Хашчулуун.Ч 2014.10.23 | Сайт: Vip76.mn

Ч.Хашчулуун: Хөрөнгө оруулагч үйлдвэрээ барьж эхлээгүй байхад баахан татвар нэхээд суучихдаг

Ч.Хашчулуун: Хөрөнгө оруулагч үйлдвэрээ барьж эхлээгүй байхад баахан татвар нэхээд суучихдаг
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, Эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

- Уул уурхайн салбарт ахиц гаргахад хамгийн түрүүнд юуг шийдэх хэрэгтэй вэ?

Юуны өмнө манай улсын хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчин үнэхээр муу байна. Хууль нь байсхийгээд өөрчлөгддөг, хийсэн гэрээнээсээ ухардаг. Хөрөнгө оруулагчийн зүгээс харахад уул уурхай гэдэг бол дэд бүтцээ барих, хүмүүсээ бэлдэхийн тулд дор хаяж 10 жил шаарддаг. Гэтэл манай хууль 10 жилд хэд хэд өөрчлөгдсөн. Үүнээс болж хөрөнгө оруулалт эрс багасч, эдийн засаг хүнд байдалд орлоо.

Уул уурхай гэдэг манай улсын голлох салбар учраас оролдоод байлгүй, худлаа лоозогнолгүй, улс төрийн тоглоомын талбар болголгүй авч явах хэрэгтэй. Харин эндээс олсон татвар болон бусад орлогоороо орчин үеийн аж үйлдвэрээ барьж, дэд бүтцээ хөгжүүлмээр.

Нэг үгээр хэлбэл бизнесийн орчин тогтвортой байх хэрэгтэй. Хэрэв шинэ хууль баталвал татварын нөхцлөө маш тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ер нь татварын бодлогоо орчин үеийн уул уурхай, аж үйлдвэрийн онцлогод уялдуулж боловсруулах ёстой. Энэ бүхнийг цэгцэлж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Ингэхдээ төрийн оролцоог хязгаарлаж, төрийн өмчит компанийг байгуулах хэрэггүй. Учир нь улс төрийн тоглоом болдог, баахан чадваргүй хүмүүс ажилд авснаас болж хамаг ажил нурдгийг бид биеэрээ амслаа. Хувийн хэвшилд даалгаж, харин төр татвараа авах зарчмаар явах ёстой.

- Одоо хөрөнгө оруулалтын орчин сайжирч эхэлж байна гэж үзэж болох уу?

Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын тухай хууль гарсныг нэг алхам гэж болно. Гэхдээ татвартай холбоотой асуудал шийдэгдээгүй. Түүнээс гадна дэд бүтэц байхгүй.

Цаашдаа бид үйлдвэрээ байгуулах гэсэн хөрөнгө оруулагчдаа эхний 3-5 жилд татварыг нь хөнгөлж байх хэрэгтэй. Ер нь аль ч салбарт ийм байвал зүгээр. Манай татварынхан үйлдвэр ажиллаж эхлээгүй байхад нь өчнөөн татвар нэхээд суучихдаг.

- Манай улсын нүүрсний хамгийн том худалдан авагч болох Хятад улс сүүлийн үед агаарын бохирдлоос болоод нүүрснээс аажмаар татгалзах хандлагатай байна. Цаашдаа бид энэ зах зээл дээр нүүрсээ тогтмол зарах найдвар хэр байна вэ?

Сүүлийн үед Австрали, ОХУ, Индонези зэрэг улсууд Хятадын зах зээл рүү түрэмгий орж ирсэн. Ялангуяа оросууд төрийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд асуудлыг ярьдаг. Тухайлбал саяхан байгуулсан газын гэрээг дурьдаж болно. Эдгээр орнууд манайхтай харьцуулахад аливаа асуудлыг хурдтай шийддэг. 2011 онд Монгол Улс Хятадын нүүрсний зах зээлийн томоохон хувийг авсан бол одоо бараг алдаж байна.

Хэдийгээр Хятадууд нүүрсний хэрэглээгээ багасгахыг эрмэлзэж байгаа ч энэ бол дор хаяж 20-30 жил шаардах ажил.  Хоёрдугаарт нүүрсийг боловсруулж төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргадаг учир зах зээл алга болчихгүй. Гуравдугаарт зөвхөн Хятад гэлтгүй Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд орох зам хайх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл далайд гарцтай болох. Монголын нүүрс борлогдох боломж бий ч үнийн хувьд байдал хүнд байна. Мөддөө сэргэхгүй. Хамгийн чухал нь дэд бүтцээ сайжруулах явдал.

- ОХУ-ын хувьд Алс Дорнодод дэд бүтцийг хөгжүүлж, их хэмжээний хөрөнгө хаях төлөвтэй байна. Энэ чиглэлд манайх эдийн засгийн тоглолт хийх боломж хэр байна вэ?

Оросууд Сибирь болон Алс Дорнодыг байгалийнх нь баялгаар хөгжүүлнэ гэж зорьж байгаа. Гэхдээ Хятадын зах зээлийг хараад байгаа юм. Түүнчлэн хэд хэдэн чухал хэлэлцээрийг Япончуудтай хийх гэж байна. Хятадтай байгалийн хийн талаар ерөнхий хэлэлцээр хийсэн ч бодит гэрээ болж чадаагүй.

Монголын хувьд Алс Дорнодын зах зээл дээр ашигтай зүйл ховор. Зөвхөн нүүрс, төмрийн хүдэр хоёр дээр Оростой өрсөлдөж болно. Газрын тосны хувьд бүр ч ярилтгүй. Одоо үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан. Тэгэхээр шатахууны тал дээр манай улс хараат байдлаасаа мөддөө салахгүй гэсэн болгоомжлол байна.

- Манайхан ямар нэгэн зүйл төлөвлөхдөө маргалдсаар байгаад маш их цаг алддаг. Нүүрсэн дээр бид олигтой алхам хийхгүй явсаар үнэ нь уначихлаа. Харин одоо ураны талаар бас л болно, болохгүй хэмээн зөрөлдсөөр байна?

Энэ бол манай эдийн засгийн бодлогыг алдаг нэг том аюул. Саяхан нүүрсний зах зээл оргилдоо хүрчихсэн байхад алтан боломжийг алдсан. Ураны хувьд ч гэсэн сүүлийн гурван жил ямар ч ахиц гарсангүй. Монголд ураны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч орон болох бололцоо бүрэн бий. Занарын тухайд бас мөн чанарыг нь ойлгохгүй байна. Үүнийг зөв бодлоготой, олон нийтэд ил тод явуулах ёстой.

Ерөнхийдөө Монгол улс ховор металлын дэлхийн зах зээлийн томоохон тоглогч болох ирээдүй бий. Хамгийн гол нь мэргэжлийн хүмүүсээр ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна.