2014.10.14

М.Энхболд: Бүтэц ярьсаар ажил хийж байгаа хүн энэ төрд алга

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам; Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам; Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яамтай ажиллахаар Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн.

Улсын Их Хурал эдгээр хуулийн төслийг энэ сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам; Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Уул уурхай, эрчим хүчний яам; Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яамыг нэгтгэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яамыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож өөрчлөн баталсан юм.

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд хэлэхдээ “Ер нь бол цаг үеэ олоогүй энэ бүтцийн асуудал улс орны ажил амьдралыг хүндрүүлж байна. 9-н сарын 26-аас өнөөдрийг хүртэл яамд, тусгай газруудад ажил хийж байгаа хүн алга байна. асуудал шийдэж байгаа хүн ч гэж байхгүй байна.

Уг нь бол өдийд Засгийн газар тариа будаа, өвлийн бэлтгэл зэрэг асуудлыг ярьж байх ёстой. 

Уг нь бол өдийд Засгийн газар тариа будаа, өвлийн бэлтгэл зэрэг асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл гэнэтхэн цочсон юм шиг бүтэц гээд хэлчихсэн. Тэгээд бүтэн 40 хоног нэг бичиг өргөн бариад долоо хонодог. Өмнө нь бол бүтэц бүрэлдэхүүний асуудал УИХ-аар хамт гардаг байсан.

Тэгснээ бүтэц батлачихаад, бүрэлдэхүүн гээд найм хоночих юм.  Бүтцийг нь батлаад өгөхөөр сайд нараа хэд хоногт батлах ёстой юм” гэж байр сууриа ширүүхэн илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан боловсруулсан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр тусгажээ.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү