Төрийн байгууллагын албан хаагчид гудамж талбайд хэв журмыг сахиуллаа
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай тогтоол
2014.10.20

Төрийн байгууллагын албан хаагчид гудамж талбайд хэв журмыг сахиуллаа

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай тогтоол, Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын алба хаагч нарыг гудамж талбайд нийгмийн хэв журам сахиулах эргүүлд гарлаа.

Дүүргийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Засаг даргын тамгын газар, цагдаагийн гурван хэлтсээс хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг дүүргийн 32 хороон нийт 83 чиглэлд явуулсан юм. 

Тухайлбал, ИТХ-ын Ажлын албаны алба хаагчид 12 дугаар хороонд байрлах “Sapporo” үйлчилгээний төв, автобусны буудал орчим, 1, 2 дугаар байрны дундах нийтийн эзэмшлийн талбайд үүрэг гүйцэтгэх бол дүүргийн татварын хэлтэс 1 дүгээр хорооны Нарангийн голын эцсийн буудал, “Гүнгэрвээ” худалдааны төвийн орчим, Толгойтын 119-127 дугаар гудамжийг хариуцан ажиллах аж. Харин Нэгдсэн эмнэлгийн алба хаагчид Их нарангийн 1, 5, 16 дугаар гудамжаар, Цэргийн штаб 13 дугаар хороонд байрлах “Өнөр” төвийн орчим дахь зочид буудлуудаар эргүүл хийлээ. 

Арга хэмжээний нээлтийн үеэр ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зүгээс гэмт хэрэг зөрчил гарсаны дараа ажиллах бус гарахаас нь урьдчилан сэргийлж ажиллахыг зорьдог гэдгийг дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар хэлж байлаа.