Даваасүрэн.Ц Батсуурь.Ж Оюунхорол.Д Ганбат.Д Энх-Амгалан.Л 2014.10.10 | Сайт: Vip76.mn

Тусгай зөвшөөрлийг цөөлж, зөвшөөрөл олгох байгууллагуудад хяналт тавих бүтэц ажиллана

Тусгай зөвшөөрлийг цөөлж, зөвшөөрөл олгох байгууллагуудад хяналт тавих бүтэц ажиллана

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд  Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхасуудлыг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөл нь зөвшөөрлийг хянах, олгох үйл ажиллагааны арга, дэглэмийг тогтоох зорилгоор “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилахаар тусгажээ.

Мөн зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нийтлэг журмыг төсөлд нарийвчлан тодорхойлж, онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн дотор шууд олгохоор тусгажээ.

Гэхдээ онцгой зөвшөөрлийг 10, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай, харин энгийн зөвшөөрлийг хугацаагүйгээр олгох юм байна. 

Өнөөдөр улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байна. Иймд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн талаарх хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус бүтцийг Ерөнхий сайдын дэргэд ажиллуулахаар тусгасан 

 Д.Ганбат гишүүн асуув

Одоо дэлхий нийтийн хандлага зөвшөөрөл өгөхөөс гадна бүртгэх байдлаар үйл ажиллагааг нь явуулах тал руугаа явж байна. Энэ талдаа хууль ямар байгаа вэ? Зөвшөөрлийн хууль гарснаар тусгай  байгууллага байгуулах уу? Хууль тогтвортой удаан байж  чадах уу? /Түүний асуултыг мөн хууль санаачлагчийн хариултын хамт  бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/

Ж.Батсуурь асуув

Өнгөрсөн хугацаанд Тусгай зөвшөөрлийг цөөлнө гэдэг агуулгаар энэ асуудалд хандаж эхэлсэн. Тэгэхээр тусгай зөвшөөрөл гэдэгт будлиан нь байгаа биш хэн олгож байна, олгох процессийг хэрхэн зохион байгуулж байна гэдгээс шалтгаалж нийгэмд будлиан, хээл хахууль гэдэг сөрөг мэдээллүүд гараад байна. Түүнээс биш тусгай зөвшөөрөл олон байгаагаас асуудал биш. Би бодохдоо үүнийг эмх замбараатай, зөв зохион байгуулалтад оруулахын тулд зохих журмын дагуу, хөнгөн шуурхай болчих юм бол зөв замдаа орно оо гэж ойлгож байна.

Д.Оюунхорол асуув

Зарчмын хувьд дэмжиж байна. Хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа төрийн албан хаагчдын мэдлэг, сэтгэл дутаж байгаагаас  асуудал их үүсэж байгаа. Батлагдаж гарсан хуулиас давсан журам гаргадаг, шаардлага тавьдаг, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж төрийн ажлыг хийдэг хүмүүс бизнес эрхлэгч нарт дарамт болж  бизнесийн орчныг муутгадаг гэж ойлгодог. Хуульд энэ асуудлын зохицуулалт, хариуцлагыг оруулж өгөөсэй.

Ц.Даваасүрэн асуув

Хуулийн шаардлага байгаа. Нилээд томоохон ажлын хэсэг гаргаж энэ хуулийг хэлэлцэх байхаа гэж би бодож байгаа. Гэхдээ энэ хуульд зарим нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа ажлын хэсэгт татвар, гаалийн чиглэлийн төлөөллийг оруулахгүй бол татварын мэргэшсэн нягтлан бодогчийн хуулийг хүчингүй болгоно гэсэн заалт байна. Нэг хуулиар нөгөө хуулийг хүчингүй болгож болохгүй. Ялангуяа ТББ-ын хийж байгаа ажлыг шүүрч авч хүчингүй болгож болохгүй.

Л.Энх-Амгалан асуув

Энэ хуулийг цаг алдалгүй батлах ёстой гэж дэмжиж байна. Үнэхээр 914 нэр төрлийн тусгай зөвшөөрлийг 300 орчим нэр төрөл болгож байгаа нь том дэвшил гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ хуультай хамт аж ахуй нэгжийн бүртгэлийн тухай хууль, хяналтын тухай хуулиа баталж гаргах  ёстой гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр бизнест болохгүй байгаа асуудал чинь бүртгэлийн асуудал, зөвшөөрөл, хяналтын асуудал байгаа юм. Аж ахуй нэгжид нэг жилд хийж байгаа хяналтынхаа тоогоор монгол улс бусад улстай харьцуулахад өндөр байна гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНН-ын 70 гаруй хувь нь жилд давхацсан хяналт, шалгалтад орж бадаг гэсэн тооцоо байдаг.

 

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 48 нь буюу 92.3 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ