Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг өндөр настан, ахмадуудруу чиглүүллээ
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр боллоо.
2014.10.14

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг өндөр настан, ахмадуудруу чиглүүллээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 44/236 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг гамшгийн эрсдэл, аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх соёлыг олон улсад төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхий нийтийн өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан цагаас эхлэн гамшгийн өндөр эрсдэлтэй Ази, Номхон далайн бүс нутгаас эхлээд Евроази, Ойрхи дорнод, Америк, Африкийн бүсийн 180 гаруй улс орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.

Манай Улс Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил дэлхий нийтээр “Чадавхийг бэхжүүлэх нь бүх цаг үеийн үйл хэрэг” сэдвийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Төв аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын МОН-13 төсөл, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран “Өндөр настай иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг дээшлүүлэх, тэмцэх чадварыг төлөвшүүлэх” уриатай өдөрлөгийг Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд зохион байгууллаа.

 Тус өдөрлөгийг нээн ОБЕГ-ын ШУЗХ-ийн дарга, онцгой байдлын хурандаа М.Мөнхөө, Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн дарга Л.Төмөрчөдөр нар үг хэлж, өдөрлөгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Өдөрлөгийн эхэнд “Гамшгийн эрсдэлийг бууруулах ардын уламжлалт арга ухаан” сэдвээр Ардын судлаач, сурган хүмүүжүүлэгч С.Дамбий хүрэлцэн ирсэн ахмадуудад лекц уншиж, Төв аймгийн Онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах” сэдвээр ахмадуудад хичээл заалаа.

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагч байгууллагуудаас гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бүрдэл, галын хор, орц, гарц, чиглэл заасан тэмдэглэгээ, анхны тусламжийн иж бүрдэл, дулаан хувцас, том хүний живх, гарын бэлгийг тус төвийн дарга, ахмадуудад гардуулан өгч, сэтгэлийн дэм үзүүллээ.

Мөн ахмадуудад галын хорыг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч, гал унтраах дадлага сургуулилт хийлээ.