Энхбаяр.Ж 2010.08.18 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Тайширын УЦС-д 250 мянган ам.доллар нэмж өгнө

Тайширын УЦС-д 250 мянган ам.доллар нэмж өгнө

Тайширын усан цахилгаан станцыг есдүгээр сард туршилтын журмаар ажиллуулахаар төлөвлөж байна. Үүнд шаардлагатай 250 мянган ам доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар шийдвэрлэхээр болжээ.

 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны наймдугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байх Тайширын усан цахилгаан станцын ажилтай танилцсаны дараа ийм шийд гаргасан байна. Энэ дагуу Сангийн яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам шаардлагатай хөрөнгөний тооцоогоо гарган ойрын үед Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээжээ.


Ерөнхий сайдыг баруун аймгуудад, ялангуяа Говь-Алтай аймагт иргэдтэй уулзаж, ярилцаж байхад байнгын эрчим хүчтэй болох хүсэлт олон гарсан аж.  Станц туршилтын журмаар ажиллаж эхэлснээр Говь-Алтай, Завхан аймгийн төв, хэд хэдэн сум байнгын эрчим хүчний эх үүсвэртэй болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал дээрх хоёр аймаг бүхэлдээ гэрэл, цахилгаантай болох юм.   


Тайширын усан цахилгаан станцын усан сан шаардлагын хэмжээнд дүүрэхгүй байгаа учир одоогоор Тайшир, Жаргалан сумыг эрчим хүчээр хангаж байгаа. Хэрвээ дахин хоёр метр гаруй нэмэгдвэл станц хэвийн хэмжээнд ажиллах боломжтой. Энэ  жил хур бороо ихтэй байгаа учир энэ жил усан сан дахь усны хэмжээ 10 метрээр нэмэгдсэн, 10 дугаар сар хүртэл хур бороотой байх төлөвтэй байгаа нь   найдлага төрүүлж байгаа гэнэ.
Тайширын усан цахилгаан станц барьснаас болж Завхан гол, түүнээс эх авдаг  Хяргас, Айраг нуур ширгэж үгүй болох нь гэсэн шүүмжлэл их байдаг ч үүнийг холбогдох албан тушаалтан үгүйсгэлээ. Дэлхийн дулаарал, хур бороо багатай, гандуу байснаас голын урсгал татарснаас бус станц барьсантай ямар ч холбоогүй. Гурван турбиныхаа нэгийг ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж байгаа энэ жил гэхэд л Хяргас нуурын усны түвшин 3-5 см-ээр дээшилсэн. Энэ нь Завхан голын урсац хур бороо элбэг байх эсэхээс хамаарч байгаагийн илрэл. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл голын урсац анх байсан хэмжээнээсээ 3-4 дахин нэмэгдэнэ гэж Тайширын усан цахилгаан станцын төслийн удирдагч Ерөнхий сайдад танилцуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар 1997 онд Кувейт Улсын Эмир манай улсад айлчлах үеэр судалгааны 300 мянган кувейт динарын тусламж үзүүлэх болсноор Тайширын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх анхны алхам тавигдсан түүхтэй.

Станц баригдсанаар Говь-Алтай, Завхан аймгийг байнгын, найдвартай эрчим хүчээр хангана гэсэн судалгаа, тооцоо гарч ажил эхэлсэн. Энэ дагуу төр, засгаас сүүлийн гурван жилд 50 гаруй тэрбум, сумдын цахилгаан шугам, дэд станцуудыг барихад 40 тэрбум, нийт 90-95 орчим тэрбум төгрөг зарцуулаад байна.  


Дээрх хоёр аймгийг байнгын эрчим хүчтэй болгож, улмаар баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрдүүлэхийн тулд Хөвсгөлийн Могойн голд дулааны станцыг 2011 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Могойн голын дулааны цахилгаан станц ашиглалтад орвол Говь-Алтай, Завхан аймагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдэл, ядуурал буурахад ч тодорхой хэмжээний хувь нэмэр болох юм.

Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын бүх аймаг, сумыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож, нэгдсэн сүлжээнд холбохыг зорьж байгаа.     

Дашрамд дурьдахад Тайширын усан цахилгаан станц 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр ажиллаж, үйлдвэрлэсэн цахилгаанаа хэрэглэгчдэд анх хүргэж байсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд хоёр жилийн дараа яг энэ өдөр усан цахилгаан станцын ажилтай танилцаж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр болсонд станцын удирдлага, хамт олон баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.