөс түрээсэнд өгдөг. Энэ нь өөртөө хангалттай хөрөнгөгүй, эсвэл үйлдвэрлэл явуулах барилга, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлгүй хүмүүст бизнес эрхлэх боломж олгодог.

Харин төрийн хувьд үр дүнтэй ашиглаж чадахгүй хөрөнгөө нийгэмд ашиг тустайгаар түрээслүүлэх гарцыг нээдэг. Эзэмшигч, бизнес эрхлэгч, ард түмний аль аль нь хожно гэсэн үг.

Зарим тохиолдолд төр концессийн гэрээг хэрэглэдэг. Концессийн гэрээний дагуу голдуу байгалийн нөөц баялаг, ашигт малтмалын ордуудыг ашиглуулдаг. Төрийн зүгээс хугацаа, хөрөнгө оруулалтын чиглэл болон хамгийн бага хэмжээ, байгаль орчны үзүүлэлтүүдийг зааж өгдөг. Концесс нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад түлхэц болдог.

Концессийн гэрээ байгуулагч өөрийн хөрөнгө оруулалтад тулгуурлаж үйлдвэрлэлийн технологийг байгуулах юм уу шинэчилснээр эдийн засаг өөдлөх, сэргэх үндсийг бүрдүүлж, ажилгүйдэл багасах, төсвийн орлого нэмэгдэх зэрэгт эерэгээр нөлөөлдөг.

Концессийн үзэл суртлыг орчин үеийн барууны ертөнцөд эдийн засаг дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сонгодог хэлбэр хэмээн үздэг. Төр үр дүнгүй удирдлагаас хагацахын зэрэгцээ ачааллаа хувийн хэвшилд шилжүүлдэг. Харин төрийн баталгаа авсан хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэлд шинэ туршлага, мэдлэг, ноу хауг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрсдлийг багасгадаг.

Төрийн өмчийг арилжааны зорилгоор үр дүнтэй ашиглах бас нэг арга бол франчайзинг. Энэ нь төр ямар нэгэн бараа, үйлчилгээг захиалж хувийн хэвшилд үйлдвэрлэл явуулах давуу эрхийг өгнө гэсэн үг. Ингэхдээ төр тариф болон үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлж, харин гэрээ байгуулсан үйлдвэрлэгч төрөөс бага хэмжээний мөнгө авах юм уу эсвэл их орлогыг төсөвт оруулна.

Франчайзингийн гэрээ байгуулсан төр нэгдүгээрт нэмэлт хөрөнгө оруулалт хийлгүйгээр барааныхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт төрийн өмчит үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн хэмжээгээр ашиглаж үндсэн хөрөнгийн эргэлт хурдасна. Гуравдугаарт хувийн хэвшил төрийг татвараас гадна төсөвт оруулах орлогоор тэжээж эхэлдэг.