О.Баасанхүү: Сайд нарыг сэлгэж, бүтцээ өөрчлөх нь ээлжит тоглоом
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.10.07

О.Баасанхүү: Сайд нарыг сэлгэж, бүтцээ өөрчлөх нь ээлжит тоглоом

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонирхлоо.

-Засгийн газар шинэ бүтцээр ажиллах нь тодорхой боллоо. Одоо бүрэлдэхүүний асуудал анхаарал татаж байна. Засагт хамтарч хоёр жил ажиллаж ирсэн “Шударга эвслийн тухайд таны бодлыг сонирхоё?

Би нэг л зүйлийг тодорхой хэлж байгаа. Тэр нь юу вэ гэвэл ‘Шударга ёс” эвсэл засагт ороогүй гэж би өмнө нь ч ярьж байсан, одоо ч хэлж байгаа. Тухайлбал, намаас Цэцгээ, Дулмаа, Доржийг сайд болгоё гэсэн бол нэгдүгээрт, гэрээ байгуулахаар томилогдсон хүмүүстэйгээ гэрээлэх асуудал байна.

Тэгвэл тэнд байгаа хүмүүс нь өөрсдөдөө зориулсан гэрээ хийсэн, тийм л юм болсон. Сайд болсон хүмүүс бүгд Х.Баттулга гишүүнээр ахлуулан хоёр талаасаа эвслийн гэрээ байгуулсан. Тэгэхээр юун “Шударга ёс” эвсэл. Долдугаар сарын 14-нд тангараг өргөж, нөхдүүд хамтдаа суугаад гэрээ хийгээд тэрийг сайд, энийг байнгын хорооны дарга болгоё гэж тохирсон зүйл.

Олон суудал авсан нам гэрээгээр Засгийн газар байгуулахаас өөр гарц байхгүй.

Тухайлбал, Р.Амаржаргал гишүүн МҮДН фракциа төлөөлсөн боловч “Фортуна” нь өөрийгөө төлөөлөөд сайд болсонд одоо хэр нь бухимдаад байгаа. Энэ бодитой зүйл.

-Тэгвэл одоо эхлүүлээд байгаа өөрчлөлтөөр Засгийн газар бүрэлдэхүүнээ өөрчилж чадах уу?

Таван намын цуглуулгыг зангидаж байгаа гол хүн нь Н.Алтанхуяг. Гэхдээ миний зүгээс сайд нарын сэлгээ хийх, бүтцээ өөрчлөх гэж байгааг тоглоом гэж харж байна. Албан ёсны зүйл байхгүй. Яагаад гэвэл, энэ Засгийн газар гэрээгээр байгуулагдсан. Дараагийн Засгийн газар ч ялгаагүй гэрээгээр байгуулагдана.

Гэрээгээр тохироо хийгээгүй байж яаж бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх юм. Ямар ялсан нам биш, олон суудал бол авсан. Олон суудал авсан нам гэрээгээр Засгийн газар байгуулахаас өөр гарц байхгүй. Харин гэрээгээ урьдчилж тохироогүй байж бүтэц, бүрэлдэхүүний асуудал ярина гэдэг худал. Тэр бол ээлжит тоглоом.

-АН засагласнаар алдаатай шийдвэр явуулсан гэсэн шүүмжлэл одоо ч үргэлжилж байна. Чадварлаг, мэдлэгтэй боловсон хүчнийг бүрдүүлээгүй гэдгээс өгсүүлээд мэргэжлийн Засгийн газар байх ёстой хэмээн өрнөж байгаа энэ асуудлыг та юу гэж үзэж байна?

Тогтвортой төр, засаглалд мэргэшсэн албан хаагч нар ажиллах нь чухал. Харамсалтай нь АН мэргэшээгүй хүмүүсээр төрийг бүрдүүлж, намын ялгавар хийж ирсэн нь том алдаа. Үүнийгээ тэд өөрсдөө ч мэдэж байгаа.