Ирэх оны төсвийн төсөл батлагдвал хотын бүтээн байгуулалт зогсоно
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.10.09

Ирэх оны төсвийн төсөл батлагдвал хотын бүтээн байгуулалт зогсоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д 2015 оны төсвийн төсөл өргөн барьсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Монголын парламентын түүхэнд өмнө нь байгаагүй төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад удаа дараа энэ талаар хандсан ч бидний хүсэлтийг үл ойшоон нийслэлийн өдөр тутмын ажил, бүтээн байгуулалтыг зогсонги байдалд оруулах, иргэдийн эрх ашгийг үгүйсгэсэн төсвийн төсөл өргөн бариад байна.

Уг төсөлд зааснаар жилдээ 450-500 тэрбум төгрөгийн төсөвтэй Улаанбаатар хотод багш нар, эрүүл мэндийн байгууллага, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал засварыг хариуцуулахаар заасан байна. Энэ нь бидний тооцоолж буйгаар 330 гаруй тэрбум төгрөгийг гаргана гэсэн үг. Үнэхээр тийм боломж хотод байхгүй. Энэ төслийг УИХ баталвал хот үндсэндээ дампуурна” гэлээ.

Мөн энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдод албан бичиг явуулахаар төлөвлөжээ.   Уг төсвийн төслийг УИХ баталсан тохиолдолд нийслэлийн Засаг дарга иргэдийнхээ эрх ашгийн төлөө нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихгүй, батлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.