Р.Бурмаа: Эдийн засаг сайжраагүй нь бүтэцтэй холбоотой гэвэл ёстой уучлаарай шүү
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.10.07

Р.Бурмаа: Эдийн засаг сайжраагүй нь бүтэцтэй холбоотой гэвэл ёстой уучлаарай шүү

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл болон Засгийн газрын бүтцийн талаар цөөн хором ярилцлаа. 

-Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Та Ерөнхий сайдын оруулж ирсэн хувилбарт сэтгэл дундуур байгаагаа хэлсэн. Яагаад тэр вэ? 

Ер нь ДНБ, ҮНБ-тэй харьцах Засгийн газрын зардлыг багасгах талд анхаарч байвал дэмжиж болно. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа. Үр дүн нь данхар бүтцээс болоод сайнгүй гарлаа гэсэн хандлагаар ярьж байгааг би өрөөсгөл гэж бодож байна. Засгийн газрын бүтцийг сайжруулах асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай байсан. Ерөнхий сайдын оруулж ирсэн төсөл нь санаанд хүрэхгүй байна.

Дахиад сануулахад эдийн засаг сайжрахгүй байгаа нь бүтцээс боллоо гэвэл “Ёстой уучлаарай” гэж хэлмээр байна. Ерөнхий сайдын өөрийнх нь оруулж ирсэн бүтцийг хүлээн зөвшөөрсөн. УИХ-аас шаардлагатай дэмжлэгийг хангалттай өгсөн.

Гэхдээ Ерөнхий сайдын бүрэн эрхэд бүтцээ өөрчлөх, аль нэг сайдаа солих эрх мэдэл байдаг. Нэгэнт бүрэн эрхийн асуудал учраас хүндэтгэлтэй хандаж байна. Яамд бодлогын асуудалд төвлөрч ажиллахаас илүү аж ахуйн, заримдаа агентлагийн ажлыг шүүрч аваад байна уу даа гэж боддог. Ер нь яамд, аймаг, нийслэл ямар чиг үүрэгтэй ажиллах вэ гэдэг нь тодорхойгүй.

Ерөнхий сайд УИХ-ын өмнө хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тайлагнах үүрэгтэй. Гэтэл хоёр яамыг нийлүүлээд нэг асуудлыг нөгөөд нь шилжүүлэх маягаар өнгөцхөн шийдвэр гаргаад байна. Гэхдээ цаашдаа хэлэлцээд илүү сайжруулах байх.

-Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажил хэр ахиц дэвшилтэй байна вэ. Ер нь намрын чуулганд багтаж батлагдах болов уу?

Хуулийн төслийг хэзээ батлах талаар хугацааг нь урьдчилж хэлэх боломжгүй. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ хуулийн төсөл багтсан. Хуулийн гол өөрчлөлтийн нэг бол сонгуулийн санхүүжилттэй холбоотой заалт. Ер нь үр дүнгүй, их хэмжээний мөнгө сонгуульд зарцуулах нь улстөрчдийг хандивлагчдаас хараат болгож байна.

Сүүлийн жилүүдэд сонгуулийн зардлын хэмжээ эрс нэмэгдсэн. Албан ёсны тайлангаас харахад УИХ-ын 2012 оны сонгуулийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Тиймээс сонгуулийн санхүүжилтийн зохицуулалтыг оруулж ирж байна.

Үүнд хуулийн этгээдээс хандив авахыг хориглох, тухайн нэр дэвшигчид их хэмжээний хандив өгсөн аж ахуйн нэгж, хувь хүний нэрийг ил тод болгох зэрэг олон хэлбэрээр сонгуулийн зардлыг багасгахаар ажиллаж байна.

-“Орон нутгийн сонгуульд улс төрийн намуудыг оролцуулахгүй” гэх заалт орсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

Ер нь ийм асуудал ярьж байгаа. Иргэдийн нийтийн хурал гэдэг утгаар нь улс төрийн намууд орон нутгийн сонгуульд оролцохгүй байвал яасан юм гэсэн хувилбарыг Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа ажлын хэсгийнхэнтэй ярилцаж байна. Одоогийн байдлаар хоёр хувилбар бий.

Эхнийх нь аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд улс төрийн нам орж болно, нөгөөх нь орж болохгүй гэсэн. Тэгэхээр Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоо түлхүү их байна гэсэн үг. Улс төрийн нам бодлогын нам болох учраас энэ чиглэлд анхаарал хандуулж байгаа. 

-Сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх талд дэвшил гарах уу? 

Сонгуулийн маргаан сунжрах хандлагатай байдаг. Шүүхийн шийдвэр гарсан ч нэг тийш нь шийдэж чаддаггүй. Тэгэхээр Сонгуулийн нэгдсэн хуульд үүссэн маргааныг хэр хугацаанд хянан шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой болж байгаа. Ер нь хоёр сарын хугацаанд сонгуультай холбоотой маргааныг хянан шийдвэрлэж дуусгана.

Ер нь хоёр сарын хугацаанд сонгуультай холбоотой маргааныг хянан шийдвэрлэж дуусгана.

Түүнээс гадна сонгууль зохион байгуулдаг эрх үүрэг бүхий байгууллагаас болж ажил удааширдаг байдлыг таслан зогсооно. Тухайн Сонгуулийн хороонд аль улс төрийн намын хүн олон байгаагаас шалтгаалж, шийдвэр гаргадаг сөрөг тал ажиглагддаг. Энэ гажуудлыг засахаар ажиллаж байна. 

-Сонгуулийн саналыг ямар байдлаар тоолох вэ. Гараар тоолох уу?

Сонгуулийн санал авах болон тоолох үйл ажиллагаанд автомат машиныг ашиглана. Хяналтын тооллогыг давхар хийнэ. Ингэхдээ санамсаргүй шодох аргаар аль тойрогт гараар тоолох вэ гэдгийг сонгуулийн санал хураалт явагдаж дууссаны дараа тодорхой болгоно.

Тэгэхээр сонгууль болохоос өмнө хар машинд ямар нэгэн тохиргоо хийх боломжгүй гэсэн үг. Хэрвээ хяналтын тооллогын үед алдаа, зөрчил илэрвэл түүнийг нягталж, санаатай, зохион байгуулалттай үйл ажиллагаа байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна.