"Спортлог Улаанбаатар" өдөрлөг зохиогдоно гэв
“Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагаа болно.
2014.10.16

"Спортлог Улаанбаатар" өдөрлөг зохиогдоно гэв

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийн үйл ажиллагааг энэ сарын 18-нд Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү өдөрлөг нь нийслэлд биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, спортын наадмыг танилцуулах, төрийн болон ТББ хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ юм.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд НИТХ-ын дарга, хурлын нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг дарга, түүний орлогчид, ЗДТГ-ын хэлтэс албад, нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газрууд, агентлагуудын удирдлага, тэдгээрийн ажилтан, албан хаагчид, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, спортын холбоод, бялдаржуулах төвүүд оролцох юм байна.

Эдгээрээс гадна “Монголын Эмнести интернэшнл” олон улсын ТББ, “Мандал иог” ХХК, МЗХ, өсвөрийн болон оюутны шигшээ багийн тамирчид, хөл бөмбөгийн баг тамирчид, нийслэлийн иргэдийн спортын III наадмын дүүргүүдийн баг тамирчид оролцохоор төлөвлөсөн байна.

“Спортлог-Улаанбаатар” өдөрлөг 10.00-11.00 цагт нийслэл, дүүргийн Биеийн тамир спортын газар, хороод, оюутны болон өсвөрийн шигшээ баг, спортын холбоод, клубүүд үйл ажиллагаагаа сурталчлах ажлаар эхэлж, албан ёсны нээлтийн ажиллагаа 11.00-11.30 цагт явагдах юм. Өдөрлөгийн эхэнд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, төрийнхөө далбааг тив, дэлхийн тэнгэрт мандуулж амжилт гаргасан тамирчдыг нийслэлийн нэрэмжит шагналаар шагнах ёслолын ажиллагаа болох аж.

Түүнчлэн уран сайхны болон спортын гимнастик, аэробик, таеквондо, спорт бүжгийн баг тамирчид өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд зориулсан спортын үзүүлэх тоглолтуудаа Чингисийн талбайд толилуулах юм байна. Мөн энэ өдөр дугуйн парадыг зохион байгуулахаар төлөвлөжээ.