2014.10.23

С.Бямбацогт: Гүтгэлэг тараасан эзэн нь удахгүй олдох байх

МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсны дараа цахим ертөнцөд “МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын бичсэн мессэж дэлгэгдлээ” гэсэн мэдээлэл тархсан.

"Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт гурав найдвартай. Одоо Бурмаатай ажиллаж байна" гэсэн мессэжийг тэрбээр огт бичээгүй бөгөөд энэхүү гүтгэлгийн шинжтэй асуудлыг шалгуулахаар ТЕГ-т ханджээ. 

Тэрбээр "Би тэр мессэжийг бичээгүй. Хүнд амьдралдаа баримталдаг зарчим гэж бий. Хүний итгэл дааж, ёс зүйтэй, жудагтай байхыг эрхэмлэдэг. Харамсалтай нь нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох асуудлыг ярингуут манай бүлгийн гишүүдийг аль болох харлуулах, гутаах, доромжлох, гүтгэх үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа. Үүний нэг хэсэг нь энэ мессэж.

Хэзээ ч би ийм мессэж бичээгүй. Гүтгэлэг тараасан асуудлаар ТЕГ-т хандсан. Хэн ямар учиртай ийм ташаа зүйл тараасан нь удахгүй тодорхой болох байх. Ер нь ёс зүйгүй, жудаггүй улс төр хийхээ больцгоо. Улс төр хийх хүрээндээ хэмжээ хязгаартай, соёлтой хийе гэж энэ дашрамд эрх баригчдад уриалъя" гэжээ.