Энх-Амгалан.Л 2014.10.14 | Сайт: UNEN.mn

Л.Энх-Амгалан: Төсвийн орлого тасрахад татвар нэмдэг байж таарахгүй

Л.Энх-Амгалан: Төсвийн орлого тасрахад татвар нэмдэг байж таарахгүй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Д.Сарангэрэл, Номтойбаяр нарын гишүүд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-ын дарга З.Энхболдод барилаа. 

Уг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар уул уурхай, нефтийн бүтээгдэхүүний экспорт, импорт, архи, тамхины бизнес, үүрэн холбооны бизнесээс бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалт хийдэг аж ахуй нэгжүүдийн жилийн борлуулалтын орлогын албан татварт 1 хувийн татвар ногдуулах боломжтой болох аж.

Гол үндэслэл нь өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн 80 хувийн жилийн борлуулалт нь 1.5 тэрбум төгрөг дотор эргэлддэг. Санхүү эдийн засгийн хямралтай үед аж ахуй нэгжүүдийн орлогод өндөр татвар ногдуулах нь баялаг бүтээж, ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшлийнхэний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн хууль санаалагчид хэлж байгаа юм. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн талаар хэлэхдээ “Аж ахуйн нэгжийн Орлогын албан татварыг 1 хувьтай болгосноор аж ахуйн нэгжүүдэд ирж байгаа дарамт ачаалал багасна.  Мөн жижиг аж ахуй нэгжүүдийн хил гаалиар оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг Нэмүү өртгийн албан татвар, гаалийн татвараас  чөлөөлөх тухай хуулийг 2016 он хүртэл сунгасан.  Энэ мэтээр аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлогод бага ч  гэсэн ахиц гаргахын төлөө ажиллаж байна.

Гэтэл 2015 оны Засгийн газар улсын төсвийн тухай хуулийг оруулж ирэхдээ 5 төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болж байна. Эдгээр татварыг орон нутаг бие даан шийдвэрлэхээр тусгагдаж орж ирсэн нь маш буруу алхам.  

Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэгдүүлснээр жижиг аж ахуй нэгжүүдэд маш хүнд дарамт ирнэ. Одоогийн хуулиар үл хөдлөх хөрөнгийн татварт 1 хувь ногдуулж байсныг 2 хувь болгож нэмэгдүүлсэн.  

Өөрөөр хэлбэл, 100 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй аж ахуй нэгж жилдээ 1 сая төгрөгийн татвар төлж байлаа гэж бодоход  2 хувь болгосноор 2 саяыг төлөхөөр болж байх жишээтэй. Ингэж Улсын төсвийн орлого тасраад ирэхээр татвараа нэмдэг байж хэрхэвч таарахгүй. Татварын орчин тогтвортой байж жижиг аж ахуй нэгжүүд хөл дээрээ зогсоно. Баялаг бүтээнэ, ажлын байр нэмэгдэнэ. Эдийн засгийн хямралд жижиг аж ахуй нэгжүүд ямар ч буруугүй” гэсэн юм.