Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хороодын ИНХ-ын дарга нартай уулзлаа
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.10.10

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хороодын ИНХ-ын дарга нартай уулзлаа

НИТХ-ын дарга Д.Баттулга хороодын Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчидтэй санал солилцох уулзалт хийлээ. Нийслэлийн АН-аас Нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр зохион байгуулсан энэ уулзалтад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүргийн 70 орчим хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид оролцов.

НИТХ-ын дарга Д.Баттулга уулзалтын эхэнд “Нийслэлээс зохион байгуулж, хийж байгаа ажлуудыг та бүхэн мэдэж байгаа. Энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авч байгаа. Томоохон асуудлуудыг ард иргэдээсээ асууж шийдвэрлэдэг. Энэ бүхнийг тоочиж ярьвал цаг хугацаа их шаардана.

Миний хувьд та бүхний санал, бодлыг сонсох гэсэн юм. Зарим хорооны ИНХ-ын дарга хурлаа хийдэггүй. Бараг үзэгддэггүй гэж хороон Засаг даргаас нь сонссон. Ингэж болохгүй. Хуулийн хүрээнд ажлаа идэвхтэй, сайн хийх ёстой. Та бүхэн харьяа нутаг дэвсгэртээ сайн ажиллаарай. Хороон Засаг даргынхаа тайланг сонсдог, хяналт тавьдаг, шахаж шаардаж ажиллах ёстой” гээд хоёр зүйлд анхаарч ажиллах чиглэл өглөө.

Эхнийх нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажил. Тухайн дүүрэг, хороонд ямар ажил хийхээ иргэдээсээ асуусан байх ёстой. Энэ сангийн ажилд хорооны ИНХ анхаарч ажиллан иргэдийн саналыг авах, тухайн хороонд хийж байгаа ажилд хяналт тавих, болж, бүтэхгүй байгаа зүйлийг хорооны, дүүргийн, хотын Засаг даргад уламжлах, бүр болохгүй бол НИТХ хандаж, асуудлыг шийвэрлүүлэх хүмүүс бол ИНХ-ын дарга гэдгийг НИТХ-ын дарга Д.Баттулга сануулав. 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн ажилд нэлээн ахиц гарна, энэ ажлыг шинэ шатанд гаргамаар байна гэдгийг ч тэрээр хэлэв.

Хоёр дахь нь бичил зээлийн асуудал. Хотоос өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжихээр 15,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Зээл олгох журам боловсруулж бэлэн болсон хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч иргэн зээл аваагүй байна. Нийслэлийн 152 хорооноос 10 нь л Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс хорооны ИНХ-ын дарга нар тухайн хороондоо ХЗХ байгуулах хурлыг зохион байгуулах үүрэгтэй. Энэ ажлаа хийж, иргэдэд зээл олгох боломж бүрдүүлэхийг НИТХ-ын дарга анхаарууллаа. Ингэхдээ тухайн хороны ИНХ дарга Хадгаламж зээлийн хоршооныхоо бүрэлдэхүүнд орохгүй гэсэн зарчим баримтлахыг ч сануулсан юм.

Харин хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгчид НИТХ-ын дарга Д.Баттулгад хандан хорооддоо тулгамдаж буй асуудлууд тухайлбал, зам тавих, сургууль, цэцэрлэг барих, гэр хорооллын ногоон байгууламж, дахин төлөвлөлтөд анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүсч байв.

Зарим хороог хувааж, ажлын ачааллыг тэнцвэржүүлэхгүй бол иргэдэд хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байна гэсэн асуудлыг ч ИНХ-ын дарга нар хэлж байлаа.