Ч.Улаан: Цалин, тэтгэврийг нэмэхэд зориулж  500 тэрбум төгрөг төсөвлөсөн
Сангийн сайд Ч.Улаан
2014.10.10

Ч.Улаан: Цалин, тэтгэврийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн

УИХ-д өргөн барьсан ирэх оны улсын төсвийн төслийн талаар Сангийн сайд Ч.Улаан өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.

Ирэх жил Монгол Улс төсөвтөө 7,2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 8.4 их наяд төгрөгийн зарлага санхүүжүүлэхээр байгаа аж.

Энэ оныг бодоход төсвийн орлого 900 тэрбум орчмоор нэмэгдэж, харин зарлага нь нэг их наяд гаруй төгрөгөөр өсч байгаа талаар Сангийн сайд хэлсэн. Тэрээр ирэх оны төсөв бүхэлдээ хэмнэлтийн горимд шилжсэн гэдгийг ч онцоллоо.

Хэмнэлтийн горимоос гадна өргөн барьсан шинэ төсөв нь гурван онцлогтой юм байна. Эхнийх нь, төсвийн хариуцлага, үүрэг, эрх мэдлийг орон нутагт цогцоор нь шилжүүлсэн явдал.

Өмнө нь орон нутагт байшингийн дээвэр будах хөрөнгийг Улаанбаатараас, харьяа яамаар нь дамжуулж бөөн чирэгдэл болж ганц литр будагны мөнгө шилждэг байлаа. Харин ирэх оноос энэ байдал өөрчлөгдөж эрх мэдлийг, орон нутгийг хөгжүүлэх сантай нь бүрэн шилжүүлжээ. Энэ нь том өөрчлөлт бөгөөд орон нутаг бие дааж төсвөө зарцуулахаас гадна иргэддээ эргээд тайлагнадаг болох нь ээ.

Ирэх жилийн төсвийн удаахь онцлогийг “ Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг илүү дайчилсан" гэж тэрээр дүгнэсэн. Хэдийгээр эдийн засгийн байдал хүнд, төсвийн орлого өмнөх жилүүдээс төдийлөн нэмэгдэхгүй ч нийгмийн арга хэмжээнд зарцуулах мөнгийг нэмэгдүүлье гэсэн зарчим барьжээ.

Тиймээс өнгөрсөн жил цалин тэтгэврийг нэмэхэд зориулан 200 тэрбум төгрөгийг баталж байсан бол энэ жил 2.5 дахин буюу 500 тэрбум төгрөг болгон өсгөсөн байна. Гэхдээ цалин тэтгэврийг үе шаттай, цаг хугацааны хувьд ялгавартай, хамгийн гол нь инфляцад нөлөө үзүүлэхгүйгээр, гэхдээ иргэдийн амьдралд бодитойгоор нэмэр болохуйц аргыг сонгоно гэлээ.

Гуравдахь онцлог нь, Хөгжлийн банк, “Чингис" бондын хөрөнгийг төсвөөр дамжуулан, нэг дээвэр дор төвлөрүүлэх юм байна. Энэ нь Монгол Улс нэг төсөвтэй болно гэсэн үг. Энэ жилийн хувьд дээрх хөрөнгүүд улсын төсвийн гадна, тусдаа байсан юм. Иймэрхүү өөрчлөлтөөс хамаарч төсвийг хэлэлцэхээс эхлээд хэрэгжүүлэх арга барилыг ч өөрчлөх ажээ. Төсөвт тавих шаардлагыг өндөржүүлэхээс эхлээд иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн мэдээллийг шуурхай ил тод тайлагнадаг болох юм байх.

Ард түмний амьжиргааг дээшлүүлэх, цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд төсөвт байгаа боломжийг илүү дайчилсан

Ерөнхийдөө төсөв зохиохдоо хорогдуулах, төвшинд нь хязгаарлах, тэвчиж өнгөрөх, нэмэгдүүлэх гэсэн зүйл бүр дээр тав таван зарчим гаргажээ. Жишээ нь орон тоо, шат дамжлага, удирдлагын зардал зэргийг нэмэгдүүлэхгүй, байгаа төвшинд нь хязгаарлах бол тавилга, эд хогшил, сандал ширээ солих, албан контор барих, үр өгөөжгүй хэрнээ төсвөөс зарлага гаргах зүйлийг тэвчихээр шийджээ.

Харин цалин тэтгэвэр, улс орны цаашдын хөгжлийн үндсийг тавих сургууль цэцэрлэгийн урсгал зардлыг нэмэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх зэрэгт хөрөнгө нэмэх шаардлагатай гэх зэргээр тооцсон талаараа мэдээллээ. Мөн сэтгүүлчдийн асуултад хариу өглөө.

-Ирэх оны төсөв их танагдсан, бүтээн байгуулалт өрнүүлэх боломжгүй хүнд төсөв болсон гэж зарим хүн дүгнэж байна. Үнэхээр ирэх жил бүтээн байгуулалт зогсох уу?

-Ирэх оны төсөвтэй холбоотойгоор ямар ч татвар нэмэгдээгүй. Татварын ямар нэгэн шинэ төрөл бий болохгүй. 2015 онд бүтээн байгуулалтын ажил зогсохгүй. Би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ирэх онд улсын төсвөөс хуваарилах хөрөнгө буурч байгаа нь үнэн. Гэхдээ хөгжилд улсын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Хөгжлийн банк, Чингис” бондын эх үүсвэр буюу хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Энэ утгаараа Монгол улсын хөрөнгө оруулалт ирэх нийт дүнгээрээ өснө. Бүтээн байгуулалтын ажил ч нэмэгдэнэ.

-Нүүрс, зэсийн үнийг хэд байхаар тооцсон бэ?

-Үнэ ханшийг дэлхийн зээлийн хандлага, олон улсын үнийн тооцоолол хийдэг байгууллагын тооцоо, судалгааны дүнг үндэслэн хийсэн. Нүүрс, зэсийн үнийг тогворжуулсан зарчмаар тооцож орууллаа. Тогтворжуулсан зарчмыг тооцох хуульд заасан аргачлал хүртэл байдаг. Энэ нь дэлхийн зах зээлдээрх сүүлийн 12 жилийн үнэ ханш болон ирэх гурван жилийн төсөөллийг тооцож гаргадаг аргачлал. Ер нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ савладаг учраас боломжийн төвшинд тогтвортой байхаар гаргадаг арга юм. Энэ аргаар тооцож нүүрсний  үнэ чанараасаа хамааран 80-130 ам.доллар, зэсийнхийг 6900 ам.доллараар тооцсон.

-Цалин тэтгэврийг хэдэн хувиар нэмэх вэ. Энэ нь хэдий хэмжээний хөрөнгө болох вэ?

-Өнгөрсөн жил цалин тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг' нэмж зарцуулсан. Ирэх жил 500 тэрбумыг зарцуулна. Цалинг хэдэн хувиар нэмэхийг би одоогоор хэлж чадахгүй. Салбарын онцлог, бүтээмжийг харгалзан үе шат, дэс дараатай, цаг хугацааны хувьд ялгавартай хандана. Тиймээс оны дундуур бодлоготойгоо уялдуулан нэмнэ.

-Төсөвт Засгийн газрын бүтцийг хуучин хэвээр нь тусгасан уу. Одоо шинээр баталсан бүтцээр хэдий хэмжээний хэмнэлт гарах вэ?

-Засгийн газрын хуучин бүтцээр тооцоо хийсэн. Шинэ бүтэц батлагдсанаар 1,2 их наяд төгрөгөөр төсвийн зардал хэмнэгдэнэ. Гэхдээ бүтцийн өөрчлөлт хийсэн эхний жилд хэмнэлт их гардаггүй. Учир нь гэнэт халагдсаны тэтгэмж олгодог. Тэгэхээр хэмнэлт нь нэгээс хоёр жилийн дараа гардаг. Заримдаа хуулиар олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ өсөөд хэмнэлт гарсан гэж харагдахгүй ч байх магадлалтай

-Нийслэлийн төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин зэрэг 350 орчим тэрбум төгрөгийг хуваарилсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл тээврийн хэрэгсэл ашигласны болон үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэхээс өөр аргагүй гэсэн зүйл ярьж байсан. Энэ нь татвар нэмэхгүй гэсэн зарчимтай зөрчилдөх юм биш үү?

-Энэ нь ташаа ойлголт. Орон нутагт боловсрол, эрүүл мэндийн салбарын зардлыг шилжүүлж байгаа. Гэхдээ эх үүсвэрийг нь ч хамт өгч байгаа. Ямар ч орлого, эх үүсвэргүй зарлага өгч байгаа гэж ойлгож болохгүй. Жишээлбэл, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, оюутан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн татаас болгож улсын тэрбум төгрөгийг шилжүүлдэг.

Харин нийслэлээс улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдэг 60 орчим тэрбум төгрөгийг авахаа больж байгаа. Үүнийг механикаар орлого, зарлага шилжүүлэх гэдэг утгаар биш санхүүгийн нөөцийг үр дүнтэй ашиглах зорилгоор өөрсдөд нь эрх, хариуцлагыг нь хамт өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Мөн орон нутагт татвар тогтоох эрхийг ч мөн өгсөн. Хэрвээ орон нутаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаас илүү бүтээн байгуулалт хийе, аймаг орон нутгаа хөгжүүлье гэвэл нэмэгдэл эх үүсвэр босгох эрхийг ч нээж өгсөн. Өмнө нь батлагдсан төвшинд л ажил хийж, хэмнэлт гаргавал өөртөө үлдээх эрхгүй байсан.

-Тусгай зориулалтын сан, царцаасан барилга яах вэ ?

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө шахуу байгаа. Өмнөх жилд эхэлсэн дуусгаж чадаагүй 400 гаруй тэрбумын обьект байгаа. Энэ нь ирэх жилийн төсөвт багтаагүй. Эдгээрийг яахыг шийднэ. Заавал төсөвт суулгах замаар бус хувьчлах эзэнтэй болгох, зориулалтыг нь өөрчлөх шилжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

Ер нь өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын бодлогод ихээхэн гажуудсаныг бид арилгаж чадаагүй явж байна. Маш олон жижиг обьектийг төсөвт суулгаж эхлүүлдэг. Тэр нь дуусдаггүй, өртөг нь нэмэгдчихдэг. Энэ байдлыг засч чадаагүйн илрэл энэ 400 гаруй тэрбумын обьект байгаа юм. Сонгуулийн өмнөх жилд гэхэд хөрөнгө оруулалтын төсөвт арга хэмжээ хоёр дахин өссөн байдаг

- Ирэх жилийн төсөвт Оюутолгойгоос авах татварыг тусгасан уу?

-Ирэх жил “Оюутолгой” компаниас татвар авна. Гэхдээ өмнө нь авсан урьдчилгаа төлбөртөө суутгаж тооцно. Тэгэхээр авлаа гэж тооцох боловч мөнгө орж ирэхгүй гэсэн үг. Ер нь ирэх онд уул уурхайн салбараас 1.7 их наяд төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлнэ. Оюутолгой, Тавантолгой бүгд ороод тэр шүү дээ.

Харин улсын төсвийн орлого 7.2 тэрбум гэж тооцохоор уул уурхайгаас хараат, энэ салбарын хөрөнгө оруулалт эдийн засагт зонхилдог гэсэн дүгнэлтийг хийж болохгүй байгаа биз. Энэ нь нэг салбараас хараат, явцуурсан эдийн засаг гэх дүгнэлтийг няцааж байгааг анхаараарай.