“Автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн боллоо
Монголд автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой удахгүй тохионо.
2014.10.21

“Автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн боллоо

Монголд автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой удахгүй тохионо. Энэхүү баярын хүрээнд автозамчид нийт замын компаниудтай хамтран бүсүүдийн замын компаниудын инженер техникийн ажилчид, жолооч, механизмчдын дунд мэргэжил, ур чадвараараа тэргүүлэгчийг шалгаруулах, харилцан мэдлэг, туршлага солилцлох тэмцээн зохион байгуулж байна.

Энэхүү тэмцээний нэг хэсэг болсон зүүн бүсийн "Автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд боллоо.

Монголын автозамчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа "Монголын автозамчиддаа автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярыг хүргэж байна. Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа бөгөөд нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн юм. Үүнээс сүүлийн хоёрхон жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, бүтээн байгуулж чадсан байна. Өнгөрөгч онд Дорноговь, Дундговь, Баянхонгор аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоод дуусч байна. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг дөрвөн километр, Сүхбаатар аймаг 10 гаруй километр замын хучилтын ажил л үлдээд байна" гэсэн юм.

Ийнхүү автозам тавьхад буюу зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 450 гаруй тэрбум төгрөг, 59.2 сая ам.долларын төсөвт өртгийн ажил хийж гүйцэтгэсэн талаар ЗТЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон онцолсон юм.

"Арж капитал" компанийн захирал Х.Мөнх-Эрдэнэ "Зүүн аймгуудын чиглэлийн автозамын засвар шинэчлэлийг нийт 10 компани гүйцэтгэж байгаа. Манай компани Өндөрхаан-Баруун урт чиглэлийн 132.6 километр замыг өнгөрсөн 2013 оны хавраас эхлэн барьж байгаа. Бидний тавьж байгаа замын өргөн найман метр, зузаан нь долоон сантиметр байгаа.

Автозамын инженер, жолооч, механизмчид ур чадвараараа уралдаж автозамыг хэрхэн миллметрийн зөрүүгүй, нарийн нямбай барьж байгуулдагийг харуулж байна. Манай автозамчид хийж, бүтээж байгааг тодоор харуулсан гэхэд болно. Мөн манай компанийн мэргэжилтнүүд энэ удаагийн зүүн бүсийн "Автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014" тэмцээнд амжилттай оролцож багаараа нэгдүгээр байрт шалгарсанд тун таатай байна" гэж ярьсан юм.

Мөн Монголын автозамчдын холбооны Ахмадын холбооны дарга Б.Лувсан "Би 1962 оноос эхлэн автозамын салбарт ажиллаж байна. 1973 онд Улаанбаатараас баруун чиглэлд автозам тавихад жилдээ 20-30-хан километра автозам тавьдаг байлаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн автозамыг нийтдээ 20 жил барьсан юм шүү дээ. Одоо бол бүх юм хөгжөөд сайхан болсныг хараад сэтгэл догдолж сууна даа" гэж онцолж байлаа.

Ийнхүү Авто замын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын хүрээнд зүүн бүсийн замын компаниудын инженер техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын дунд мэргэжил, ур чадвараараа тэргүүлэгчийг шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнийг "Арж капитал" ХХК ивээн тэтгэн МАЗХ-той хамтран зохион байгуулсан билээ.

Автогрейдерийн операторуудын ур чадварыг шалгах тэмцээнд

I байр- Рамиль
II байр-Б.Батбаатар
III байр-Г.Анхбаатар

Экскаваторын операторуудын ур чадварыг шалгах тэмцээн

I байр-Б.Энхбаатар
II байр-Б.Ганхүү
III байр-Рика Мүүн

Авто замын инженерүүдийн ур чадварыг шалгах тэмцээнд

I байр-Б.Маргад-Эрдэнэ
II байр-Л.Эрдэнбаатар
III байр-Б.Ганбат

Хэмжилтийн инженерүүдийн ур чадварыг шалгах тэмцээнд

I байр-Л.Баянмөнх
II байр-Б.Алтангэрэл
III байр-Камп И Ган

Дугуйт ачигч нарын операторуудын мэргэжлийн ур чадварыг шалгах тэмцээнд

I байр-Г.Адууч
II байр-Э.Цолмонжав
III байр-Ж.Алтансүх нар шалгарсан юм.