Газрын тосны гүрнүүдийн сандрал
Дэлхийн зах зээл дээрх хар алтны үнэ өнгөрсөн зургадугаар сараас огцом унав
2014.10.21

Газрын тосны гүрнүүдийн сандрал

Газрын тосны үнэ эрс унасан нь газрын тос олборлогч орнуудын төсөвт хүндээр тусч байна. Эдийн засаг нь Барууны орнуудын хоригт өртөөд буй Орос улс төсвийн зарлагаа танахаар төлөвлөжээ. Ирак улс Исламын бүлэглэлтэй дайны байдалтай байгаа ч зарим нэг цэргийн зориулалттай зардлаа хасахаас өөр аргагүй болж байна.

Москвагаас Каракас хүртэл, Эр-Риядаас Багдад хүртэл, түүнчлэн Тегеран, Алжир, Кувейт, Лаосын эрх баригчид, Санхүүгийн сайд нар, Төв банкны захирлууд “хар алтны” үнийн уналтыг зогсоохын тулд байдгаараа чармайж байна. Зургадугаар сараас эхлээд газрын тосны үнэ 25 хувиар навс унав. Brent маркийн газрын тосны үнэ 115 доллароос 85 болов. АНУ-ын газрын тосны олборлолт нэмэгдэж, мөн хөгжингүй орнуудад газрын тосны эрэлт буурч, Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан нь үнэ огцом унах шалтгаан болжээ.
Үнийн уналт хөгжингүй орнуудад, ялангуяа Вашингтоны эрх баригчдын хувьд таатай хэрэг боллоо. Сүүлийн жилүүдэд ОХУ, Иран, Венесуэл зэрэг улс Вашингтоны нөлөөг багасгахыг оролдсоор ирсэн. Харин одоо санхүүгийн элдэв хүндрэлтэй тулгараад байр сууриа зөөллөх хэрэгтэй болж байна.

Газрын тосны үнийн уналт

ОХУ газрын тосны үнийн уналттай тэмцэхэд зориулсан олон тэрбум долларын алтны нөөцтэй боловч сүүлийн хэд хоногт Москвагийн эрх баригчдын санаа ихэд зовж буй нь илэрхий байна.

Ерөнхийлөгч В.Путин Хүний эрхийн зөвлөлийн хурлын үеэр газрын тосны орлого багассан учир уг салбарыг нэмж санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдэв.

Тэрээр: “Өнөөдөр эрчим хүчний түүхий эд болон зарим нэг уламжлалт барааны үнэ унасаныг та бүхэн мэдэж байгаа. Эндээс харахад төсвийн үндсэн зарлагаа хүртэл багасгаж болох магадлалтай” гэж хэлэв.

Ийнхүү Путин Барууны орнуудын хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг огт хайхрахгүй байж болохгүй гэдгээ ойлгов.

Экспортын орлогынхоо 95 хувийг газрын тосноос олдог Венесуэл улс өнгөрсөн долоо хоногт ОПЕК-ийн орнуудын онцгой хурал зарлахыг шаардав.

Харин Саудын араб, Арабын нэгдсэн Эмират улс онцгой хурал хуралдуулах шаардлагагүй гэж үзэв. Үүний зэрэгцээ Саудын Араб Азийн томоохон захиалагчиддаа зориулж газрын тосныхоо үнийг дахни буулгасан байна.

Харин эрчим хүчний бодлогын шинжээчдийн үзэж буйгаар газрын тосны үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар хөгжиж буй орнуудад дахин өсч эхлэх аж.

ОПЕК-ийн орнууд

Ирак, Ливи зэрэг улсууд газрын тосны олборлолтоо нэмсэн. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдал олборлолтыг бууруулж, үнэ өсч магадгүй хэмээн үзэж байна .

Түүнчлэн ойрын ирээдүйд газрын тосны томоохон олборлогчид улс төр, стратеги, эдийн засгийн үр дагавараас үүдэлтэй төсвийн төрөл бүрийн хүндрэлтэй тулгарч болзошгүйг хэлж байна.

Колумбын их сургуулийн эрдэмтэн Джейсон Бордофф: “Бүх зүйл үнийн бууралт хэр удаан үргэлжлэхээс шалтгаална. Хэрэв газрын тосны үнэ одоогийнхоос 20 хувиар доогуур тогтчихвол газрын тосноос ихэнх орлогоо бүрдүүлдэг улсуудын хувьд хүнд цаг ирнэ” гэж үзэж байна.

Түүнчлэн Бордофф Орос, Ирак хоёр бүс нутгийн геополитикийн хурцадмал байдлаас болж хүнд үеийг туулж байна, харин Ирак улс Исламын бүлэглэлтэй хийж буй тэмцэлдээ асар их хөрөнгө зарахаас аргагүй болж байна гэв.

Тэгэхээр Саудын Арабын толгойлдог,  11 дүгээр сард болох онцгой хурал дээр ОПЕК-ийн орнууд газрын тосны олборлолтоо багасгаж, түүгээрээ дамжуулан үнийг тогтворжуулж чадах эсэхээс олон зүйл шалтгаална.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар олборлолтыг багасгах нь зүй ёсны алхам ч Саудын Араб доогуур үнийг барьж үлдээх сонирхолтой байж магадгүй аж. Яагаад гэвэл Саудын Арабын хувьд Иран, ОХУ зэрэг өрсөлдөгчиддөө нөлөөлөх, мөн дэлхийн зах зээл дээрхи өрсөлдөх чадварыг нь бууруулж буй АНУ-ын сланцын газрын тосны үйлдвэрлэгчдэд дарамт үзүүлэх нь чухал.

Саудын Арабын хувьд баррель тутмын үнэ 95 долларын орчим, харин Оросын хувьд 100 доллараас багагүй байвал төсөвт халгүй байх учиртай. Түүнээс гадна Саудын Араб газрын тос маш бага үнэтэй байсан ч алзахааргүй их алтны нөөцтэй улс. Хамгийн гол нь Саудын Араб хэдий хэмжээгээр газрын тосны олборлолтыг багасгаж чадах нь чухал гэж Дэлхийн аюулгүй байдлын Инстутын судлаач Гал Люфт үзэж байна.