Д.Баттулга: Засгийн газар ийм төсөл оруулж ирсэнд харамсч байна
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.10.10

Д.Баттулга: Засгийн газар ийм төсөл оруулж ирсэнд харамсч байна

Засгийн газраас 2015 оны төсвийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг төсөлд нийслэлээс 340 гаруй тэрбум төгрөгийг         төвлөрүүлэхээр тусгасан юм.

Гэвч нийслэлийн удирдлагууд энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж бүтээн байгуулалтын ажлыг гацаана гэдгийг онцолж буй. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Монголын парламентын түүхэнд өмнө нь байгаагүй төсвийн төсөл өргөн барьсанд үнэхээр их гайхаж байна.

Ерөнхий сайдад удаа дараа энэ талаар хандсан ч бидний хүсэлтийг үл ойшоон нийслэлийн өдөр тутмын ажил, бүтээн байгуулалтыг зогсонги байдалд оруулах, иргэдийн эрх ашгийг үгүйсгэсэн төсвийн төсөл өргөн бариад байна" гэж эгдүүцсэн удаатай.

2015 оны төсвийн төслийг УИХ баталсан тохиолдолд НИТХ-аас хуулийг хэрэгжүүлэх журмыг хэлэлцэж батлах юм. Харин Нийслэлийн Засаг дарга үүнийг НИТХ-аар хэлэлцүүлэхгүй, батлуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Энэ асуудлаар НИТХ-ын дарга Д.Баттулгатай ярилцлаа.

-Хотын удирдлагууд УИХ 2015 оны төсвийн хуулийг одоо байгаагаар нь баталбал нийслэлийн төсөв дампуурах эрсдэлтэй, багш, эмч нарын цалинг олгохын тулд авто зам ашигласны татвар зэргийг хоёр дахин нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

 Засгийн газраас улсын төсвийн төслийг УИХ-Д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Энэхүү төсвийн төсөлд тусгаснаар ахмадууд, оюутнууд, цагдаа нарын нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтөд зориулж 53 тэрбум, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт 290 гаруй нийт 340 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт ямар ч эх үүсвэргүйгээр шууд шилжүүлсэн. Товчхондоо, нийслэлийг нуруун дээрээ ийм хэмжээний ачааг үүр гэж тулгалаа.

Нийслэлийн жилийн төсөв 500 орчим тэрбум төгрөг байдаг. Хоёрдугаарт, энэхүү төсвийг бүрдүүлэхийн тулд автотээвэр, үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин өсгөх, нийслэлийн татварыг тодорхой хэмжээгээр нэмж тогтоох хуулийн төслийг НИТХ-д оруулахаар болсон. 2015 он гэхэд ямар байгаа билээ.

Нийслэлийн жилийн төсөв 500 орчим тэрбум төгрөг байдаг

Одоо Монгол Улсын эдийн засгийн төвшин, иргэдийн авч байгаа цалин хангамж нь ямар билээ. Дээрээс нь, юмны үнэ өсч байна. Валютын ханш гэхэд мөн тогтворгүй байна. Ийм байхад дахин татварыг нэмэх, шинээр бий болгох нь нийслэлчүүдийн нуруун дээр маш хүнд ачаа болно. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа байдаг.

Нэг төгрөгийн татвар авахад түүнийгээ дагаад 2-5 төгрөгийн ачаалал хэрэглэгч дээр очдог гэж. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа байх. Жишээ нь, цахилгааны үнийг бага хэмжээгээр нэмэхэд талхнаас эхлүүлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг.

Тэгэхээр нийслэлд хийх хөрөнгө оруулалтыг зогсоож, улсын төсвийн төслийг хэрэгжүүллээ гэж бодоход 300-600 тэрбум төгрөг Улаанбаатарт амьдарч байгаа

1.3 сая хүний нуруун дээр очихоор болж байна. Гэтэл цалин, тэтгэврийг нь нэмээгүй байхад юмных нь үнэ өссөн, ажилгүйдлийн төвшин их байгаа өнөө үед ийм хэмжээний ачааг бид даах уу гэдэг нь өөрөө асуудал. Засгийн газраас өргөн барьсан төсөл бол нийслэлд маш хүнд төсвийг үүр гэж тулгаж байгаагаас өөрцгүй.

-Төсвийн төслийг өргөн барихаас өмнө нийслэлд ирэх онд хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргачихсан байсан уу?

-Хуулиараа нийслэлд хийх хөрөнгө оруулалтаа Сангийн яаманд наймдугаар сард танилцуулах заалттай. Энэ дагуу нийслэлийн төсвийн орлогыг 490  орчим тэрбум  төгрөгөөр тогтоогоод  урсгал зардлыг  нь 220 сая, хотын өөрийнх нь хөрөнгө оруулалтыг 210 орчим тэрбум төгрөг байхаар Сангийн яамтай тохирсон байсан.

Өөрөөр хэлбэл, 210 тэрбум төгрөгтөө хот өөрийнхөө хөрөнгө оруулалтыг хийх замаар томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байлаа. Нийслэлд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Найрсаг Улаанбаатар", “Ахмадын орон сууц” хөтөлбөрөөс гадна хийж, хэрэгжүүлэх гэж байгаа маш их төсөл хөтөлбөрүүд байгаа.

Зам талбайн тохижилтын ажлыг гэхэд улам өргөжүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төслөөр энэ бүх ажил алга болох нь. Энэ нь юуг харуулаад байна вэ гэхээр Засгийн газар нь хотынхоо бодлогыг бүдгэрүүлж, асуудлыг нь улам хүндрүүлж байна.

Тийм учраас бүх ачааг нийслэлийн нуруун дээр тавьж болохгүй. Засгийн газраас ийм төсөл оруулж байгаа нь маш харамсалтай байна. Тиймээс нийслэлээс УИХ- ын гишүүдэд нөхцөл байдлыг танилцуулж, үгээ хэлэхээс өөр сонголт байхгүй болчихоод байна.

 -Нэгэнт өргөн барьсан төслийг УИХ-аар хэлэлцэх нь тодорхой. Магадгүй зарим нэгэн өөрчлөлтийг оруулж баталж болох юм. Гэхдээ эдийн засаг хямралтай байна гээд иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлж болохгүй. Үүнээс гарах ямар нэгэн гарц бий юу?

-Бидний хувьд ямар нэгэн гарц гаргахын төлөө л ажиллаж байна.

 -Жишээ нь, яаж ажиллаж байгаа гэж?

-Би ганцхан зүйлийг хэлж байгаа. Мэдээж төсвийн төсөлд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах байх. Гэхдээ УИХ-аас Засгийн газрын өргөн барьсан төслийг баталбал Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн татвар хоёр дахин нэмэгдэнэ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслээс авдаг татвар хоёр дахин өснө.

Өөрөөр хэлбэл, цилиндрийн хэмжээнээсээ шалтгаалаад жилд 100 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 200 мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Үүнээс гадна нийслэлд албан татвар гэж бий болно. Мэдээж хотын зүгээс ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа. Харин УИХ-аас төсвийн төслийг баталчихвал бид хуулиа биелүүлэхээс өөр аргагүй мэдээж сая гарсан хүн амтай том айлыг тэр хэмжээнд нь авч явахыг хэн хүнгүй хүснэ шүү дээ. Энэ бол бидний хариуцлага.

-Гэхдээ үүргээ биелүүлэх нь бидний хариуцлага гээд иргэдийг хохироож болохгүй биз дээ?

-Монгол Улс төсвийн нэгдсэн тогтолцоотой. Нэгдсэн хуультай улс. Тэгэхээр хуулиа биелүүлэхээс өөр замгүй. Ямар ч байсан хотын иргэдийн нуруун дээр том ачаа очно гэдгийг нийслэлчүүд ойлгож, түүнтэй эвлэрэхээс өөр аргагүй.

-Татварыг нэмснээр хэчнээн төгрөгийг төсөвт бүрдүүлэхээр тооцсон юм бол?

-Үл хөдлөх хөрөнгийн татвараас нийслэл жилдээ 25  тэрбум орчим тэрбум төгрөгийн татвар авдаг. Энэ нь 50 тэрбум болногэсэн үг. Тээврийн хэрэгслийн  татвараас 30 тэрбумыг авдаг  гэхээр мөн тооны өснө. Гэхдээ төслийг хараахан батлаагүй байгаа болохоор нийслэлийн албан татварын хэмжээ хэд болж өсч, хэдийг төвлөрүүлэхийгхэлэхэд эрт байна.

-Нийслэлийн төсөв 30 орчим тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн. Юунаас болсон юм бэ?

-Одоогийн  байдлаар  нийслэлийн төсөв 30 орчим тэрбум төгрөгөөр тасарсанбайгаа. Шалтгаан нь хотын төсвийн 70 орчим хувийг ХАОАТ-аар  бүрдүүлдэг. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдал, хямралаас үүдэлтэйгээр аж ахуйн нэгж, компаниуд хаалгаа барьж эхэлсэн юм билээ. Үүнийгээ дагаад ажилгүйдлийн төвшин нэмэгдсэн.

Товчхондоо, нийслэлд цалин авч байгаа хүний тоо багассан гэсэн үг. Мэдээж цалин авч байгаа хүний тоо багасхаар нийслэлд орж байгаа ХАОАТ-ын  хэмжээ дутна шүү дээ. Тэрхүү дутсан хэмжээ нь 30 орчим, тэрбум төгрөг болж байгаа юм.