Э.Бат-Үүл: Арай ч дээ, Авлигын загалмайлсан эцэг гэгддэг хүнд АН-ыг барьцаанд өгчихлөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн АН-ын дарга Э.Бат- Үүл
2014.10.21

Э.Бат-Үүл: Арай ч дээ, Авлигын загалмайлсан эцэг гэгддэг хүнд АН-ыг барьцаанд өгчихлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн АН-ын дарга Э.Бат- Үүл хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

-Ерөнхий сайд байгуулсан гэрээнийхээ талаар сая Төрийн ордонд мэдээлэл хийхдээ ҮЗХ анх шийдвэр гаргасан байсан тул Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр уг гэрээг байгуулсан гэж хэлсэн. Гэтэл ҮЗХ сүүлийн 3-4 жил хуралдаагүй. Харин Н.Алтанхуяг дарга ҮЗХ-ны 2012 оны шийдвэрийг үндэслэсэн гэж яриад байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

Үнэхээр ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдөр Н.Алтанхуяг намын даргын хувьд ичсэн хүн хүн ална гэдэг зүйлийг л хийж байна. Би та бүхний өмнө намынхаа дүрмийг бариад сууж байна. Энэ дүрэм дээр ҮЗХ энэ гэрээг батална гэдгийг тодорхой заасан. Гэтэл гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй гэж байгаа юм.

Хамгийн гол аюул нь энэ. ҮЗХ-той яриа ч үтүй. ҮЗХ битгий хэл УИХ дахь АН- ын бүлэгтэй ч яриагүй. Дүрмээрээ бол ядаж намын удирдлагын гишүүдтэй ярих ёстой. Намын гурван удирдлагын нэг нь би. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын дарга нар багтдаг. Надтай энэ талаар огт яриагүй.

-Ирэх бямба гаригт ИЗНН-тай бас хамтын ажиллагааны ийм гэрээ зурахад бэлэн болсон гэж Н.Алтанхуяг дарга хэлсэн. МАХН-ынхтай адилхан гэрээ зурагдаж таарах байх л даа.

ИЗНН-тай ийм гэрээ байгуулах орон зай түүний хийсэн гэрээгээр бол алга. Яагаад гэвэл энэ гэрээн дээр зөвхөн хоёр талын намууд бие биенийхээ өмнө хүлээх үүрэг байгаа.

-ҮЗХ-г хуралдуулах ямар боломж байгаа вэ. Танай намын бусад фракц хэрхэн хүлээн авч байгаа бол?

Эрүүл саруул ухаантай л бол үүнийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг бусармаг үйл явдал гэж хэлэхэд ч багадна. Энэ бол балмад явдал. Манай намын ямар ч фракц, ямар ч гишүүн, ямар ч зүтгэлтэн бай, АН-ыг МАХН-ын барьцаа болгосон ийм гэрээг хүлээж авахгүй.

Манай намыг ямар ч зохион байгуулалтгүй, хөлгүй, хариуцлагагүй МАХН-тай, намын дарга нь авлигын загалмайлсан эцэг гэж нэрлэгддэг хүнд АН-ыг гэрээгээр барьцаанд өгчихөж байгаа юм. Энэ гэрээг бүх шатны шүүхэд өгч хүчингүй болгохгүй бол манай намд маш том цохилт болно. Үнэндээ хэлэх үг алга. Нүүрээ ч хийх газар алга байна шүү дээ.

-Цаашид та бүхэн юу хийх вэ?

ҮЗХ-г хуралдуулахыг бид шаардана. Бид эрхийнхээ хэмжээнд нийслэлийн намын Зөвлөлдөх хороог хуралдуулж, энэ шаардлагыг тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж авахгүй гэдэг албан ёсны шийдвэр гаргана.

Нийслэлийн намын хорооноос асуулгүйгээр энэ гэрээг хийчихсэн гэхээр арай ч дээ. Ядахдаа нийслэл орон нутгийнхаа намын байгууллагаас асуух хэрэгтэй шүү дээ.

-Ийм гэрээ хийх гэж байгаа талаар хэдэн сарын өмнөөс л ярьж байсан ?

Манай намд нээлттэй сэдэв гэж байдаг. Аль намтай хамтарч ажиллах тухай ярих уу, үгүй юү гээд олон сэдэв байдаг. Энэ бол нээлттэй сэдэв. Гэтэл энэ гэрээ бол тийм биш.

-Гэрээний төслийг өнгөрсөн дөрөвдүгээр сард боловсруулсан юм билээ. Энэ хугацаанд та огт мэдээгүй гэж үү?

Огт мэдээгүй. Ядахдаа дүрэм журмаараа хэлэлцүүлээд явах ёстой шүү дээ. Намын байгууллагуудаас асуух ёстой.

-Гэрээг эсэргүүцсэн гишүүдийг намаас хөөнө гэсэн шийдвэрийг гаргасан гэсэн?

Одоо энэ гэрээг байгуулсан этгээдэд өөрт нь хариуцлага тооцох цаг болсон.